Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  34  35  36  37  38  39  40  41  42  43  44  45  46  47  48  49  50  51  52  53  54  55  56  57  58  59  60  61  62  63  64  65  66  

 ИСАИА (Isaiah)  34

1 Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.
Ард түмнүүд ээ, чагнагтун.
Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.
Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.

2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,
уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,
тэднийг бүрмөсөн устгалаа.
Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,
тэдний цус нь ууланд нэвчив.

4 Тэнгэрийн бүх эрхэс устаж,
тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.
Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,
инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод,
Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.

6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.
Илд нь хурга ямааны цусаар дүүрч,
хуцын бөөрний өөхөнд цадав.
Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,
Едомын газарт их аллагатай ажээ.

7 Бас зэрлэг шар тэдэнтэй,
залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,
тэдний газар нь цусаар нэвчиж,
тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил,
өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

9 Едомын урсгалууд нь давирхай болж,
хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд
газар нь шатаж буй давирхай болно.

10 Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,
утаа нь мөнхөд суунаглана.
Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.

11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.
Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,
тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,
цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.

14 Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,
мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.
Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.

15 Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна.
Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.

16 ЭЗЭНий номноос олоод уншигтун.
Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,
нэг нь ч ижлээ алдахгүй.
Учир нь Түүний ам айлдаж,
Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.

17 Тэр тэдний төлөө шавга хаясан.
Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн.
Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,
үеийн үед энд орших болно.

 ИСАИА (Isaiah)  35

1 Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.

2 Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна.
Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө.
Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.

3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон,
суларсан өвдгийг бататгагтун.

4 Хулчгар зүрхтнүүдэд
"Зоригтой бай. Бүү ай.
Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.
Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна" гэж хэлэгтүн.

5 Тэгээд сохрын нүд нээгдэж,
дүлийгийн чих нь онгойно.

6 Тэгээд доголон хүн буга мэт дүүлж,
хэлгүй нь баяртайгаар хашхирна.
Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.

7 Хатсан газар цөөрөм болж,
цангасан газарт ус ундран,
цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.

8 Тэнд нэгэн их зам харгуй буй болж,
Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ.
Түүгээр бузар нь явахгүй,
тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.

9 Тэнд нэг ч арслан алга,
ямар ч махчин араатан гарч ирэхгүй.
Тэнд тэд олдохгүй.
Харин золигдогсод л түүгээр алхана.

10 ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж,
баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ.
Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна.
Уй гашуу, санаа алдалт зугтан одож,
тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.

 ИСАИА (Isaiah)  36

1 Хезекиа Хааны арван дөрөв дэх жилд, Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хот уруу довтлон ирж, эзлэн авав.

2 Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа Хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

3 Тэгэхэд Хилкиагийн хөвгүүн Елиаким, ордны даамал гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар түүн уруу очив.

4 Рабшаке тэдэнд
-Одоо Хезекиад хэл. "Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. "Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

5 "Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм" гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?

6 Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.

7 Хэрэв та нар надад "Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна" гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн "Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн" гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

8 Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.

9 Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

10 Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад "Энэ газрын эсрэг явж, устга" гэж айлдсан билээ"" гэв.

11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан
-Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

12 Гэтэл Рабшаке
-Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

13 Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран
-Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.

14 Хаан үүнийг хэлж байна. "Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй.

15 Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд "ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй" гэж буй ятгалгад бүү ор".

16 Ассирийн хаан ингэж өгүүлж байна. "Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

17 Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачна.

18 Хезекиа та нарыг "ЭЗЭН биднийг аварна" гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?

19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ?

20 Эдгээр газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?" гэв.

21 Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан "Түүнд бүү хариулагтун" гэж тушаасан байлаа.

22 Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

 ИСАИА (Isaiah)  37

1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.

2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.

3 Тэд Исаиад
-Хезекиа ингэж хэлэв. "Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.

4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч" гэжээ.

5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.

6 Исаиа тэдэнд
-Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. "Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.

7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана" гэв.

8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай "Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн" гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,

10 -Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. "Чиний итгэдэг Бурхан "Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй" хэмээн чамайг бүү мэхлэг.

11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

12 Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?" гэв.

14 Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

15 Хезекиа ЭЗЭНд залбиран,

16 "Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.

17 ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.

18 Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,

19 тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

20 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач" гэв.

21 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас

22 түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм.
"Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв.
Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.

23 Чи хэнийг басамжлан доромжилсон бэ?
Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв?
Израилийн Ариун Нэгэний эсрэг!

24 Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж,
"Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,
Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.
Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.
Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.

25 Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ" гэсэн.

26 Чи сонсоогүй юм уу?
Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм.
Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.
Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.

27 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон.
Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.

28 Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.

29 Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас
Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж,
ирсэн замаар чинь чамайг буцаана.

30 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.

31 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.

32 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ"" гэв.

33 Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.

34 Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

35 "Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно"" гэж хэлэв.

36 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.

37 Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.

38 Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

 ИСАИА (Isaiah)  38

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,
-ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн.

2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран,

3 "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач" гэж хэлээд, цурхиран уйлав.

4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,

5 -Явж, Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална"" гэж хэл.

7 ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.

8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.

9 Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.

10 "Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж,
өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо" гэж би хэлсэн.

11 "Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй.
Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй" гэж би хэлсэн.

12 "Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав.
Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.
Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

13 Өглөө болтол би тэвчивч,
Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

14 Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран,
тагтаа мэт гашуудаж байна.
Өөдөө ширтсээр миний нүд чилжээ.
Эзэн, би шаналж байна.
Миний хамгаалалт байгаач.

15 Би юу хэлэх вэ?
Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна.
Сэтгэлийнхээ гашуудлаас болж
би бүх он жилүүддээ төлөв даруу явна.

16 Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг.
Энэ бүхэнд миний сүнс бий.
Намайг эдгээж, амьдруулаач.

17 Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан.
Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав.
Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.

18 Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй,
үхэл Таныг магтаж чадахгүй.
Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.

19 Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө.
Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.

20 ЭЗЭН намайг заавал аварна.
Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш
бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно".

21 Одоо Исаиа
-Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв.

22 Тэгэхэд Хезекиа
-Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.

 ИСАИА (Isaiah)  39

1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.

2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.

3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,
-Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
-Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.

4 Исаиа
-Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
-Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.

5 Тэгэхэд Исаиа Хезекиад
-Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун.

6 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.

7 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно" гэжээ.

8 Тэгэхэд Хезекиа Исаиад
-Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно" гэж бодсон юм.

 ИСАИА (Isaiah)  40

1 "Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун" хэмээн
та нарын Бурхан айлдаж байна.

2 Иерусалимын зүрхэнд эелдэг ярь.
Түүний хүнд хүчир үүрэг дууссан,
түүний хилэнц зайлуулагдсан.
Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.

3 Хашхирагч нэгний дуу
"Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун.
Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун.

4 Хөндий бүр өргөгдөж,
уул толгод бүр нам болж,
барзгар газар нь тэгш,
гүдгэр газар тэгш хөндий бологтун.

5 Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж,
бүх махан бие хамтдаа үзнэ.
Учир нь ЭЗЭНий ам айлдлаа" гэв.

6 Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд
би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав.
Бүх махан бие нь өвс бөгөөд
түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.

7 ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж,
цэцэг гандана.
Хүмүүс үнэхээр өвс юм.

8 Өвс хатаж, цэцэг гандана.
Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.

9 Сайн мэдээг үүрэгч Сион оо!
Өндөр уулан дээр гарагтун.
Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа!
Дуугаа чанга өргөгтүн.
Өргөгтүн! Бүү айцгаа.
"Та нарын Бурхан энд байна" хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.

10 Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж,
мутраараа Өөрийнхөө төлөө захирна.
Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт,
хариу нь Түүний өмнө байна.

