Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21

 Шүүгчид (Judges)  1

1 Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйн,
-Канаанчуудын эсрэг тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд,

2 ЭЗЭН
-Иуда явах болно. Харагтун, Би тэр газрыг түүний гарт өгсөн юм хэмээн айлдав.

3 Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд
-Канаанчуудтай тулалдахаар надад оногдсон газар уруу надтай цуг яваач. Тэгвэл чамд оногдсон газар уруу ч би бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа.

4 Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ.

5 Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав.

6 Харин Адони-безек зугтсанд, тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг нь тастав.

7 Адони-безек
-Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.

8 Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав.

9 Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев болон нам газарт нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар ирэв.

10 Тийнхүү Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг хөдөллөө. (Хеброны нэрийг урьд нь Кириат-арба гэдэг байв). Тэд Шешаи, Ахиман болон Талмаиг бут цохив.

11 Тэгээд тэндээс Иуда Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байв).

12 Калеб
-Кириат-сеферийг довтлон, түүнийг эзлэн авсан хүнд би охин Ахсагаа ч хүртэл эхнэр болгон өгнө гэв.

13 Калебын дүү Кеназын хөвгүүн болох Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв.

14 Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс
-Чи юу хүсэв? хэмээн асуув.

15 Тэр түүнд
-Надад ерөөлөө хайрлаач. Нэгэнт надад Негевийн нутгийг өгснөөс хойш мөн булгуудыг нь өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.

16 Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув.

17 Иуда ах Симеонтой хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж алаад, хотыг бүрмөсөн устгав. Ийнхүү тэр хот Хорма гэж нэрлэгдэх болов.

18 Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав.

19 ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Гэвч тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул тэднийг хөөн зайлуулж чадсангүй.

20 Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав.

21 Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.

22 Үүнтэй адил Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад, ЭЗЭН тэдэнтэй хамт байв.

23 Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ).

24 Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд "Бидэнд хотын орох хаалгыг зааж өгөөч, тэгвэл бид чамд энэрэнгүй хандах болно" гэв.

25 Хотын орох хаалгыг тэр зааж өгөхөд, тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт чөлөөлөв.

26 Тэр хүн хитчүүдийн нутагт очин, нэгэн хот барьж, түүнийгээ Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг.

27 Харин Манассе нь Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудыг эзлэн аваагүй тул канаанчууд тэр нутагт амьдарсаар байв.

28 Израиль хүчирхэг болоход, канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөж зайлуулсангүй.

29 Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав.

30 Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.

31 Ашер нь Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг хөөж зайлуулсангүй.

32 Канаанчуудыг хөөгөөгүй учраас ашерчууд уг нутагт оршин суугчид болон канаанчуудын дунд амьдрав.

33 Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов.

34 Тэгтэл аморичууд Даны хөвгүүдийг хөндий тал уруу бууж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд уулархаг газар уруу тэднийг шахав.

35 Гэсэн ч аморичууд Херес уул, Аиалон болон Шаалбимд суурьшихаар зүтгэв. Гэвч Иосефын гэр хүчирхэг болоход, тэд албадлагын хөдөлмөр хийх болов.

36 Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Селагаас болон түүнээс дээш үргэлжлэв.

 Шүүгчид (Judges)  2

1 ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж
-Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ "Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.

2 Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд" гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?

3 Тиймээс Би дахин хэлье. "Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно" гэж айлдав гэсэн.

4 ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.

5 Тиймээс тэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.

6 Иошуа ард олныг тараахад, Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихийн тулд явцгаав.

7 Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв.

8 ЭЗЭНий зарц Нуны хүү Иошуа нь зуун арван насандаа нас эцэслэжээ.

9 Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан Тимнат-хересийн нутагт оршуулав.

10 Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.

11 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.

12 Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв.

13 Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.

14 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.

15 ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав.

16 Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав.

17 Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.

18 ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.

19 Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.

20 Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа
-Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас

21 Иошуа нас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.

22 Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв.

23 Тиймээс ЭЗЭН тэдгээр үндэстнүүдийг хурдан хөөлгүй, тэдэнд үлдэх боломж өгөв. Тэр тэднийг Иошуагийн гарт тушаасангүй.

 Шүүгчид (Judges)  3

1 Эдгээр нь Израилийг сорихоор ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд юм. Израилийн хөвгүүд Канааны тулалдааныг мэдэхгүй хүмүүс билээ.

2 Энэ нь зөвхөн урьд нь тулалдааныг мэдээгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдааныг зааж мэдүүлэхийн тулд юм.

3 Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм.

4 Мосегээр дамжуулан эцэг өвгөдөд нь тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд дагах эсэхийг мэдэхийн тулд тэдгээр хүмүүсээр Израилийг сорьсон юм.

5 Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдарч,

6 тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад нь үйлчлэв.

7 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашеротод үйлчлэв.

8 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Хушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Хушан-ришатаимд боолчлогдов.

9 Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байв.

10 ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав.

11 Дараа нь Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.

12 Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.

13 Тэрээр аммончууд болон амалекчуудыг өөртөө нэгтгэн, Израиль уруу довтолж ялаад, Далдуу модны хотыг эзлэв.

14 Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш боолчлогджээ.

15 Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Бениамин хүн Герагийн хөвгүүн солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүгээр явуулав.

