Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13

 ЕВРЕЙ (Hebrews)  1

1 Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан

2 эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.

3 Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.

4 Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм.

5 Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ
"Чи бол Миний Хүү мөн.
Би Чамайг өнөөдөр төрүүлсэн" "Би Түүнд Эцэг нь болно.
Тэр Надад Хүү минь болно"

6 Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ
"Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн"

7 Тэр тэнгэр элч нарын тухай
"Тэр тэнгэр элч нараа салхи болгож,
үйлчлэгчдээ галын дөл болгодог"

8 харин Хүүгийн тухай
"Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед.
Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.

9 Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн.
Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээр
Таныг баяр баясгалангийн тосоор тослов"

10 Бас
"Эзэн, Та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд
тэнгэр Таны мутрын бүтээл билээ.

11 Тэд мөхөх боловч Та үлдэнэ.
Тэд бүгд хувцас адил хуучирна.

12 Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно.
Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө.
Харин Та хэвээрээ,
Таны жилүүд төгсөхгүй"

13 Харин Тэр тэнгэр элч нарын алинд нь хэзээ
"Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл
Миний баруун гарт залрагтун"

14 Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?

 ЕВРЕЙ (Hebrews)  2

1 Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой.

2 Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,

3 бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.

4 Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.

5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.

6 Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.
"Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?
Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

7 Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.
Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,
[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]

8 Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан"

9 Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.

10 Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.

11 Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд

12 "Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана,
Чуулганы дунд Таныг Би магтан дуулна",

13 мөн
"Би Түүнд найдна",
"Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун"

14 Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,

15 бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.

16 Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ.

17 Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.

18 Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.

 ЕВРЕЙ (Hebrews)  3

1 Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг бодогтун.

2 Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь Томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.

3 Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистой хэмээн тооцогдсон юм.

4 Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн.

5 Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.

6 Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна.

7 Тиймээс Ариун Сүнс
"Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,

8 Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адил
Та нар зүрхээ бүү хатуу болго.

9 Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж,
Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.

10 Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж,
"Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг.
Тэд Миний замыг мэдсэнгүй" гэж айлдав.

11 "Тэд Миний амралтад орохгүй" гэж Би хилэгнэн андгайлав"

12 Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.

13 Харин "Өнөөдөр" гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.

14 Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.

15 Энэ нь
"Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
Түүнийг уурлуулсны адил та нар зүрхээ бүү хатуу болго"

16 Учир нь сонссон атал Түүнийг уурлуулсан нь хэн билээ? Үнэндээ Мосегээр хөтлүүлэн Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?

17 Тэр дөчин жилийн турш хэнд уурласан бэ? Нүгэл үйлдэж, цөлд унасан тэдгээр хүмүүст уурласан биш үү?

18 Өөрийнхөө амралт уруу оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?

19 Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ.

 ЕВРЕЙ (Hebrews)  4

1 Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой.

2 Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ.

3 Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний
""Тэд Миний амралт уруу орохгүй" гэж
Би хилэгнэн андгайлсан"

4 Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ "Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав" гэжээ.

5 Тэнд бас "Тэд Миний амралт уруу орохгүй" гэсэн байна.

6 Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир

7 "Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
Зүрхээ бүү хатуу болго"

8 Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.

9 Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.

10 Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.

11 Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.

12 Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.

13 Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.

14 Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя.

15 Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.

16 Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.


 ЕВРЕЙ (Hebrews)  5

1 Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог.

2 Тэр өөрөө ч мөхөс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.

3 Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.

4 Ямар ч хүн өөртөө энэ хүндлэлийг авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг.

5 Түүнчлэн Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө алдаршуулаагүй, харин Түүнд
"Чи бол Миний Хүү мөн.
Би Чамайг өнөөдөр төрүүлэв"

6 бас өөр газар
"Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу
Мөнхийн Тахилч юм"

7 Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.

8 Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан.

9 Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд

10 Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн Тахилч болон өргөмжлөгдөв.

11 Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.

12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.

13 Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ.

14 Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ.

 ЕВРЕЙ (Hebrews)  6

1 Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж, төлөвшилт уруу тэмүүлцгээе. Ингэхдээ үхсэн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн,

2 баптисмууд болон гараа тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя.

3 Хэрэв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ.

4 Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон,

5 Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчүүдийг амссан атлаа,

6 дараа нь завхайрсан хүмүүс дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог ажээ.

7 Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг.

8 Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.

9 Хайрт хүмүүс минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралыг дагалддаг зүйлсийн талаар итгэлтэй байна.

10 Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.

11 Харин бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган,

12 хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.

13 Учир нь Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч тангараглах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангараглаж,

14 "Би үнэхээр чамайг ерөөн адислана. Би чамайг улам олон болгоно" гэж айлджээ.

15 Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ.

16 Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр тангарагладаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог.

17 Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсэн андгай өгчээ.

18 Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.

19 Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.

20 Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн Тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.

 ЕВРЕЙ (Hebrews)  7

1 Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.