11 Тэр хоньчин мэт сүргээ хариулж,
Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд,
хургатай хонийг алгуур хөтөлнө.

12 Хэн усыг гарынхаа алганд хэмжиж,
тэнгэрийг төөлсөн бэ?
Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж,
уулсыг жинлүүрээр жинлэн,
толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?

13 Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан,
эсвэл Түүний зөвлөх нь болж,
Түүнийг сургасан бэ?

14 Хэнтэй Тэр зөвлөлдөн,
хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ?
Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж,
ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

15 Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд
дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог.
Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.

16 Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй,
араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.

17 Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,
тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.

18 Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?
Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?

19 Шүтээний хувьд гэвэл,
түүнийг дархан хүн цутгаж,
алтны дархан алтаар бүрж,
мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.

20 Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог.
Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.

21 Та нар мэдэхгүй гэж үү?
Та нар сонсоогүй гэж үү?
Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү?
Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?

22 Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ.
Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж,
майхан мэт дэлгэн оршдог.

23 Тэр захирагчдыг юу ч биш болгон,
газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.

24 Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд,
үндэс нь газарт үндэслэмэгц,
Тэр тэдэн уруу үлээдэг.
Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.

25 "Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж,
хэнтэй тэнцүүлэх вэ?" гэж Ариун Нэгэн айлдаж байна.

26 Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.
Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм.
Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

27 "Миний зам ЭЗЭНээс нуугдаж,
үйлсийг минь миний Бурхан мартсан" гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо?
Чи юунд ярина вэ, Израиль аа?

28 Чи мэдэхгүй гэж үү?
Чи сонсоогүй гэж үү?
Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм.
Түүний ухаан нь хязгааргүй.

29 Тэр ядарсанд тэнхээ өгч,
чадал дутагдсанд нь хүч нэмдэг.

30 Залуу хүн ч ядарч сульдан,
идэр хөвгүүд ч бүдэрдэг.

31 Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ.
Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.
Тэд гүйхдээ үл ядран,
алхахдаа үл цуцна.

 ИСАИА (Isaiah)  41

1 "Эргийн орнууд аа.
Намайг чимээгүй сонсогтун.
Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг.
Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.

2 Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ?
Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ?
Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг.
Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.

3 Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө.

4 Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ?
ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна.
Би бол Тэр мөн".

5 Эргийн орнууд үзээд айж,
дэлхийн хязгаарууд чичирлээ.
Тэд ойртон ирлээ.

6 Хүн бүр хөршдөө туслан,
ах дүүдээ "Зоригтой бай" гэж өгүүлнэ.

7 Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж,
лантуучин нь дөшчингөө зоригжуулна.
Гагнаасны талаар "Сайн байна" гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.

8 "Харин миний боол Израиль аа!
Миний сонгосон Иаков аа!
Миний найз Абрахамын үр удам аа!

9 Би чамайг дэлхийн хязгаараас авч,
хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн.
"Чи Миний боол.
Би чамайг сонгосон.
Чамайг голоогүй.

10 Би чамтай хамт байгаа тул бүү ай!
Өөрийнхөө талаар бүү санаа зов.
Учир нь Би чиний Бурхан.
Би чамайг тэнхрүүлж,
үнэхээр чамд тусална.
Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална".

11 Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй.
Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.

12 Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй.
Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй.

13 Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ.
Би чамд "Бүү ай. Би чамд тусална" гэж айлдаж байна.

14 Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ.
Би чамд тусална.
Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15 Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй,
шинэ, хурц лантуу болгоно.
Чи уулсыг бутлан, нунтаглаж,
толгодыг сүрэл мэт болгоно.

16 Чи тэднийг шигшинэ.
Салхи тэднийг хийсгэн,
шуурга тэднийг тараан хаяна.
Харин чи ЭЗЭНд баярлаж,
Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.

17 Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй.
Цангаснаас болж тэдний хэл хатжээ.
ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж,
Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.

18 Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж,
хөндийн дунд булаг ундраана.
Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож,
хатсан газрыг усны ундарга болгоно.

19 Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж,
цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана.

20 Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн,
Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан,
танин мэдэх болой.

21 "Ажил хэргээ танилцуулагтун" гэж ЭЗЭН айлдаж,
"Хүчтэй баримтуудаа авчрагтун" гэж Иаковын Хаан айлдаж байна.

22 Тэдгээрийг авчир.
Юу болж байгааг бидэнд хэлэг.
Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг.
Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье.
Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.

23 Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн.
Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.
Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн.
Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.

24 Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон.
Та нарыг сонгогч нь жигшүүртэй.

25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ.
Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна.
Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.

26 Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ?
"Тэр зөв" гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав?
Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй.

27 Анхнаас нь Сионд "Үзэгтүн. Тэд энд байна" гэж хэлж,
Иерусалимд "Сайн мэдээний элчийг Би өгсөн" гэсэн билээ.

28 Гэвч Намайг харахад хэн ч байсангүй.
Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга.

29 Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй.
Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.

 ИСАИА (Isaiah)  42

1 Миний өргөмжилсөн Зарц,
Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун.
Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина.
Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.

2 Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд
гудамжинд ч дуугаа сонсгохгүй.

3 Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй,
мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй.
Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.

4 Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй.
Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5 Тэнгэрийг бүтээж татаад,
дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн,
түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч,
түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

6 "Би бол ЭЗЭН.
Би чамайг зөвт байдалд дуудсан.
Би бас чиний гараас атгаад,
чамайг хамгаална.
Би чамайг ард түмний гэрээ болгож,
үндэстнүүдийн гэрэл болгоно.

7 Энэ нь сохрын нүдийг нээн,
гяндангаас хоригдлуудыг чөлөөлж,
харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

8 Би бол ЭЗЭН.
Энэ бол Миний нэр.
Би Өөрийн алдрыг бусдад,
Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

9 Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө,
эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна.
Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ".

10 ЭЗЭНд шинэ дуу дуулж,
Түүнийг газрын хязгаараас магтагтун.
Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн,
арлууд болон дээр нь оршин суугчид аа.

11 Цөл хийгээд түүний хотууд,
Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн.
Селагийн оршин суугчид чангаар дуулагтун.
Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөг!
Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!

13 ЭЗЭН дайчин мэт урагшилж,
дайнч мэт зүтгэн босож,
дуугаа өндөрлөн дайнд уухайлж,
Өөрийн дайсныг дарна.

14 Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа.
Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.

15 Би уул толгодыг хоослон,
тэдний бүх өвс ногоог хатаан,
гол мөрнийг нь арлууд болгож,
цөөрмүүдийг нь ширгээнэ.

16 Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан,
тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана.
Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон,
барзгар газрыг тэгш тал болгоно.
Энэ бол Миний хийх юм.
Би тэднийг хийлгүй орхихгүй.

17 Цутгамал хөргүүдийг "Та нар бидний бурхад" гэж хэлэгчид,
шүтээнүүдэд итгэгчид эргээд,
бүрмөсөн гутаагдана.

18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун!
Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

19 Миний боолоос өөр сохор хүн хэн бэ?
Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ?
Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор,
ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

20 Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй.
Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.

21 Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их,
алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

22 Гэвч энэ бол тонуулж,
дээрэмдүүлсэн ард түмэн.
Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан.
Тэд олз болсон.
Тэднийг хэн ч чөлөөлөхгүй.
Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч "Буцааж өг" гэж хэлэхгүй.

23 Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ?
Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?

24 Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?
ЭЗЭН биш гэж үү?
Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн.
Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй,
Түүний хуулийг дагаагүй.

25 Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав.
Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй.
Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.

 ИСАИА (Isaiah)  43

1 Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна.
Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан.
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи бол Минийх.

2 Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна.
Голоор туулахдаа чи живэхгүй.
Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,
дөл нь ч чамайг шатаахгүй.