16 Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй сэлэм хийж, баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав.

17 Тэгээд тэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш бүдүүн хүн байв.

18 Тэр алба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав.

19 Харин өөрөө Гилгалд байсан шүтээний газраас эргэж ирээд,
-Хаантан, танд дуулгах нууц мэдээ надад байна гэсэнд, хаан түүнд
-Чимээгүй гэв. Хааны дэргэд байсан бүгд түүнийг орхин гарлаа.

20 Ингээд дээврийн сэрүүн лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь очив. Ехүд
-Танд дуулгах Бурханы үг надад байна хэмээн өгүүлэхэд хаан суудлаасаа босмогц,

21 Ехүд зүүн гараа сунган, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд,

22 бариул нь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв.

23 Ехүд уудам хонгил уруу явахдаа хааны байгаа дээврийн сэрүүн лаврингийн хаалгыг хааж түгжив.

24 Түүнийг гарсны дараа хааны зарц нар ирж, дээврийн лаврингийн хаалга түгжээтэй байгааг хараад,
-Хаантан лав сэрүүн лавриндаа амарч байгаа байх аа гэцгээв.

25 Зарц нар нь санаа зовтлоо хүлээвч, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээхэд, тэдний эзэн шалан дээр унаад нас барсан байв.

26 Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа.

27 Ехүд тэнд хүрээд, Ефраимын уулархаг нутагт бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулархаг нутгаас бууж явахад, тэр тэднийг тэргүүлэв.

28 Тэрээр тэдэнд хандан
-Өстөн дайсан моабчуудыг чинь ЭЗЭН та нарын гарт өгсөн тул тэднийг мөрдөгтүн гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо явж, Моабын эсрэг талд орших Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.

29 Тэр үед эрүүл чийрэг, эр зоригтой арван мянга орчим моабчуудыг тэд алав. Тэдний нэг нь ч зугтсангүй.

30 Ингээд тэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.

31 Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.

 Шүүгчид (Judges)  4

1 Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд дахин мууг үйлдэв.

2 Тиймээс ЭЗЭН тэднийг Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тушаав. Иабины цэргийн удирдагч нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдарч байв.

3 Тэд есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарлаж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхиран гуйв.

4 Тэр үед Лаппидотын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв.

5 Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа.

6 Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж,
-Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. "Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.

7 Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгнүүдтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишон голын зүг та нар уруу явуулж, та нарын гарт тушаана" гэв гэж хэлүүлэв.

8 Тэгтэл Барак Деборад
-Хэрэв та надтай хамт явбал, би явна. Харин та надтай хамт явахгүй бол би явахгүй гэв.

9 Дебора
-Мэдээж би чамтай хамт явна, харин чиний хийх гэж буй аянд чи алдаршихгүй, учир нь ЭЗЭН Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаана гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явав.

10 Барак Зебулун болон Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрс түүнийг дагасан бөгөөд Дебора ч түүний хамт явав.

11 Кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын хөвгүүд болох кенчүүдээсээ салж, Кедешийн ойролцоо байх Заананним дахь царс модны дэргэд майхнаа босгов.

12 Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг хүмүүс Сисерад хэлсэнд,

13 Сисера өөрийн есөн зуун төмөр тэргээ, өөртэйгөө хамт байсан бүх хүмүүсээ Харошет-хагоимаас Кишон гол уруу цуглуулжээ.

14 Дебора Баракт хандан
-Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгнө. Үзэгтүн, ЭЗЭН чиний өмнө явсан гэв. Ингээд Барак Табор уулаас арван мянган эрсийг дагуулан буулаа.

15 ЭЗЭН Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд, Сисера тэргээ хаян, явганаар зугтан одлоо.

16 Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.

17 Харин Сисера Кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан уруу явган зугтаж ирэв. Учир нь Хазорын хаан Иабин нь Кен хүн Хеберийн гэр бүлийнхэнтэй сайн харьцаатай байв.

18 Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд
-Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд, Иаел түүнийг эсгийгээр бүтээв.

19 Сисера түүнд
-Жаахан ус уулгаач. Би цангаж байна гэсэнд, Иаел сүүтэй байсан арьсан тулмыг онгойлгож, түүнд уулгаад, түүнийг дахин бүтээв.

20 Сисера түүнд
-Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж "Энд хүн байна уу?" гэж чамаас асуувал "Байхгүй" гэж хэлээрэй гэв.

21 Харин Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч, гартаа алх барин сэмхэн түүн уруу ойртож очоод, чамархай уруу нь гадсаа шааж, газартай зоов. Сисера ядарсан байсан тул бөх унтсан байжээ. Ингээд Сисера нас барлаа.

22 Барак Сисераг хөөж ирэхэд, Иаел түүнийг угтан гарч ирээд,
-Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Барак майханд орж үзвэл, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа.

23 Ийнхүү Бурхан тэр өдөр израильчуудын өмнө Канааны хаан Иабиныг номхруулав.

24 Израилийн хөвгүүдийн гар Канааны хаан Иабины дээрээс улам улам дарсаар эцэст нь Канааны хаан Иабиныг устгав.

 Шүүгчид (Judges)  5

1 Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.

2 -Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя.

3 Хаад аа, сонсогтун.
Ноёд оо, чагнагтун.
Би, ЭЗЭНд Би дуулна.
Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.

