Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  2 ТИМОТ 1  2  3  4

 1 ТИМОТ (1 Timothy) 1

1 Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар болох Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би

2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод илгээв. Эцэг Бурхан болон бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай.

3 Би Македони уруу явахдаа Ефест үлдээч гэж чамаас хичээнгүйлэн гуйсны учир нь чи зарим хүмүүст хандан өөр хачин сургаал заахгүй байхыг,

4 итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юм.

5 Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм.

6 Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ.

7 Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж.

8 Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ.

9 Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид,

10 садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ.

11 Энэ нь надад даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээний дагуу юм.

12 Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан.

13 Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм.

14 Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бидний Эзэний нигүүлсэл нь бялхлаас илүү байв.

15 Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.

16 Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ Өөрийн төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм.

17 Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

18 Миний хүүхэд Тимот оо, чиний тухай урьд нь эш үзүүлсний дагуу тэдгээрээр чи сайн тэмцлээр тэмцэгтүн хэмээн би энэ тушаалыг чамд даалгаж байна.

19 Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим хүн эдгээрийг эсэргүүцэн, итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ.

20 Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.

 1 ТИМОТ (1 Timothy) 2

1 Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна.

2 Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно.

3 Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай.

4 Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг.

5 Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.

6 Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв.

7 Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ.

8 Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.

9 Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,

10 харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.

11 Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц.

12 Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг.

13 Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.

14 Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм.

15 Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.

 1 ТИМОТ (1 Timothy) 3

1 Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна.

2 Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай,

3 дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой.

4 Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх

5 (Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?)

6 бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий.

7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.

8 Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд

9 итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай.

10 Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог.

11 Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой.

12 Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг.

13 Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.

14 Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна.

15 Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн биеэ яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ.

16 Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө.
Махан биеэр илчлэгдсэн Тэр нь
Сүнс дотор зөвтгөгдсөн,
Тэнгэрт элч нарт харагдсан,
Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан,
Ертөнцөд итгэгдсэн,
Алдар дотор дээш авагдсан юм.

 1 ТИМОТ (1 Timothy) 4

1 Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.

2 Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж,

3 гэр бүл болохыг хориглодог, мөн итгэгч нар болон үнэнийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг хүмүүс болно.

4 Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй.

5 Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.

6 Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи өөрийн дагаж буй эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр тэжээгдэн Христ Есүсийн сайн үйлчлэгч байх болно.

7 Харин олиггүй, эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө сүсэглэлийн зорилгын төлөө дасгалжуул.

8 Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.

9 Энэ нь итгэмжит үг мөн.

10 Учир нь бид үүний төлөө ажилладаг, зүтгэдэг. Яагаад гэвэл бүх хүмүүсийн, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид өөрсдийн найдвараа тавьсан юм.

11 Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун.

12 Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол.

13 Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай.

14 Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм.

15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай.

16 Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна.

 1 ТИМОТ (1 Timothy) 5

1 Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин эцэг шигээ ятга. Залуусыг ах дүү шигээ,

2 настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор ханд.

3 Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай.

4 Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.

5 Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг.

6 Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна.

7 Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа.

8 Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм.

9 Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд жараас доошгүй настай,

10 сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай.

11 Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг.

12 Тэд анхныхаа итгэлийг хойш нь тавьсан учир шийтгэл хүлээнэ.

13 Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж.

14 Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд өгөхгүй байгаасай гэж хүсэж байна.

15 Учир нь зарим бэлэвсэн эмэгтэйчүүд хэдийн Сатаныг дагахаар эргэжээ.

16 Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.

17 Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.

18 Учир нь Судар "Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий", "Ажилчин хөлсөө авах нь зохистой" гэж хэлдэг.

19 Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.

20 Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.

21 Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья.

22 Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга.

23 Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ.

24 Зарим хүмүүсийн нүгэл тэднийг шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно.

25 Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Сайн бус үйлс нь далдлагдаж чадахгүй юм.

 1 ТИМОТ (1 Timothy) 6

1 Боол мэт буулган дор байгаа бүх хүмүүс өөрсдийн эздээ хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй.

2 Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ.
Эдгээрийг заа, сэнхрүүл.

3 Хэрэв хэн нэгэн нь өөр сургаал заавал, мөн бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба сүсэглэлд тохирох сургаалтай санал нэгдэхгүй байвал,

4 тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт,

5 ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, сүсэглэлийг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна.

6 Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн.

7 Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй.

8 Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.

9 Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг.

10 Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

11 Харин Бурханы эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ.

12 Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн.

13 Бүх юмсад амийг өгөгч Бурханы өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.

14 Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй, гэм зэмгүйгээр сахь.

15 Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна.

16 Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен.

17 Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.

18 Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа.

19 Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм.

20 Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Дэмий хоосон үг ярианаас хийгээд "мэдлэг" гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий.

21 Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.

 2 ТИМОТ (2 Timothy) 1

1 Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паул би

2 өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.

3 Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг.

4 Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг.

5 Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна.

6 Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

7 Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

8 Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд.

9 Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна.

10 Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэр үхлийг устган, амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан.

11 Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм.

12 Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.

13 Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга.

14 Чамд хариуцуулсан сайн юмсыг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.

15 Ази дахь бүх хүмүүс надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар байсан.

16 Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээж, миний гинжнээс ичээгүй.

17 Харин ч тэр Ромд байхдаа намайг хичээнгүйлэн хайж, олсон юм.

18 Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ. Тэр өдөр Эзэнээс өршөөлийг нь олохыг Эзэн түүнд зөвшөөрөх болтугай.

 2 ТИМОТ (2 Timothy) 2

1 Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.

2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.

3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.

4 Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй.

5 Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй.

6 Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.

7 Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.

8 Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай.

9 Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй.

10 Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ.

11 Энэ бол итгэмжит үг мөн.
Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,
Мөн Түүнтэй хамт амьд байх болно.

12 Хэрэв бид тэвчвэл,
Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.
Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,
Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.

13 Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол,
Тэр итгэмжит хэвээрээ байна.
Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.

14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа.

15 Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.

16 Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж.

17 Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна.

18 Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна.

19 Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь "Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг", "Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун" гэсэн тамгатай.

20 Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг.

21 Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно.

22 Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.

23 Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз.

24 Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж,

25 зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол

26 тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.


 2 ТИМОТ (2 Timothy) 3

1 Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.

2 Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,

3 үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,

4 тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно.

5 Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.

6 Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна.

7 Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.

8 Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм.

9 Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.

10 Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр,

11 хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм.

12 Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.

13 Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.

14 Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай.

15 Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.

16 Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.

17 Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.

 2 ТИМОТ (2 Timothy) 4

1 Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья.

2 Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл.

3 Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд

4 тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.

5 Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ.

6 Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна.

7 Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан.

8 Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.

9 Над уруу даруй ирэхийг хичээгээрэй.

10 Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.

11 Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.

12 Харин би Тухикийг Ефес уруу явуулсан.

13 Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир.

14 Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.

15 Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.

16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.

17 Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа.

18 Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.

19 Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

20 Ераст Коринтод үлдсэн. Харин Трофимын бие нь өвдсөн учир би түүнийг Милетэд орхив.

21 Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна.

22 Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.

 

#@#