3 Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН,
Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн.
Би чиний төлөө Египетийг золиослон,
Куш ба Шебаг чиний оронд өгөв.

4 Чи Миний нүдэнд үнэтэй,
хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч,
чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

5 Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна.
Би чиний үр удмыг дорно зүгээс авчран,
чамайг өрнө зүгээс цуглуулна.

6 Би умардад хандан "Тэднийг гаргаж өг" гээд,
өмнө зүгт хандан "Тэднийг буцахад нь бүү саатуулагтун" гэж айлдана.
Миний хөвгүүдийг алс холоос,
Миний охидыг газрын хязгаараас,

7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.
Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,
буй болгож, хийсэн юм".

8 Хэдийгээр нүдтэй боловч сохор,
чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.

9 Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа.
Тэдний дундаас хэн үүнийг зарлаж,
урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ?
Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг.
Тэд сонсоод "Энэ бол үнэн" гэдгийг хэлэг.

10 "Та нар бол Миний гэрч нар" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Та нар бол Миний зарц нар.
Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон.
Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.

11 Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.

12 Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ.
Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй.
Иймээс та нар Миний гэрч мөн" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Би бол Бурхан.

13 Өнө мөнхөөс Би бол Тэр юм.
Миний гараас аварч чадах хэн ч байхгүй.
Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?".

14 Израилийн ариун Нэгэн,
та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн,
тэднийг бүгдийг нь төдийгүй,
усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.

15 Би бол ЭЗЭН,
та нарын Ариун Нэгэн,
Израилийн Бүтээгч,
та нарын Хаан".

16 Тэнгис дундуур зам,
хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.

17 Тэр тэрэг ба морьд,
их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг.
(Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй.
Тэд зул мэт унтарч замхарна.)

18 "Урьдын юмыг бүү дурсагтун.
Өнгөрсөн юмыг бүү бодогтун.

19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ.
Одоо тэр нь бий болно.
Та нар үүнийг мэдээгүй гэж үү?
Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.

20 Хээрийн араатнууд, цөөвөр чоно,
тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.
Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч,
цөлөөр гол урсгав.

21 Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.

22 Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй.
Израиль аа, чи Миний төлөө ядраагүй.

23 Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй,
тахилаараа Намайг хүндэтгээгүй.
Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй,
утлагаар ядраагаагүй.

24 Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй,
тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй.
Харин чи нүглээрээ Намайг дарамталж,
хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.

25 Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.

26 Надад сануулагтун.
Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье.
Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.

27 Чиний анхны эцэг нүгэл үйлдэж,
чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.

28 Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж,
Иаковыг хараагдахаар,
Израилийг дооглуулахаар өгнө".

 ИСАИА (Isaiah)  44

1 Харин одоо Миний боол Иаков оо,
Миний сонгосон Израиль аа, сонсогтун.

2 ЭЗЭН чамайг бүтээж,
чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална.
Тэр ингэж айлдаж байна.
"Бүү айгтун, Миний боол Иаков оо,
Миний сонгосон Иешурун аа!

3 Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,
хуурай газар дээр горхи урсгана.
Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,
хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.

4 Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.

5 Энэ хүн "Би ЭЗЭНийх" гэж хэлнэ.
Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана.
Өөр хүн гар дээрээ "ЭЗЭНий харьяат" гэж бичин,
хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.

6 ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч,
түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
"Би бол эхэн, Би бол эцэс.
Надаас өөр Бурхан байхгүй.

7 Хэн Над шиг юм бэ?
Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг.
Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун.
Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.

8 Битгий түгшигтүн. Бүү ай.
Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү?
Та нар бол Миний гэрч нар.
Надаас өөр Бурхан байдаг уу?
Өөр Хад байдаг уу?
Би мэдэж байна, өөр байхгүй".

9 Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.

10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?

11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

13 Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.

14 Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг.

15 Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг.

16 Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад "Би дулаацлаа. Би гал үзлээ" гэж хэлдэг.

17 Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран "Та бол миний бурхан. Намайг авраач" гэж хэлдэг.

18 Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.

19 "Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?" гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.

20 Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд "Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?" гэж хэлж чаддаггүй.

21 "Иаков оо, эдгээрийг санагтун.
Израиль аа. Учир нь чи Миний боол.
Би чамайг бүтээсэн.
Чи Миний боол.
Израиль аа, Би чамайг мартахгүй.

22 Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт,
чиний нүглийг үүл мэт хөөсөн.
Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн".

23 ЭЗЭН үүнийг хийсэн учир,
тэнгэр ээ, баярлан хашхирагтун.
Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун.
Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун.
Учир нь ЭЗЭН Иаковыг аврав.
Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.

24 Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн,
чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН.
Би Өөрөө тэнгэрийг сунгаж,
дэлхийг ганцаараа дэлгэсэн.

25 Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж,
төлөгчдийг мунхгууд болгож,
мэргэдийн ухааныг устган,
тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.

26 Тэр Өөрийн боолуудын үгийг баталж,
элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ.
Би Иерусалимд хандан "Чи оршин суугчидтай болно",
Иудагийн хотуудад "Та нарыг босгох болно" гэсэн.
Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.

27 Би тэнгисийн усанд хандан
"Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ" гэж айлдсан.

28 Би Корешт хандан
"Тэр Миний хоньчин.
Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ" гэв.
Тэр Иерусалимд хандан "Чи босгогдоно",
мөн сүмд хандан "Чиний суурь нь тавигдана" гэж айлдана".

 ИСАИА (Isaiah)  45

1 ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж,
өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан,
дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн,
Өөрийн тослогдсон Корешт хандаж,

2 "Би чиний өмнө явж,
уулсыг тэгшлэн,
хүрэл хаалгыг эвдэж,
төмөр хаалтуудыг тастана.

3 Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан
Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд
Би чамд харанхуйн эрдэнэс,
нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

4 Миний боол Иаков,
Миний сонгосон Израилийн төлөө
Би мөн чамайг нэрээр чинь дуудсан.
Хэдийгээр чи Намайг танихгүй ч,
Би чамд хүндэт цол өгнө.

5 Би бол ЭЗЭН.
Өөр байхгүй.
Надаас өөр Бурхан байхгүй.
Хэдийгээр чи Намайг танихгүй ч,
Би чамайг хүчирхэгжүүлнэ.

6 Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй,
Би бол ЭЗЭН,
өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!

7 Би гэрлийг буй болгон,
харанхуйг бүтээж,
энх амгаланг тогтоон,
гай гамшгийг ч бүтээж байна.
Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.

8 Тэнгэр ээ, дээрээс шүрш.
Үүлс үнэн зөвийн бороо оруулаг.
Газар нээгдэж, авралыг ургуул.
Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг.
ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.

9 Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ!
Шавар сав нь газрын савнуудтай хамт байг.
Шавар нь ваарчиндаа "Чи юу хийж байна вэ?" гэж хэлэх үү?
Эсвэл хийж байгаа юм чинь "Тэр гаргүй юм байна" гэж хэлнэ гэж үү?

10 Эцэгтээ "Та юу төрүүлэв?",
ээждээ "Та юу гаргачихсан юм бэ?" гэж ярьдаг хүн хөөрхий еэ!".

11 Израилийн ариун Нэгэн,
Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун.
Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?

12 Дэлхийг бүтээж,
дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн.
Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд,
тэдний бүх эздийг нь томилов.

13 Би түүнийг үнэн зөвийн дотор босгон,
бүх замыг нь тэгшилнэ.
Тэр ямар ч хөлс,
шагналгүйгээр Миний хотыг барьж,
Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

14 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Египетийн бүтээгдэхүүн,
Кушийн наймаа,
өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж,
чинийх болно.
Тэд чиний араас явж,
гинжтэйгээ ирж,
чамд бөхийн мөргөж,
"Үнэхээр Бурхан чамтай хамт байна.
Өөр байхгүй.
Өөр Бурхан байхгүй" гэцгээнэ".