4 ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад,
Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд
дэлхий доргин, тэнгэр ду
салж, үүлс усаа дусаав.

5 ЭЗЭНий оршихуйд уулс доргиж,
Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.

6 Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,
Иаелын өдрүүдэд ч их замууд эзгүйрч,
аялагчид тойруу замаар явдаг байв.

7 Израилийн эх Дебора намайг босох хүртэл Израильд тариачдын амьдрал ч орхигдсон байв.

8 Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв.
Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.

9 Миний зүрх Израилийн захирагчдад болон
ардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.

10 Цагаан илжиг унагчид,
тансаг хивсэн дээр суугчид,
замаар аялагчид аа, дуулцгаа.

11 Хонин сүргийг хуваан усалдаг хүмүүсийн дуунаар тэд ЭЗЭНий зөв үйлсийг,
Израиль дахь Өөрийн тариачдын төлөөх зөв үйлсийг нь дэлгэрүүлнэ.
ЭЗЭНий ард түмэн хотын хаалганд хүрч очив.

12 Сэртүгэй, сэртүгэй, Дебора.
Сэртүгэй, сэртүгэй, дуугаа дуулагтун.
Босогтун, Барак аа,
Олзлогсдоо авч явагтун, Абиноамын хөвгүүн ээ.

13 Тэгээд амьд үлдэгсэд нь язгууртнууд уруу бууж ирэв.
ЭЗЭНий ард түмэн надад дайчид мэт бууж ирэв.

14 Бениамин аа, чиний хүмүүстэй хамт чамайг дагаж Ефраимаас Амалек гаралтай хүмүүс бууж ирэв.
Махираас захирагчид бууж, Зебулунаас бичээчийн таягтангууд ирэв.

15 Иссахарын вангууд Деборатай хамт байв.
Иссахар Барактай адил хөндий уруу хөлөөрөө гүйв.
Реубен овгийн дотор агуу их зориг зүрх байв.

16 Юунд чи хонины хотонд сууж,
хонин сүрэг майлалдахыг сонсоно вэ?
Реубений овгийн дунд зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.

17 Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн.
Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ?
Ашер нь далайн эрэгт сууж,
зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.

18 Харин Зебулуны хүмүүс амь өрсөн тэмцэв.
Нафтали ч мөн тал газрын толгодод дайтав.

19 Хаад ирэн тулалдав.
Дараа нь Канааны хаад ч Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч тэд мөнгөн олз омог олсонгүй.

20 Тэнгэрээс одод тулалдан,
өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.

21 Кишон голын өнө эртний урсгал тэднийг урсган авав.
Миний сүнс ээ, зоригтой давшигтун.

22 Тэгэхэд зоригт морьдын ширүүн давхилтаас болж морьдын туурай нь сэтрэв.

23 "Мерозыг хараагтун.
Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун.
Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,
хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй" гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.

24 Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.
Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.

25 Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,
үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.

26 Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,
баруун гартаа дархны алх барьлаа.
Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,
чамархайд нь зоож оруулав.

27 Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.
Түүний хөлд сөхрөн унав.
Сөхөрсөн газартаа тэр нас барав.

28 Сисерагийн эх цонхоор харан,
торон цонхоор гадагш харан гашуудав.
"Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?
Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?"

29 Түүний ухаалаг гүнж нар эмэгтэйд хариулан,
тэр өөрөө өөртөө л үглэсээр байна.

30 "Тэд дайнаас олз олоод,
түүнийгээ хувааж байгаа биш үү?
Хүн бүрд нэг, хоёр шивэгчнийг бас Сисерад олон өнгийн хувцас,
олон өнгийн хатгамалтай хувцасны олз,
Олон өнгийн хоёр давхар хатгамалтай хувцсыг олоод хүзүүндээ ороосон байгаа".

31 ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж,
харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач

 Шүүгчид (Judges)  6

1 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт тушаав.

2 Мидианы гар Израилийг дарамталсан билээ. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө уулын ан цав, агуй болон бэхлэлтийг барьж бий болгов.

3 Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.

4 Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж, Газ хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж, израильчуудад хонь, үхэр, илжиг, амьд амьтан үлдээдэггүй байв.

5 Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.

6 Мидианаас болж Израиль ихэд доройтон, израильчууд ЭЗЭН уруу уйлан хашхирав.

7 Мидианаас болж Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхирч гуйхад,

8 ЭЗЭН Израилийн хөвгүүдэд нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Эш үзүүлэгч тэдэнд хандан
-Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарыг Египетээс гаргаж, та нарыг боолчлолын гэрээс авчирсан нь Би юм.

9 Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарлагч бүгдийн гараас авран гаргаж, тэднийг та нарын өмнөөс зайлуулж, газар нутгийг нь та нарт өгсөн.

10 Би та нарт "Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн. Та нарын амьдарч байгаа нутгийн аморичуудын бурхдаас бүү эмээ. Харин та нар Намайг дагасангүй" гэж айлдсан" гэсэн.

11 ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв.

12 ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн
-Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд

13 Гидеон хариулан
-Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс "ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү" хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд

14 ЭЗЭН түүнд хандан,
-Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.

15 Гидеон Түүнд
-Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,

16 ЭЗЭН түүнд
-Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

17 Иймд Гидеон
-Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.