2 Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд "Зөвт байдлын хаан", дараа нь Салемын хаан буюу "Энх тайвны хаан" авай.

3 Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.

4 Өвөг Абрахам олзныхоо дээжээс аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун.

5 Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах Хуулийн тушаалтай ажээ.

6 Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.

7 Гэтэл ямар ч маргаангүйгээр бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг юм.

8 Энэ нөхцөлд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэр нөхцөлд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна.

9 Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм.

10 Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсаар байв.

11 Хэрэв төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст Хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?

12 Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог ажгуу.

13 Учир нь өөрийнх нь талаар эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үүрэг гүйцэтгээгүй юм.

14 Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.

15 Хэрэв Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн юм бол энэ нь улам ч тодорхой юм.

16 Тэрээр махан биед хамаатай тушаалын хуулийн үндсэн дээр бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм.

17 Учир нь
"Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагуу
Мөнхийн Тахилч юм"

18 Учир нь нэг талаар урьдын тушаалыг хүчгүй ба ашиггүй байдлаас нь болж хүчингүй болгож буй бөгөөд

19 (учир нь Хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, энэхүү найдвараар дамжуулан бид Бурханд ойртдог.

20 Андгайгүй биш тул,

21 (үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь
"Эзэн тангарагласан бөгөөд
Өөрийн санаагаа өөрчлөхгүй.
Чи үүрд Тахилч байна"

22 тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.

23 Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо оршиж байсан. Яагаад гэвэл, тэднийг ажлаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болжээ.

24 Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул Өөрийн тахилчийн үүргийг байнга барьдаг.

25 Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.

26 Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв.

27 Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.

28 Учир нь Хууль мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол, харин Хуулийн дараа ирсэн андгайн үг нь мөнхөд төгс болгогдсон Хүүг томилдог билээ.

 ЕВРЕЙ (Hebrews)  8

1 Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн.

2 Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.

3 Учир нь тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй.

4 Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Яагаад гэвэл Хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг хүмүүс байсан.

5 Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр "Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар" гэсэн юм.

6 Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн.

7 Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.

8 Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод
""Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй
Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна" гэж Эзэн айлдаж байна.

9 "Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр
Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм.
Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд
Би тэднийг үл хайхрав" гэж Эзэн айлдаж байна.

10 Эзэн ийн айлдаж байна.
"Учир нь тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж,
Би тэдний зүрхэнд бичнэ.
Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.

11 Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд
"Эзэнийг мэд" гэж сургахгүй.
Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно.

12 Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй""

13 Тэр "шинэ" гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.

 ЕВРЕЙ (Hebrews)  9

1 Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ.

2 Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь "Ариун газар" хэмээгддэг юм.

3 Хоёр дахь хөшигний ард "Ариунаас Ариун газар" гэгддэг асар байв.

4 Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.

5 Өршөөлийн суудлыг халхлагч алдрын херубууд авдрын дээр байсан. Гэвч одоо энэ талаар нэг бүрчлэн ярьж чадахгүй.

6 Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд

7 харин хоёр дахь газарт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглүүдийн төлөө өргөх цусгүйгээр ордоггүй байжээ.

8 Эхний асар байж байхад ариун газар уруу орох зам нээгдээгүй хэвээр байгааг Ариун Сүнс харуулж байна.

9 Энэ нь одоо үеийн төлөөх билэгдэл байлаа. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанараар нь төгс болгож чадахгүй.

10 Энэ нь өөрчлөлтийн үе хүртэл тогтоогдсон хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махан биед хамаатай зарлигууд юм.

11 Харин Христ ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч болж, үзэгдэхдээ Тэрээр илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ.

12 Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон.

13 Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,

14 тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!

15 Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн гэм бурууг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.

16 Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өргөгдсөн байх ёстой.

17 Учир нь гэрээслэгч амьд байгаа цагт гэрээс нь хэзээ ч хүчин төгөлдөр болохгүй. Гэрээс нь тэдгээр хүмүүсийг үхсэний дараа хүчинтэй болох аж.

18 Тиймд анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.

19 Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,

20 "Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн" гэж хэлжээ.

21 Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав.

22 Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.

23 Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд эдгээрээр цэвэршүүлэгдэн, харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршүүлэгдэх шаардлагатай байв.

24 Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.

25 Тэргүүн тахилч жил бүр ариун газар уруу өөрийн бус цустай ордог шиг Тэр дандаа Өөрийгөө өргөх албагүй байв.

26 Тийм бишсэн бол, Тэр ертөнцийн сууриас хойш үргэлж зовох хэрэгтэй болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр нэг удаа үзэгдсэн юм.

27 Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил,

28 тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.

 ЕВРЕЙ (Hebrews)  10

1 Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй.

2 Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнтээ цэвэршүүлэгдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахилуудыг өргөхөө больсон байх байсан биш үү?

3 Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог.

4 Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.