15 Израилийн Бурхан Аврагч минь,
үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

16 Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж,
хамтдаа гутамшиг болно.

17 Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно.
Та нар үүрд мөнх ичихгүй,
гутамшиг болохгүй.

18 Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.
(Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм.
Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд
хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.)
"Би бол ЭЗЭН. Өөр байхгүй.

19 Би харанхуй орны газраас нууцаар яриагүй.
"Хоосон газар Намайг хайгтун" гэж Би Иаковын үрд хэлээгүй.
ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна.
Зөв шударга юмсыг тунхаглаж байна.

20 Хамтдаа цуглаж ирцгээ.
Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо.
Аварч чадахгүй бурханд залбирч,
модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.

21 Тунхагла, танилцуул.
Тэд хамтдаа зөвлөлдөг.
Хэн эртнээс үүнийг мэдүүлж,
хэн урьдаас үүнийг тунхагласан бэ?
Энэ нь ЭЗЭН Би биш үү?
Надаас өөр Бурхан байхгүй.
Надаас өөр зөвт Бурхан,
Аврагч байхгүй.

22 Дэлхийн бүх хязгаар аа,
Над уруу эргэж аврагдагтун.
Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.

23 Би Өөрөөрөө тангарагласан.
Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй.
Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч,
хэл бүр тангараглана.

24 Миний тухай тэд
"Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий" гэж хэлнэ".
Хүмүүс Түүн уруу ирж,
Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.

25 ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.

 ИСАИА (Isaiah)  46

1 Бел бөхийж, Небо унана.
Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна.
Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.

2 Тэд бөхийж хамтдаа тонгойно.
Тэд ачаагаа ч аварч чадсангүй,
өөрсдөө ч олзлогдов.

3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.
Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,
Надаар төрсөн.

4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.
Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.
Би хийсэн, Би авч явна.
Би тээж, аварна.

5 Намайг та нар хэнтэй адилтгаж,
хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,
өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?

6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч,
мөнгийг жинлүүрээр жинлэн,
алтны дархныг хөлсөлдөг.
Дархан түүгээр нь бурхан хийдэг.
Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.

7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж,
байранд нь залдаг.
Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.
Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй,
мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.

8 Үүнийг санагтун. Тууштай байгтун.
Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.

9 Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.
Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.
Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.

10 Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,
хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн.
"Миний зорилго хэрэгжинэ.
Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ" гэж айлдаж байна.

11 Би дорно зүгээс махчин шувууг,
алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна.
Үнэхээр Би айлдсан.
Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.

12 Үнэн зөвөөс алс байгч,
хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.

13 Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна.
Энэ нь хол биш байна.
Миний аврал удахгүй.
Би Сионд авралыг соёрхож,
Израильд Өөрийн алдрыг өгнө.

 ИСАИА (Isaiah)  47

1 "Вавилоны онгон охин,
доош бууж шороон дээр суугтун.
Халдеичуудын охин,
сэнтийгүйгээр газар дээр суу.
Чамайг цаашид булбарай,
туяхан гэж хэлэхгүй.

2 Тээрмийн чулуу авч тариа тээрэмд.
Гивлүүрээ авч, банзлаа тайлан,
нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.

3 Чиний нүцгэн бие ил гарч,
чиний ичгүүр ч бас үзэгдэх болно.
Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна".

4 Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр,
Израилийн Ариун Нэгэн.

5 "Халдеичуудын охин,
дуугүй суу, харанхуй уруу яв.
Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.

6 Би Өөрийн ард түмэнд хилэгнэн,
Өөрийн өвийг жигшсэн.
Би тэднийг чиний гарт өгөв.
Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,
бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.

7 Тэгээд чи "Би мөнхөд хатан хаан байх болно" гэж хэлээд,
эдгээр зүйлсийг хайхарсангүй,
үүнийг дурсан санасангүй.

8 Тэгвэл одоо амарлингуй суугаад,
"Би байна, надаас өөр хэн ч байхгүй.
Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,
хүүхдээ алдахыг ч үзэхгүй" гэж зүрхэндээ өгүүлэгч,
тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.

9 Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ.
Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч
энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

10 Чи өөрийнхөө хилэнцэд найдан,
"Хэн ч намайг үзэхгүй" гэж өгүүлсэн.
Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ.
"Би байна, надаас өөр хэн ч байхгүй" гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

11 Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ.
Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана.
Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.

12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд,
ид шид дотроо чи одоо зогс.
Магадгүй чи ашиг олж болох юм.
Магадгүй чи чичрүүлж болох юм.

13 Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ.
Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож,
чам дээр буух юмнаас чамайг авраг.

14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна.
Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй.
Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.

15 Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж,
хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна.
Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй".

 ИСАИА (Isaiah)  48

1 Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс!
Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж,
Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.

2 Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд,
Израилийн Бурханд түшиж байна.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.

3 "Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан,
Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан.
Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.

4 Яагаад гэвэл чи зөрүүд,
чиний хүзүү чинь төмөр булчин,
магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

5 Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн.
"Миний шүтээн үүнийг хийсэн,
миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан" гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.

6 Чи сонссон.
Энэ бүгдийг харагтун.
Чи үүнийг зарлахгүй юу?
Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс,
тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

7 Тэдгээр нь урьд өмнө нь биш,
саяхан бүтээгдсэн юм.
Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.
"Хараач, би тэдгээрийг мэдэж байсан" гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.

8 Чи сонсоогүй, мэдээгүй.
Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан.
Учир нь чи бол урван тэрслэгч,
төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

9 Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,
Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн.
Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.

11 Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ.
Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ?
Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.

12 Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа.
Би бол Тэр мөн.
Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.

13 Миний мутар газрыг үндэслэн,
Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв.
Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

14 Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун.
Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ?
ЭЗЭН түүнийг хайрладаг.
Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна.
Түүний мутар халдеичуудын эсрэг байна.

15 Би, зөвхөн Би айлдсан.
Үнэхээр Би түүнийг дуудсан.
Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана.

16 Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!
Би эхнээсээ нууцаар яриагүй.
Энэ явдал болох үеэс Би тэнд байсан юм.
Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв".

17 Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн.
Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.

18 Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал,
чиний энх амгалан байдал гол мэт,
чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.

19 Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно.
Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй".

20 Вавилоноос гарч,
халдеичуудаас зугтаа!
"ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа" гэж баярт дуугаар зарлаж,
үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.

21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй.
Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж,
хадыг хагалан ус оргилуулав.

22 "Хилэнцтэнд амар тайван байхгүй" гэж ЭЗЭН айлдав.

 ИСАИА (Isaiah)  49

1 Арлууд аа. Намайг сонсогтун.
Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.
Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан.
Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.

2 Тэр Миний амыг хурц илд мэт болгон,
мутрынхаа нөмөрт Намайг далдалж,
шилмэл сум мэт болгон,
саадаг дотроо Намайг нуусан.

3 Тэр Надад "Израиль аа. Чи Миний Зарц.
Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна" гэж айлдав.

4 Харин Би
"Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.
Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,
Миний шагнал бол Бурхантай минь хамт юм" гэсэн.

5 Иаковыг Өөртөө буцаан авчирч,
Израилийг Өөртөө цуглуулахын тулд
Намайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.
(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.
Миний Бурхан Миний хүч болсон.)

6 Тэр "Иаковын овгуудыг босгон,
Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг.
Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно" гэв.

7 Үндэстнүүдэд үзэн ядагдсан,
басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч,
түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно,
ноёд ч мөн бөхийнө".