18 Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН
-Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.

19 Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.

20 Бурханы тэнгэр элч Гидеонд
-Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв.

21 Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов.

22 Энэ нь ЭЗЭНий тэнгэр элч байсныг Гидеон хараад
-Аяа, Эзэн БУРХАН минь, би ЭЗЭНий тэнгэр элчтэй нүүр нүүрээрээ учрав хэмээн уулга алдсанд

23 ЭЗЭН түүнд
-Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн айлдав.

24 Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол Амар тайван хэмээн нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа.

25 Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан
-Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухны хамт авч, Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байх Ашерагийн баганыг тайрч унага.

26 Энэ өндөрлөгийн оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэв.

27 Гидеон өөрийн зарц нарын дундаас арван эрийг авч, ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийн гэрийнхэн болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.

28 Хотын хүмүүс дараа өглөө нь эртлэн босоод харсанд, Баалын тахилын ширээг нурааж хаясан, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, шинээр босгосон тахилын ширээн дээр хоёр дахь бухаар тахил өргөсөн байв.

29 Тэд хоорондоо
-Хэн үүнийг үйлдэв? хэмээн асууж шалгаан
-Иоашийн хөвгүүн Гидеон үүнийг үйлдсэн гэлцэв.

30 Хотын хүмүүс Иоашт
-Хүүгээ гаргаад ир. Тэр Баалын тахилын ширээг эвдлэн, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагасан тул үхэх ёстой хэмээн шаардсанд

31 Иоаш өөрийнх нь эсрэг зогсоцгоож буй бүгдэд хандан
-Та нар Баалын төлөө тэмцэх үү, эсвэл түүнийг аваръя гэж байна уу? Баалын төлөө тэмцэгч нь өглөө гэхэд алагдах болно. Хэрэв Баал бурхан л юм бол хэн нэгэн түүний тахилын ширээг нураасан тул өөрийнхөө төлөө өөрөө тэмцэг гэв.

32 Баалын тахилын ширээг нураасан тул тэр өдөр Гидеонд "Баал түүнтэй өөрөө тэмцэг" гэсэн утгатай "Иеруббаал" гэдэг нэрийг өгөв.

33 Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэн, Иордан голыг гаталж, Иезреелийн талд хуарагнан буув.

34 ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав.

35 Гидеон Манассе даяар элч нарыг илгээсэнд тэд ч гэсэн түүнийг дагахаар ирцгээв. Тэр бас Ашер, Зебулун болон Нафтали уруу элч нарыг илгээсэнд тэд ирж тэдэнтэй нэгдэв.

36 Ингээд Гидеон Бурханд хандан
-Хэрэв Та айлдсан ёсоороо надаар дамжуулан Израилийг аврах гэж байгаа бол,

37 би одоо хэсэг ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн тэр ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоор надаар дамжуулан Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв.

38 Тийнхүү тэр ёсоор болов. Гидеон маргааш өглөө нь эртлэн босоод, нөгөө ноосоо мушгин шүүдрийг нь шавхарсанд, нэг аяга ус гаргав.

39 Тэгэхэд Гидеон Бурханд
-Би дахин нэг ярихад Миний эсрэг Та бүү хилэгнээрэй. Энэ ноосоор дахин нэг удаа шалгахыг зөвшөөрөөч. Одоо зөвхөн ноосыг хуурай байлгаж, эргэн тойронд нь шүүдэр буулгаж өгөөч гэв.

40 Тэр шөнө Бурхан тийн үйлдэв. Зөвхөн ноос нь хуурай байж, эргэн тойронд нь шүүдэр буусан байв.

 Шүүгчид (Judges)  7

1 Иеруббаал (энэ нь Гидеон) болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож, Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын хуаран тэднээс умард зүгт, Морегийн толгодын хажууд хөндийд байлаа.

2 ЭЗЭН Гидеонд
-Чамтай байгаа хүмүүс нь Миний хувьд мидианчуудыг Израилийн гарт өгөхөд хэтэрхий олон байна. Учир нь Израиль "Би өөрийн хүчээр өөрийгөө аварсан" гэж бардамнаж магадгүй юм.

3 Тийм учраас одоо хүмүүст "Айж сүрдэж байгаа хүн бүр буцан, Гилеад уулаас холдогтун" хэмээн тунхагла гэж айлдав. Ингэсэнд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.

4 Тэгэхэд ЭЗЭН Гидеонд
-Ардууд мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би чиний төлөө тэднийг сорьё. Миний чамд "Энэ нь чамтай хамт явна" гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин Миний чамд "Энэ нь чамтай хамт явж болохгүй" гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа.

5 Ингээд Гидеон ардуудыг ус уруу дагуулан авчирсан. ЭЗЭН Гидеонд айлдан
-Нохой шиг хэлээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж ус ууж буй хүмүүсээс салга гэв.

6 Амандаа гараараа ойртуулан долоох мэт уугч нь гурван зуун хүн байв. Харин үлдсэн ардууд бүгд өвдөг сөгдөн ус ууж байлаа.

7 ЭЗЭН Гидеонд
-Би чамайг ус долоогч гурван зуун хүний хамт аварч, мидианчуудыг та нарын гарт тушаана. Тиймээс үлдсэн бүх хүнийг гэр гэр уруу нь хариул гэж айлдав.