5 Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ
"Та өргөл ба тахилыг хүсээгүй,
Харин Та Надад бие бэлдсэн.

6 Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй.

7 Тэгээд Би
"Үзэгтүн. Бурхан минь,
Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ.
Миний тухай хуйлмал номд бичигдсэн" гэж хэлсэн"

8 Дээрхийг хэлэхдээ "Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)" гэсэн.

9 Дараа нь Тэр "Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ" гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.

10 Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.

11 Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.

12 Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд

13 Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна.

14 Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.

15 Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр

16 "Эзэн айлдаж байна.
"Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина.
Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ"

17 цааш нь
"Би цаашид тэдний нүглүүд,
Тэдний хууль бус явдлыг санахгүй""

18 Эдгээр зүйлсийн уучлал байгаа газар нүглийн төлөөх тахил цаашид байхгүй болдог.

19 Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар,

20 Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,

21 мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул

22 бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё.

23 Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.

24 Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.

25 Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.

26 Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.

27 Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.

28 Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг.

29 Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?

30 Учир нь "Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө" гээд, дахиж "Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ" гэж айлдсан Түүнийг бид мэднэ.

31 Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.

32 Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун.

33 Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан.

34 Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан.

35 Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун.

36 Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.

37 "Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.
Тэр саатахгүй.

38 Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд
Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй"

39 Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.

 ЕВРЕЙ (Hebrews)  11

1 Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн.

2 Учир нь урьдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж.

3 Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.

4 Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.

5 Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Бурхан түүнийг дээш аваачсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ.

6 Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.

7 Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.

8 Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.

9 Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан.

10 Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн.

11 Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.

12 Тиймд мөн нэгэн эрээс, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй олон үрс заяажээ.

13 Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ.

14 Учир нь тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг.

15 Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан.

16 Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь Тэр тэдний төлөө хотыг бэлджээ.

17 Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.

18 Энэ нь түүнд "Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ" гэж айлдсан хүү нь байлаа.

19 Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм.

20 Итгэлээр Исаак ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ.

21 Итгэлээр, Иаков нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм.

22 Итгэлээр, Иосеф нас барж байхдаа Израилийн хөвгүүд дүрвэх тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг гэрээсэлсэн билээ.

23 Итгэлээр, Мосе төрөхөд түүнийг эцэг эх нь гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг харж, хааны зарлигаас айгаагүй.

24 Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.

25 Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.

26 Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа.

27 Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.

28 Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм.

29 Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив.

30 Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ.

31 Итгэлээр, янхан эм Рахаб туршуулуудыг амар тайван зочилсны дараа дуулгаваргүй хүмүүстэй хамт амь үрэгдээгүй юм.

32 Би бас юу ярих вэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.

33 Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,

34 галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.

35 Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв. Зарим хүмүүс илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм.

36 Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.

37 Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.

38 Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.

39 Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.

40 Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.

 ЕВРЕЙ (Hebrews)  12

1 Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.

2 Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.

3 Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ.

4 Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.

5 Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.
"Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.
Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.

6 Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.
Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг"

7 Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?

8 Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж.

9 Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?

10 Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм.

11 Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.

12 Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.

13 Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь.

14 Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.

15 Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.

16 Садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил.

17 Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.

18 Учир нь та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,

19 бүрээн хүнгэнэх дуу болон үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Энэ нь тэр чимээг сонссон хүмүүсийн дахиад ямар ч үг бүү айлдаач хэмээн зайлсхийж байсан тийм чимээ юм.

20 Учир нь тэд "Хэрэв амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн" гэсэн тушаалыг тэсвэрлэж чадаагүй юм.

21 Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе "Би айдаст автаж, чичирсэн" гэж хэлсэн.

22 Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар,

23 тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнснүүд уруу ирсэн.

24 Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр ярьдаг цацагдсан цус уруу ирсэн.

25 Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?

26 Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиож ганхуулсан. Харин эдүгээ Тэр "Би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ" гэж амласан.

27 "Дахиж нэг удаа" гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.

28 Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.

29 Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.

 ЕВРЕЙ (Hebrews)  13

1 Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье.

2 Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.

3 Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв.

4 Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.

5 Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө "Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй" гэж айлдсан.

6 Тиймд бид зоригтойгоор
"Эзэн миний туслагч мөн.
Би айхгүй.
Хүн намайг яах юм бэ?"

7 Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.

8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.

9 Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ.

10 Бидэнд тахилын ширээ бий. Асарт үйлчилдэг хүмүүс түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.

11 Учир нь ариун газар уруу цусыг нь нүглийн төлөөх тахил болгон тэргүүн тахилчийн авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм.

12 Тиймээс Есүс Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ.

13 Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё.

14 Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.

15 [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.

16 Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай.

17 Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.

18 Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.

19 Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж залбирахыг би хичээнгүйлэн гуйж байна.

20 Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан

21 Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.

22 Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин байж хүлээн аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ.

23 Бидний ах дүү болох Тимот суллагдсаныг дуулгая. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.

24 Бүх удирдагчиддаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.

25 Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.

 

#@#