8 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Тааламжтай цагт Би Чамд хариулж,
авралын өдөр Би Чамд тусалсан.
Би Чамайг хамгаалан,
Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,
газрыг дахин сэргээж,
сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана.

9 Хоригдогсдод "Гарагтун" гэж, харанхуйд оршигч хүмүүст "Үзэгдэгтүн" гэж хэлнэ.
Замын дагуу тэд идээшлэн,
бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно.

10 Тэд өлсөхгүй, цангахгүй.
Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.
Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан,
усны ундарга уруу дагуулна.

11 Би Өөрийн бүх уулсыг зам болгож,
Өөрийн замуудыг босгоно.

12 "Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ".

13 Тэнгэр ээ, баярлан орилогтун.
Газар аа, баясагтун.
Уулс аа, бахдан дуулагтун.
Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд
Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.

14 Гэвч Сион "ЭЗЭН намайг хаясан.
Эзэн намайг мартсан" гэв.

15 "Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?
Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу?
Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй.

16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.
Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.

17 Чиний хөвгүүд яарна.
Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.

18 Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун.
Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна" ЭЗЭН тунхаглаж байна.
"Би Өөрийн амьд буйгаар тангараглая.
Чи тэднийг чимэглэл мэт зүүж,
сүйт бүсгүй мэт гоёх болно.

19 Учир нь эвдэрсэн хоосорсон балгас,
сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно.
Чамайг залгигчид холдоно.

20 Чиний хагацлын хүүхдүүд чихэнд чинь
"Энэ газар надад хэтэрхий давчуу байна.
Надад амьдарч болох өрөө өгөөч" гэж хэлнэ.

21 Тэгэхэд чи зүрхэндээ
"Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ?
Хэн тэднийг өсгөх вэ?
Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан.
Тэд хаанаас ирсэн бэ?" гэж хэлнэ".

22 Эзэн БУРХАН айлдаж байна.
"Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн,
ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно.
Тэд чиний хөвгүүдийг энгэртээ,
охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

23 Хаад чиний тэжээгчид,
гүнжүүд нь чиний өрлөг эх болж,
чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн,
хөлийн чинь тоосыг долооно.
Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.
Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.

24 Хүчтэй хүнээс олзыг нь авч,
харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?"

25 Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч,
харгислагчдаас олзыг нь аварна.
Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж,
хөвгүүдийг чинь аврах болно.

26 Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно.
Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно.
ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч,
Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно".

 ИСАИА (Isaiah)  50

1 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ?
Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ?
Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан,
та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.

2 Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв?
Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв?
Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу?
Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу?
Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж,
гол мөрнийг говь болгосон.
Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн,
цангаж үхнэ.

3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин,
бүтээлгийг нь таар болгосон".

4 Ядарсан хүнд үгээр хэрхэн
туслахыг мэдээсэй хэмээн
Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.
Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.

5 Эзэн БУРХАН Миний чихийг нээв.
Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.

6 Цохигчдод Би нуруугаа өгч,
сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.
Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг.
Тийм учраас Би ичихгүй.
Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана.
Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.

8 Намайг Зөвтгөгч ойрхон байна.
Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя.
Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг.

9 Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг.
Хэн Намайг яллах вэ?
Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.

10 Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч,
Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж,
харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ?
Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж,
өөрийн Бурханд найдагтун.

11 Үзэгтүн, гал ноцоож,
бамбаруудаар өөрсдийгөө хүрээлэгч та нар бүгдээрээ галынхаа гэрэлд,
ноцоосон бамбаруудынхаа дундуур алхагтун.
Үүнийг чи Миний мутраас авна.
Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.

 ИСАИА (Isaiah)  51

1 "Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа.
Намайг сонсогтун.
Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун.

2 Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун.
Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм.

3 Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж,
түүний бүх хоосон газрыг ч энэрнэ.
Тэр зэлүүд талыг Еден шиг,
цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно.
Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.

4 Миний ард түмэн, Надад анхаарал тавь.
Миний үндэстэн, Над уруу чих тавигтун.
Учир нь хууль Надаас гарна.
Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно.

5 Миний үнэн зөв нь ойр байна.
Миний аврал гарч ирж байна.
Миний мутар ард түмнүүдийг шүүнэ.
Эргийн нутгууд Намайг хүлээн,
тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.

6 Тэнгэр өөд харагтун.
Дараа нь доош, газар уруу харагтун.
Учир нь тэнгэр утаа мэт алга болж,
газар хувцас мэт хуучирна.
Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.
Харин Миний аврал мөнхөд байж,
Миний үнэн зөв мөхөхгүй.

7 Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн
Намайг сонсогтун.
Хүний зэмлэлээс бүү ай.
Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.

8 Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж,
ноос мэт тэднийг өт хорхой иднэ.
Харин Миний үнэн зөв мөнхөд байж,
Миний аврал нь бүх үед байна".

9 Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь!
Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн.
Рахабыг хэсэгчин тастаж,
лууг цоо хатгасан нь Та бус уу?

10 Далай тэнгис, их гүний усыг хатаан,
аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?

11 ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж,
баяртайгаар дуулан Сион уруу ирнэ.
Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна.
Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд
гашуудах, санаа алдах нь зугтан одно.

12 "Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн.
Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?

13 Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?
Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу?
Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?

14 Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй.

15 Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)

16 Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан "Чи бол Миний ард түмэн" гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан".

17 Өөрөө босогтун. Өөрөө босогтун.
Сэрэгтүн, Иерусалим аа.
Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан.
Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй,
ёроолд нь хүртэл уусан.

18 Төрүүлсэн бүх хөвгүүдийнх нь дунд түүнийг хөтлөх хүн алга.
Өсгөсөн бүх хөвгүүдийнх дунд түүнийг гараас нь түших хүн ч алга.

19 Ийм хоёр юм чам дээр уналаа.
Чиний төлөө хэн гашуудах вэ?
Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.
Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?

20 Чиний хөвгүүд муужран,
торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.
Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.

21 Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.

22 Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн,
чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан.
Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.

23 "Доош хэвт. Бид чам дээгүүр алхана" гэж чамд хэлж байсан,
чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө.
Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт,
гудамж мэт болгосон".

 ИСАИА (Isaiah)  52

1 Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо.
Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун.
Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс.
Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.

2 Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа.
Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна".

4 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. "Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав.

5 Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?" гэж ЭЗЭН айлдав. "Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог" гэж ЭЗЭН айлдав.

6 "Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр "Би энд байна" гэж айлдагч нь Би юм".

7 Энх амгаланг тунхаглаж,
аз жаргалын сайн мэдээг авчран,
авралыг зарлаж,
"Чиний Бурхан хаанчилна" гэж Сионд өгүүлэх
сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?

8 Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна.
ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно.

9 Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа.
Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан.

10 ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв.
Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.

11 Явагтун, явагтун. Тэндээс гарагтун!
Бузар юманд бүү хүрэгтүн!
Түүний дундаас гарагтун!
ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!

12 Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун.
Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна.
Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.

13 Үзэгтүн,
Миний зарц ухаалгаар үйлдэнэ.
Тэр өргөмжлөгдөж,
хүндэтгэгдэн үлэмж магтагдана.

14 Түүний төрх нь аливаа хүнийхээс,
Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас
олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.

15 Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган,
Түүнээс болж хаад амаа хамхина.
Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж,
тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.

 ИСАИА (Isaiah)  53

1 Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?
ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?

2 Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,
хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.
Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.
Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.

3 Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.
Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.
Бид нүүрээ Түүнээс нуусан.
Тэр үзэн ядагдаж,
бид Түүнийг хүндэтгээгүй.

4 Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,
бидний уй гашууг даав.
Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,
цохигдож, зовсон гэж бодов.

5 Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,
бидний гэмийн төлөө бяцарчээ.
Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,
Түүний шархаар бид эдгэрсэн.