8 Тэгээд гурван зуун эр бусдынхаа хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон гурван зуун хүнийг үлдээн, бусдыг нь өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулсан бөгөөд Мидианы хуаран нь түүний доор, хөндийд харагдаж байв.

9 Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан
-Бос, тэр хуаран уруу оч. Учир нь Би тэр хуаранг чиний гарт өгсөн.

10 Гэвч хэрэв чи явахаасаа айж байвал өөрийнхөө зарц Пуратай хамт хуаран уруу очоод,

11 тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа чи хуаран уруу дайрах хүч зоригтой болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь цэргийн харуулууд уруу явцгаав.

12 Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.

13 Гидеон тэнд очоод харсанд нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр
-Үзэгтүн. Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн талх мидианчуудын хуаранд өнхөрч ирээд, майханд хүрч мөргөсөнд майхан нурж унав гэсэнд

14 найз нь
-Энэ чинь Иоашийн хөвгүүн Израиль хүн Гидеоны илднээс гарцаагүй. Бурхан Мидиан болон бүх хуаранг түүний гарт өгчээ гэж хариулав.

15 Гидеон зүүд болон тайллыг нь сонсоод мэхийн сөгдөж мөргөв. Тэгээд Израилийн хуаранд буцан ирээд
-Босогтун. ЭЗЭН Мидианы хуаранг та нарын гарт өгчээ хэмээн тунхаглав.

16 Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж, савны дотор бамбар хийлгэв.

17 Гидеон тэдэнд хандаж
-Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би хуарангийн захад хүрээд, юуг үйлдэнэ, та нар ч мөн адил үйлдэгтүн.

18 Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд, та нар ч бас бүх хуаранг тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, "ЭЗЭНий төлөө. Гидеоны төлөө" хэмээн хашхиралдагтун гэв.

19 Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнийн харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэр үед харуул дөнгөж солигдсон байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа барьж байсан савыг цохиж хагалав.

20 Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, саваа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ чанга үлээн,
-ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд хэмээн хашхиралдав.

21 Хуаранг хүрээлэн хүн бүр өөрийн байрлал дээр зогсоцгоосонд, бүх цэргүүд гүйлдэн орилолдож, бархиралдан зугтав.

22 Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав.

23 Нафтали, Ашер болон бүх Манассегаас Израиль хүмүүс дуудагдан Мидианыг хөөв.

24 Гидеон Ефраимын бүх л уулархаг нутгуудаар элч нарыг илгээн
-Мидианчуудын эсрэг довтлохоор буун ирж, Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд, Ефраимын бүх эрчүүд дуудагдан цугларч, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав.

25 Тэд мидианчуудыг элдэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хаданд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуургад алаад, тэдний толгойг Гидеонд Иорданы чанадаас авчрав.

 Шүүгчид (Judges)  8

1 Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд хандан
-Та бидэнд яагаад ийн хандан, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг юунд дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв.

2 Харин Гидеон тэдэнд
-Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?

3 Бурхан та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд түүний эсрэг байсан тэдний хилэн намдав.

4 Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв.

5 Тэр Суккотын хүмүүст хандан
-Би Мидианы хаад Зеба, Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд

6 Суккотын ноёд
-Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв.

7 Тэгэхэд Гидеон
-За яахав. Зеба, Залмунна нарыг ЭЗЭН миний гарт тушаах цагт би говийн үүргэнэ, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв.

8 Гидеон тэндээс Пенуел уруу очин, дээрхийн адил гуйсанд, Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав.

9 Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан
-Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв.

10 Зеба, Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн бүгд арван таван мянга орчим хүмүүстэй цэрэг нь тэдэнтэй хамт байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв.

11 Гидеон Ноба ба Иогбехагийн зүүн талд майхнуудад суугч хүмүүсийн замыг даган өгсөж очоод, сэжиг аваагүй байхад нь хуаранг цохив.

12 Мидианы хоёр хаан Зеба болон Залмунна нарыг зугтсанд, Гидеон тэднийг нэхэн олзлоод, цэргүүдийг нь үлдээлгүй хиар цохив.

13 Тэгээд Иоашийн хөвгүүн Гидеон Хересийн өндөрлөг газрыг туулан тулалдаанаас буцаж ирэв.

14 Тэгээд Суккотынхноос нэгэн залууг олзлоод байцаав. Тэр залуу Суккотын ноёд болон ахлагчид болох далан долоон хүний нэрийг Гидеонд бичиж өгөв.

15 Гидеон Суккотын хүмүүс дээр ирж
-"Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод ядарч эцсэн та нарт бид талх өгөх ёстой гэж үү?" хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба ба Залмунна нарыг харагтун гэв.

16 Тэрээр хотын ахлагчдыг барьж, говийн үүргэнэ болон өргөст халгайгаар суккотчуудыг хашраав.

17 Мөн Пенуелийн цамхгийг нураан, хотын хүмүүсийг нь алав.

18 Дараа нь Зеба болон Залмунна нараас
-Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? хэмээн Гидеон асуусанд
-Тэд нар тантай адил бүгд л хааны хөвгүүний дүртэй хүмүүс байсан гэв.