6 Бид бүгдээрээ хонь мэт төөрч,
хүн бүр өөрийн замаар явав.
Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.

7 Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.
Алагдахаар хөтлөгдөх хурга шиг,
хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.

8 Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.
Хэн Түүний үр удмын тухай бодох вэ?
Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож,
амьдын газраас таслагдсан.

9 Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч,
Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан.
Тэр хүчирхийлэл үйлдээгүй.
Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй.

10 Гэвч Түүнийг няцалж,
өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.
Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,
Тэр үр удмаа үзэж,
Өөрийн өдрүүдийг уртасган,
ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.

11 Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж,
сэтгэл нь ханах болно.
Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж,
тэдний нүглийг нь үүрэх болно.

12 Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна.
Тэр олзыг хүчтэнтэй хуваана.
Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж,
хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон.
Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж,
хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.

 ИСАИА (Isaiah)  54

1 "Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун.
Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун.
Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.

2 "Майхныхаа талбайг өргөтгөн,
сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун.
Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.

3 Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж,
чиний үр удам үндэстнүүдийг эзлэн,
хаягдсан хотуудад нь суурьшина.

4 Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй.
Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй.
Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж,
бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.

5 Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч.
Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН.
Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.

6 ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт,
залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан" гэж чиний Бурхан айлдаж байна.

7 "Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.

8 Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч,
мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ" гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.

9 "Энэ нь Миний хувьд,
Ноагийн өдрүүд мэт бөгөөд
тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан.
Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.

10 Уулс ганхаж, толгод доргивч,
Миний энэрэл хайр чамаас салахгүй,
Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй" гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.

11 "Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ.
Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.

12 Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар,
дааман хаалгуудыг болроор хийж,
хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.

13 Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,
чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.

14 Үнэн зөв дотор чи байгуулагдаж,
дарлал зовлонгоос хол байна.
Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна.
Учир нь аюул чамд ойртохгүй.

15 Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал,
тэр нь Надаас биш юм.
Чам уруу халдагч нь чамаас болж унана.

16 Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн.
Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.

17 Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй.
Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана.
Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм" гэж ЭЗЭН зарлиг болгов.

 ИСАИА (Isaiah)  55

1 "Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн.
Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн.
Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.

2 Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ?
Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ?
Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.

3 Чихээ нээ! Над уруу ир!
Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун.
Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.

4 Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно.

5 Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж
чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан,
чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ.
Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм".

6 Олдож болох үед нь
ЭЗЭНийг хайгтун.
Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.

7 Хилэнцтэн нь өөрийн замаа,
шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод,
ЭЗЭН уруу эргэх болтугай.
Түүнийг Тэр өрөвдөнө.
Бидний Бурхан уруу эргэгтүн.
Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.

8 "Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш.
Миний зам нь та нарын замаас өөр" гэж ЭЗЭН айлдаж байна.

9 Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг,
Миний зам та нарын замаас,
Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.

10 Бороо, цас тэнгэрээс бууж ирээд,
газрыг услахгүйгээр буцдаггүй шиг,
(харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг,
идэгчид талхыг нь хангадаг.)

11 Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр,
илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.

12 "Учир нь чи баяртайгаар гарч явж,
амар тайвнаар хөтлүүлнэ.
Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,
талын бүх модод алга ташицгаана.

13 Өргөст бутны оронд нарс,
халгайн оронд мирт л ургана.
Энэ бол ЭЗЭНд нэр,
үл устах мөнхийн тэмдэг болно".

 ИСАИА (Isaiah)  56

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн.
Учир нь Миний аврал ирэх гэж байна.
Миний үнэн зөв нь илэрхийлэгдэнэ.

2 Үүнийг үйлдэгч хүн,
үүнээс зуурагч хүний хөвгүүн,
амралтын өдрийг бузарлалгүй сахигч,
аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!"

3 ЭЗЭНтэй нэгдсэн харь хүн
"ЭЗЭН намайг Өөрийнхөө хүмүүсээс гарцаагүй салгана" гэж бүү хэлэг.
Тайган хүмүүс "Үзэгтүн, би хувхайрсан мод" гэж бүү өгүүлэг.

4 Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.
"Миний амралтын өдрийг сахин,
Надад тааламжтайг сонгон,
Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст

5 Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө.
Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.

6 ЭЗЭНд үйлчилж,
ЭЗЭНий нэрийг хайрлан,
Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин
Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг

7 Би Өөрийн ариун ууланд аваачин,
Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно.
Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана.
Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ".

8 Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна.
"Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна".

9 Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн.

10 Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй.
Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай,
хэвтээд мөрөөдөгчид юм.

11 Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход.
Тэд ухаангүй хоньчид.
Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн,
хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.

12 "Ирэгтүн. Дарс авчирч, согтотлоо архи ууцгаая.
Маргааш өнөөдөр шиг л байх болно.
Бүр ч элбэг болно" гэж тэд хэлдэг.

 ИСАИА (Isaiah)  57

1 Зөв шударга хүн мөхдөг,
үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.
Сүсэгтэй хүмүүсийг авч явахад хэн ч үл ойлгоно.
Зөв шударга хүнийг муугаас холдуулж,

2 амар амгаланд аваачна.
Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.

3 Харин илбэчин эмийн хөвгүүд,
садар самуун, янхнуудын үр сад аа,
нааш ирэгтүн.

4 Та нар хэнийг шоолж,
хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ?
Та нар тэрслэгчийн хүүхдүүд,
худал хуурмагийн үр удам бөгөөд

5 царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж,
хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?

6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.
Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.
Чи тэдэнд ундаан өргөл асгаж,
идээн өргөл өргөсөн билээ.
Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?

7 Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж,
тахил өргөхийн тулд тийшээ гарсан.

8 Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан.
Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн.
Дээш гарч, ороо өргөсгөн,
өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон,
тэдний оронд дурлан,
нүцгэн биеийг нь харсан билээ.

9 Чи хаан уруу тостой очиж,
үнэртнээ нэмэгдүүлсэн.
Чи элчингүүдээ алс хол газар илгээн,
Үхэгсдийн орон уруу буулгасан.

10 Замын уртад чи ядарсан боловч,
"Найдлага тасарлаа" гэж хэлээгүй.
Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.

11 "Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй,
худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ?
Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?

12 Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана.
Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.

13 Орилж хашхирахад чинь чамайг шүтээний цуглуулга чинь авраг!
Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж,
амьсгал ч тэднийг авна.
Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн,
Миний ариун уулыг эзэмшинэ".

14 "Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн.
Миний ард түмний замаас саадыг зайлуул" гэж хэлэгдэх болно.

15 Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав.
"Би дорд нэгний сүнсийг сэргээж,
гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд
гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.

16 Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй.
Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.

17 Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон.
Би нууж уурлаж байсан.
Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.

18 Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ.
Би түүнийг удирдаж,
түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж,

19 уруулын магтаалыг бүтээнэ.
Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай.
Би түүнийг эдгээнэ" гэж ЭЗЭН айлдаж байна.

20 Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм.
Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй,
ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ.

21 "Хилэнцтэнд амар амгалан байхгүй" гэж миний Бурхан айлдаж байна.

 ИСАИА (Isaiah)  58

1 "Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун.
Дуугаа бүрээ мэт чангалан,
Миний ард түмэнд гэм бурууг нь,
Иаковын гэрт нүглийг нь зарлагтун.

2 Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж,
Миний замыг мэдэхийг хүсдэг.
Тэд зөв шийдвэрийн төлөө Надаас гуйж,
Бурханы ойр байх хүсэлтэй ажээ.

3 "Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ?
Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?" гэдэг.
Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг.

4 Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж,
хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг.
Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй.