19 Гидеон
-Тэд нар миний ах дүү нар, миний эхийн хөвгүүд байсан юм. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн л юм бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд,

20 өөрийн ууган хөвгүүн Иетерт
-Босож тэднийг алагтун хэмээн тушаасан боловч залуу хөвгүүн илдээ сугалсангүй. Учир нь тэр залуу байсан тул айв.

21 Тэгэхэд Зеба, Залмунна нар
-Та өөрөө босож биднийг алагтун. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба болон Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган сар хэлбэртэй чимгийг мултлан авав.

22 Тэгээд Израилийн эрчүүд Гидеонд
-Та болон таны хөвгүүд, таны ач нар ч биднийг захираг. Яагаад гэвэл та биднийг Мидианы савраас аварсан юм гэцгээлээ.

23 Гэвч Гидеон тэдэнд
-Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.

24 Тэгээд Гидеон тэднээс
-Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омгоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь Ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.

25 Тэд
-Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд, нэгэн дээлийг газар дэлгэж, хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв.

26 Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүний чимэг мэтчилэн байв.

27 Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.

28 Ингээд Мидиан Израилийн хөвгүүдийн өмнө дарагдсан бөгөөд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн туршид амар тайван байв.

29 Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.

30 Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа.

31 Шехемд байсан татвар эм нь түүнд нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд Абимелех гэдэг нэр өгөв.

32 Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд түүнийг эцэг Иоашийнх нь булшинд абиезричуудын Офрад оршуулжээ.

33 Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов.

34 Ийнхүү хүрээлэн буй дайснуудых нь савраас өөрсдийг нь аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хүмүүс умартав.

35 Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь дагуу түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.

 Шүүгчид (Judges)  9

1 Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж, тэдэнд болон эхийнхээ эцгийн өрхийн бүхий л овогт хандан,

2 -Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. "Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?" гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.

3 Абимелехийн нагац нар нь түүний өмнөөс энэ бүгдийг Шехемийн бүх ахлагчдад хэлсэнд тэд Абимелехийг даган хошуурав.
-Тэр бидний хамаатан хэмээн тэд хэлцгээжээ.

4 Тэд Баал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.

5 Тэгээд Абимелех Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.

6 Шехемийн болон Бет-миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.

7 Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж
-Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно.

8 Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан "Бидний хаан болооч" гэсэнд

9 чидун мод тэдэнд "Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" хэмээв.

10 Тэгэхээр нь модод инжрийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд

11 инжрийн мод тэдэнд "Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэж хэлэв.

12 Тэгэхэд модод усан үзмийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэв.

13 Харин усан үзмийн мод тэдэнд "Бурхан болон хүнийг баярлуулах өөрийн шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэв.

14 Эцэст нь бүх модод нохойн хошуунд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд

15 нохойн хошуу хариуд нь "Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тослож байгаа бол ирж миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс нохойн хошуунаас гал гарч Ливаны хушин ойг шатааг" гэв.

16 Харин одоо та нар үнэн ба чин сэтгэлээр Абимелехийг хаанаар өргөмжлөн, Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайнаар хандаж, түүний хийсэн ачит үйлсийн ёсоор нь харьцав уу?

17 Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас аварсан билээ.

18 Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож, түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алж, та нарын садан төрлийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн хүмүүсийн хаан болгов.

19 Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас, та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.

20 Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.

21 Тэгээд Иотам оргон зайлж, Беерт ирээд, өөрийн ах Абимелехээс болж тэнд суув.

22 Абимелех гурван жил Израилийг захирчээ.

23 Дараа нь Бурхан Абимелех болон Шехемийн хүмүүсийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн хүмүүс Абимелехээс урвав.

24 Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах дүүгээ алсан Абимелех дээр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.

25 Шехемийн хүмүүс уулсын оройд Абимелехийг отон сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав.

26 Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн хүмүүс түүнд найдвар тавих болов.

27 Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.

28 Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал
-Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?

29 Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт
-Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.

30 Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа.

31 Тэр Абимелех уруу нууцаар элч нарыг илгээн
-Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна.

32 Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.

33 Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүнтэй хамт байгч ардууд таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв.

34 Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг нуугдан бүгэв.

35 Ебедийн хөвгүүн Гаал гарч ирэн, хотын хаалганы үүдэн дээр зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо.

36 Гаал тэр хүмүүсийг хараад, Зебулд
-Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд
-Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв.

37 Гаал дахин
-Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.

38 Зебул түүнд
-Чиний "Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?" хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.

39 Тэгэхэд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.

40 Абимелех давшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.

41 Дараа нь Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.

42 Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.

43 Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.

44 Дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж, хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан ард уруу довтолж, тэднийг устгажээ.

45 Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн, дээр нь давс цацав.

46 Шехемийн цамхгийн хамаг ахлагчид үүнийг сонсоод, Ел-беритийн дуганы доод хонгилд орцгоов.

47 Шехемийн цамхгийн хамаг ахлагчид бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд

48 Абимелех өөрийн хамт байсан хүмүүстэйгээ Залмон Ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин авч, түүнийгээ өргөн мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ
-Миний юу хийхийг харсны дагуу та нар ч хурдан тэгж хийгтүн гэж тушаав.

49 Бүх ардууд ч мөн нэг нэг мөчир цавчин, Абимелехийг даган явж, тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүмүүс, мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв.

50 Тэгээд Абимелех Тебез уруу явж, Тебезийн харалдаа хуарагнан, түүнийг авч эзлэв.

51 Гэвч хотын төвд нэгэн бөх бат цамхаг байлаа. Бүх эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хотын бүх ахлагчдын хамт тийш зугтаан орж, өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэрт гарав.

52 Абимелех цамхаг уруу ойртон, тэдний эсрэг тулалдаж, гал тавихын тулд цамхгийн үүдэнд ойрттол

53 нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн чулууг шидэж, гавлыг нь хагалав.

54 Абимелех өөрийн зэвсэг баригч залууг яаран дуудаж
-Чи илдээ сугалан, намайг алагтун. Энэ нь "Эмэгтэй хүн түүнийг алсан" хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг хатгасанд тэр үхэв.

55 Израиль хүмүүс Абимелехийн нас барсныг хараад, бүгд өөр өөрийн гэртээ харьцгаав.

56 Ингэж өөрийнхөө далан ах дүүгээ алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь хариулав.

57 Бурхан бас Шехемийн хүмүүсийн бүх л бузар мууг өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал тэдэн дээр ирэв.

 Шүүгчид (Judges)  10

1 Абимелехийг алагдсаны дараа Израилийг аврахын төлөө Иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв.

2 Тэр хорин гурван жилийн турш Израилийг шүүсний эцэст нас эцэслэн, Шамирт оршуулагдав.

3 Түүний дараа Гилеад хүн Иаир босож, Израилийг хорин хоёр жилийн турш шүүв.

4 Тэр гучин хөвгүүнтэй байсан бөгөөд тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан бөгөөд тэдгээр хотууд нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг.

5 Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.

6 Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй.

7 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн савар болон Аммоны хөвгүүдийн саварт тушаав.

8 Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил дарамтлан зовоож, Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн туршид дарлав.

9 Аммоны хөвгүүд бас Иуда, Бениамин болон Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Иорданыг гаталсан учраас Израиль ихэд зовж доройтов.

10 Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран
-Бид Таны эсрэг нүгэл үйлдэв. Үнэхээр бид өөрсдийн Бурханыг умартан Баалуудад үйлчилсэн билээ гэв.

11 ЭЗЭН Израилийн хөвгүүдэд айлдан "Би та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс, филистчүүдээс аварсан бус уу?

12 Мөн сидончууд, амалекчууд, маончууд та нарыг дарангуйлахад та нарыг Над уруу хашхирахад, Би та нарыг тэдний савраас аварсан.

13 Гэсэн ч та нар Намайг орхиж, өөр бурхдад үйлчлэв. Тиймээс Би үүнээс хойш та нарыг аврахгүй.

14 Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхирагтун. Зовох цагт чинь тэд та нарыг авраг" гэв.

15 Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан
-Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.

16 Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.

17 Тэр үед Аммоны хөвгүүд дуудагдан цугларч, Гилеадад хуарагнав. Мөн Израилийн хөвгүүд цугларч, Миспад хуарагнан буув.

18 Ард түмэн, Гилеадын ноёд бие биендээ
-Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдааныг эхлэх хүн хэн юм бол доо? Тэр нь Гилеадын хамаг оршин суугчдын тэргүүлэгч болно гэцгээв.

 Шүүгчид (Judges)  11

1 Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв.

2 Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд, Иефтаг хөөж,
-Чи өөр эмийн хөвгүүн учир бидний эцгийн гэр дотор чамд өв оногдохгүй гэж загнав.

3 Ийнхүү Иефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав.

4 Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.

5 Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад,

6 тэд Иефтад
-Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд

7 Иефта Гилеадын ахлагчдад
-Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв.

8 Гилеадын ахлагчид Иефтад
-Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв.

9 Тэр Гилеадын ахлагчдаас
-Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд

10 Гилеадын ахлагчид Иефтад
-ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв.

11 Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.

12 Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж,
-Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд

13 Аммоны хөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт
-Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ.

14 Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг дахин илгээж,

15 түүнд
-Иефта ийнхүү хэлүүлжээ. "Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй.

16 Израиль Египетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ

17 Едомын хаанд элч нарыг илгээн, "Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч" хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.

18 Дараа нь тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв.

19 Израиль Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн "Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?" хэмээн уламжлуулсан боловч,

20 Сихон Израильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм.

21 Израилийн Бурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ.

22 Иймээс тэд Арнонаас Иаббокийг хүртэлх бас цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн юм.

23 Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израилийн өмнөөс аморичуудыг хөөн зайлуулсны хойно одоо чи түүнийг эзэмших гэж үү?

24 Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.

25 Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?

26 Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?

27 Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай" гэв гэжээ.

28 Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй.

29 ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв.

30 Иефта ЭЗЭНд тангараглан
-Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл

31 би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв.

32 Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа.

33 Иефта Ароераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав.

34 Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ.

35 Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан
-Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв.

36 Охин эцэгтээ
-Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ.

37 Тэр эцэгтээ хандан
-Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв.

38 Иефта
-Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав.

39 Хоёр сарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ.

40 Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг юм.