5 Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү?
Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн,
үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү?
Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр,
мацаг барилт гэж нэрлэдэг юм уу?

6 Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан,
буулганы оосрыг тайлан,
дарлагдагсдыг чөлөөлж,
аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?

7 Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,
орон гэргүй ядуусыг гэртээ оруулан,
нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?

8 Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч,
чиний эдгэрэлт үтэр түргэн болж,
чиний үнэн зөв өмнө чинь явж,
ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

9 Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж,
чамайг хашхирахад Тэр "Би энд байна" гэж айлдана.
Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж,
хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол,

10 хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч,
зовогсдын сэтгэлийг цатгавал,
чиний гэрэл нь харанхуйд мандаж,
чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно.

11 ЭЗЭН чамайг ямагт удирдан,
хатсан газарт чиний хүслийг хангаж,
чиний ясанд тэнхээ өгнө.
Чи усалсан цэцэрлэг мэт,
ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.

12 Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн,
олон үеийн сууриудыг босгоно.
Тэгээд чамайг "Цөмөрхийг сэргээн босгогч,
оршин суух гудамжийг засагч" гэж нэрлэнэ.

13 Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж,
Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал,
амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж,
өөрийн замаар явалгүй,
өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй,
энэ өдрийг хүндэтгэвэл,

14 чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авна.
Би чамайг газрын өндөрлөгүүдээр аялуулан,
эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ" гэж ЭЗЭНий ам айлдсан юм.

 ИСАИА (Isaiah)  59

1 Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ.
Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.

2 Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,
та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ.
Тийм учраас Тэр сонсдоггүй.

3 Учир нь та нарын гар цусаар,
та нарын хуруу нүглээр бузарлагдсан.
Та нарын уруул худал ярьж,
та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.

4 Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,
хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.
Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.
Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.

5 Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.
Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.
Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.

6 Тэдний тор нь хувцас болохгүй.
Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй.
Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.

7 Тэдний хөл нь муу уруу гүйн,
гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.
Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд
тэдний замд эвдрэл, сүйрэл бий.

8 Тэд энх тайвны замыг мэдэхгүй,
тэдний замд нь шударга ёс гэж байхгүй.
Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.

9 Ийм учраас шударга ёс биднээс хол,
үнэн зөв нь бидэнд хүрэхгүй.
Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг,
хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.

10 Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн,
нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ.
Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч,
хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.

11 Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн,
тагтаа мэт гашуудна.
Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга.
Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.

12 Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөд
бидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг.
Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг.
Бид өөрсдийн хилэнцийг мэднэ.

13 Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн,
Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин,
босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.

14 Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.
Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.

15 Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна.
Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов.
ЭЗЭН үүнийг хараад,
шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.

16 Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад,
тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа.
Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран,
Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.

17 Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн,
авралын дуулгыг тэргүүнд нь тавив.
Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн,
зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.

18 Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн,
Өөрийн дайснуудад өшөө хонзон,
эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.

19 Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн,
наран ургах зүгт тэд Түүний алдраас айна.
Дайсан голын урсгал мэт ирвэл
ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.

20 "Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ" гэж ЭЗЭН тунхаглав.

21 "Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ" хэмээн ЭЗЭН айлдаж байна. "Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.

 ИСАИА (Isaiah)  60

1 "Бос, гэрэлт.
Учир нь чиний гэрэл ирж,
ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна.

2 Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн,
гүн харанхуй хүмүүсийг хучсан.
Гэвч ЭЗЭН чиний дээр мандан,
Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ.

3 Үндэстнүүд чиний гэрэл уруу,
хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.

4 Нүдээ өргөн орчин тойрноо харагтун.
Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна.
Чиний хөвгүүд алс холоос ирнэ.
Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.

5 Чи харж, царай чинь гэрэлтээд,
чиний зүрх хөдлөн, баясна.
Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж,
үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.

6 Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ.
Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ.
Тэд алт хийгээд гүгэл авчран,
ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ.

7 Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч,
Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ.
Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн,
Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.

8 Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?

9 Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана.
Чиний Бурхан ЭЗЭНий нэр,
Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт,
мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ.
Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм.

10 Харийнхан хана хэрмийг чинь босгон,
тэдний хаад чамд үйлчилнэ.
Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч,
өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно.

11 Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж
Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч
хаад нь цувааг хөтөлж ирнэ.

12 Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө.
Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.

13 Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд
Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ.
Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.

14 Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн,
чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө.
Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.

15 Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж,
хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч,
Би чамайг мөнхийн бахархал,
үеэс үед баяр хөөр болгоно.

16 Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн,
хаадын мээмийг хөхнө.
Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч,
чиний Чөлөөлөгч,
Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.

17 Би чамд зэсийн оронд алт,
төмрийн оронд мөнгө,
модны оронд зэс,
чулууны оронд төмөр авчирч,
чиний төр баригчдыг амар амгалан болгон,
чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно.

18 Чиний нутагт хүчирхийлэл,
хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.
Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,
дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

19 Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,
сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино.
Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,
чиний Бурхан чиний алдар болно.

20 Хойшид чиний нар шингэхгүй,
сар чинь хавиргалахгүй.
Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,
чиний гашуудлын өдрүүд төгсөнө.

21 Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж,
газрыг мөнхөд эзэмшинэ.
Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир,
Миний мутрын бүтээл юм.

22 Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж,
хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно.
ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно".

 ИСАИА (Isaiah)  61

1 Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна.
Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм.
Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн,
олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,
хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,

2 мөн ЭЗЭНий тааламжит жил,
бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан,
бүх гашуудагчийг тайвшруулан,

3 Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,
гашуудлын оронд баяр хөөрийн тос,
гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.
Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,
ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.

4 Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож,
урьдын эвдэрсэн газруудыг янзалж,
олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.

5 Харь хүмүүс босож,
та нарын сүргүүдийг хариулна.
Харийн хөвгүүд та нарын тариаланч,
усан үзэмчид болцгооно.

6 Харин та нар ЭЗЭНий тахилч нар,
бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн,
үндэстнүүдийн эд баялгийг идэн,
тэдний хөрөнгөөр сайрхах болно.

7 Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч,
доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна.
Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин,
мөнхийн баяр баясгалан тэднийх болно.

8 Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж,
хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг.
Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө.
Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.

9 Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор,
тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.
Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.

10 Би ЭЗЭНий дотор ихэд бахдан,
сэтгэл минь миний Бурханд баярлана.
Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж,
сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг,
Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож,
авралын хувцсаар хувцасласан юм.

11 Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан,
цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг
Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.

 ИСАИА (Isaiah)  62

1 Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт,
аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэл
Сионы төлөө Би дуугүй байхгүй,
Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.

2 Үндэстнүүд чиний үнэн зөвийг,
бүх хаад чиний алдрыг үзнэ.
ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.

3 Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм,
өөрийн Бурханы мутар дахь цэцгэн хэлхээ болно.

4 Үүнээс хойш чамайг "Мартагдсан" хэмээн,
чиний газрыг "Эзгүй зэлүүд" гэж хэлэхгүй.
Харин чамайг "Түүний доторх Миний баяр хөөр" гээд,
чиний газрыг "Гэрлэсэн" гэж нэрлэнэ.
Учир нь ЭЗЭН чамд баярлан,
чиний газар гэрлэх болно.

5 Учир нь залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг чиний хөвгүүд чамтай гэрлэнэ.
Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана.

6 Иерусалим аа,
Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив.
Тэд бүх л өдөржин,
бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй.
ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.

7 Тэр Иерусалимыг босгож,
байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.

8 ЭЗЭН Өөрийн баруун мутар,
хүчит гараараа тангараглав.
"Би чиний үр тариаг дахин хэзээ ч дайснуудад чинь хоол болгон өгөхгүй.
Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг харийн хөвгүүд уухгүй.

9 Харин үр тариа хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана.
Усан үзмийг хураагчид нь үүнийг Миний ариун газрын хашаан дотор ууна".

10 Дааман хаалгаар орцгоо, орцгоо.
Хүмүүсийн замыг цэвэрлэ.
Зам тавьцгаа, тавьцгаа.
Чулууг нь зайлуулагтун.
Хүмүүсийн дээр туг босгогтун.

11 Үзэгтүн,
ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан
"Хөөе. Чиний аврал ирж байна.
Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна" гэж Сионы охинд айлдав.

12 Тэд "ЭЗЭНий аварсан ариун ард түмэн" гэж нэрлэгдэх болно.
Чи "Хаягдаагүй хот, Эрэлчин" гэж нэрлэгдэнэ.

 ИСАИА (Isaiah)  63

1 Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ?
Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ?
"Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна".

2 Таны дээл яагаад улаан,
Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?

3 "Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд,
ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.
Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж,
уурлан тэднийг дэвсэлсэн.
Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч,
Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.

4 Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөд
Миний золилтын жил ирсэн бөлгөө.

5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.
Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан.
Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран,
Миний уур хилэн Намайг дэмжив.

6 Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн,
уураараа тэднийг согтоон,
тэдний шүүсийг газарт асгасан юм".

7 Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан,
ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд
Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав.
Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.

8 "Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд
худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм" гэж Тэр айлдав.
Тэгээд Тэр тэдний Аврагч болов.

9 Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд
Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан.
Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан.
Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.

10 Харин тэд эсэргүүцэн,
Түүний Ариун Сүнсийг гомдоов.
Тийм учраас Тэр эргэн,
тэдний дайсан болж,
тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.

11 Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн
эртний өдрүүдийг дурсан санасан.
Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?
Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?

12 Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ?
Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,

13 тэднийг гүн усан дундуур хэн удирдав?
Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.

14 Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.
Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.

15 Та тэнгэрээс доош харж,
Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.
Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?
Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.

16 Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй,
Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ.
Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг.
Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.

17 Өө, ЭЗЭН,
Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн,
бидний зүрхийг хатууруулан,
Танаас эмээхгүй болгосон юм бэ?
Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.

18 Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн.
Бидний дайснууд нураан гишгэсэн.

19 Танд хэзээ ч захирагдаж байгаагүй,
Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.

 ИСАИА (Isaiah)  64

1 Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл,
Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.

2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,
ус буцалгадаг гал адил
Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд
Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.

3 Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,
Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.

4 Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй,
чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.

5 Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч,
Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг.
Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,
үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан.
Бид аврагдах болов уу?

6 Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг.
Бид бүгдээрээ навч мэт хатаж,
бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.

7 Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга.
Учир нь Та биднээс нүүрээ нууж,
биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.

8 Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ.
Бид шавар, Та бол бидний ваарчин.
Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.

9 ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч.
Нүглийг үүрд бүү дурсаач.
Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.

10 Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо.
Иерусалим эзгүйрлээ.

11 Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ.
Бидний бүх үнэт юмс нуранги боллоо.

12 ЭЗЭН минь. Эдгээрийг Та тэвчсээр байх уу?
Та дуугүй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?

 ИСАИА (Isaiah)  65

1 "Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,
Намайг эрээгүй хүмүүст Би олдов.
Миний нэрийг дуудаагүй үндэстэнд
"Би энд байна, Би энд байна" гэж Би айлдав.

2 Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч,
бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.

3 Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон,
цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,

4 булшнуудын дунд сууж,
нууц газруудад шөнийг өнгөрөөн,
гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,

5 "Зогс. Над уруу бүү ойртогтун.
Учир нь би чамаас илүү ариун" гэж хэлдэг.
Тэд бол Миний хамарт үнэртэх утаа,
бүх л өдөржин шатдаг гал юм.

6 "Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн.
Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө.
Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.

7 Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө" гэж ЭЗЭН айлдаж байна.
Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан,
толгод дээр Намайг доромжилсон.
Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө".

8 ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Хонхорцог дотор шинэ дарс олдвол
"Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна" хэмээн хүн өгүүлдэг мэт,
Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж,
тэднийг бүгдийг нь устгахгүй.

9 Би Иаковаас үр удмыг нь,
Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.
Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн,
Миний зарц нар тэнд амьдарна.

10 Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр,
Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.

11 Харин ЭЗЭНийг орхин,
Миний ариун уулыг мартан,
Аз завшааны төлөө ширээ засаж,
Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,

12 Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад
та нар бүгдээрээ аллагад бөхийнө.
Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй.
Би айлдсан боловч та нар сонссонгүй.
Та нар Миний өмнө мууг үйлдэн,
Миний хүсээгүйг сонгосон".

13 Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна.
"Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө.
Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана.
Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.

14 Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч,
та нар шаналсан сэтгэлдээ уйлж,
цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.

15 Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд
Эзэн БУРХАН та нарыг ална.
Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.

16 Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө.
Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана.
Учир нь урьдын зовлонгууд мартагдаж,
Миний хараанаас нуугдсан.

17 Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.
Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна.

18 Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун.
Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,
баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ.

19 Мөн Би Иерусалимд баярлан,
Өөрийн ард түмэнд баясаж байна.
Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.

20 Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч,
өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно.
Зуу наслаад үхэх хүнийг залуу,
зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно.

21 Тэд гэр барьж, түүн дотроо сууна.
Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.

22 Тэд барихгүй, өөр хүн сууна.
Тэд тарихгүй, бусад нь иднэ.
Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд
Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.

23 Тэд дэмий хоосон ажиллахгүй,
зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй.
Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ.

24 Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.

25 Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.

 ИСАИА (Isaiah)  66

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Тэнгэр бол Миний сэнтий,
газар бол Миний хөлийн гишгүүр билээ.
Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ?
Хаана Миний амрах газар байгаа юм бэ?

2 Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн.
Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм" гэж ЭЗЭН тунхаглав.
"Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,
Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.

3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил,
хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,
идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,
үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.
Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

4 түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож,
айдаг юмсыг нь тэдний дээр авчирна.
Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй.
Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй.
Тэд Миний өмнө мууг үйлдэж,
Миний хүсээгүйг сонгосон".

5 ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.
Түүний үгийг сонсогтун.
"Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,
хавчдаг ах дүүс чинь
"ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан" гэцгээв.
Гэвч тэд ичих болно.

6 Хотоос гарах их шуугиант дуу,
сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа
авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.

7 Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.
Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.

8 Хэн ийм юм сонссон бэ?
Хэн ийм юм үзсэн бэ?
Ганц өдөрт газар бий болж чадах уу?
Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?
Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.

9 Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?" гэж чиний Бурхан айлдаж байна.

10 "Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн.
Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.

11 Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.
Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана".

12 Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна.
"Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч,
үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно.
Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.

13 Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг
Би та нарыг тайвшруулна.
Та нар Иерусалимд тайвшрах болно".

14 Үүнийг үзээд та нарын зүрх баясаж,
та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ.
ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ.
Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.

15 Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар
гал дотор ЭЗЭН ирэх болно.
Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.

16 Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.

17 "Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд
голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид
бүгдээрээ эцэс болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 "Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ.

19 Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана.

20 Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна" гэж ЭЗЭН айлдаж байна.

21 "Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна" гэж ЭЗЭН айлдав.

22 "Миний бүтээх шинэ тэнгэр,
шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэт
та нарын үр удам,
та нарын нэр ч мөнхөд байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

23 "Шинэ сараас шинэ сар хүртэл,
амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл
бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ" гэж ЭЗЭН айлдаж байна.

24 "Дараа нь тэд гарч,
Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ.
Учир нь тэдний хорхой нь үхэхгүй,
тэдний гал нь унтрахгүй.
Тэд бүх махан биед жигшил болно".

 

#@#