 Шүүгчид (Judges)  12

1 Дараа нь Ефраимын эрчүүд дуудагдан цугларч, Зафон уруу гатлан очоод, Иефтад
-Яагаад чи өөрийнхөө хамт авч явахаар биднийг дуудалгүйгээр Аммоны хөвгүүдтэй дайтахаар хөдлөв? Бид чамайг гэртэй чинь хамт шатаана хэмээн занажээ.

2 Иефта тэдэнд
-Би болон миний ардууд Аммоны хөвгүүдтэй маш бэрх тэрсэлдэн арцсан. Би та нарыг дуудахад та нар намайг тэдний савраас аварсангүй.

3 Та нар намайг аврахгүй болохыг хараад, би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг гатлан хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт тушаав. Яагаад та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирнэ вэ? хэмээн өчив.

4 Тэгээд Иефта Гилеадын бүх эрсийг цуглуулж, Ефраимтай дайтав. Гилеадын эрчүүд Ефраимыг ялав. Учир нь тэд
-Гилеадын хүмүүс ээ, та нар бол Ефраим болон Манассегийн дунд байгаа Ефраимын оргодлууд юм гэсэн аж.

5 Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн
-Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс
-Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн
-Үгүй хэмээн хариулсанд

6 тэд
-Чи "Шибболет" гэж хэл хэмээн шаарддаг байв. Тэр зөв аялгаар хэлж чадалгүй "Сибболет" гэсэнд түүнийг хоморголон барьж, Иорданы гарам дээр алдаг байв. Тэр үед дөчин хоёр мянган Ефраим хүн тэнд алагджээ.

7 Иефта Израилийг зургаан жил шүүв. Тэгээд Гилеад хүн Иефта нас эцэслэн, Гилеадын хотуудын нэгэнд нь оршуулав.

8 Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв.

9 Тэр гучин хүү, гучин охинтой байв. Тэр охидоо гэр бүлээсээ гадагшаа хадамд гаргаж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас бэр болгон авав. Тэр долоон жил Израилийг шүүжээ.

10 Ибзаныг нас эцэслэхэд, Бетлехемд оршуулав.

11 Түүний дараа Зебулун хүн Елон Израилийг шүүв. Тэрээр Израилийг арван жил шүүв.

12 Тэгээд Зебулун хүн Елон нас эцэслэж, Зебулун нутгийн Аиалонд оршуулагдав.

13 Түүний дараа Пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилийг шүүв.

14 Тэр дөчин хүү, гучин ачтай байсан бөгөөд тэд далан илжиг унадаг байв. Тэр найман жил Израилийг шүүжээ.

15 Тэгээд Пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон нас эцэслэхэд түүнийг амалекчуудын уулархаг нутаг дахь Ефраим нутгийн Пиратонд оршуулав.

 Шүүгчид (Judges)  13

1 Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.

2 Даны ургийн Зорагийн нэгэн хүн Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй.

3 ЭЗЭНий тэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн
-Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.

4 Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон архи ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.

5 Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв.

6 Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө
-Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.

7 Харин тэр надад хандан "Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо чи үзмийн дарс буюу архи ууж, бузар идээг идэж ч үл болно. Учир нь хөвгүүн эхийн умайд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд Назир хүн болох юм" гэж айлдлаа гэв.

8 Тэгэхэд нь Маноа ЭЗЭНд залбирч
-Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв.

9 Бурхан Маноагийн дууг сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэр элч түүн уруу дахин ирэв. Харин түүний нөхөр Маноа түүнтэй хамт байсангүй.

10 Нөгөө эмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө
-Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэв.

11 Тэгэхэд Маноа босож, эхнэрээ даган явж, нөгөө хүн дээр очин
-Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр
-Би мөн гэж хариулав.

12 Маноа
-Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ? хэмээн асуусанд

13 ЭЗЭНий тэнгэр элч Маноад
-Миний хэлсэн бүхэнд эмэгтэй анхааралтай байг.

14 Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон архийг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний тушаасан бүхнийг тэр эмэгтэйгээр сахиулагтун гэж айлдлаа.

15 Тэгэхэд нь Маноа ЭЗЭНий тэнгэр элчид
-Бид танд зориулан ишиг төхөөрөх тул та түр саатаж болгооно уу? гэв.

16 ЭЗЭНий тэнгэр элч Маноад
-Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе хэмээвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч гэдгийг мэдээгүй ажээ.

17 Маноа ЭЗЭНий тэнгэр элчид хандан
-Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг магтах болно гэсэнд

18 ЭЗЭНий тэнгэр элч түүнд
-Миний нэр гайхамшигтай гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа.

19 Тийнхүү Маноа ишиг болон үр тариан тахилыг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад ЭЗЭНий тэнгэр элч гайхамшгийг үйлдэв.

20 Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэр элч тахилын ширээний дөлөн дотор залран дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт хөсөр унав.

21 ЭЗЭНий тэнгэр элч Маноа болон түүний эхнэрт дахин үзэгдсэнгүй. Тэгээд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч байсныг мэджээ.

22 Маноа эхнэртээ
-Бид Бурханыг үзсэн тул заавал үхэх болно гэхэд

23 эхнэр нь түүнд
-Хэрэв ЭЗЭН биднийг алахаар санасан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон үр тариан тахилыг авахгүй байх байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй, бас энэ үед үүнтэй адил зүйлсийг бидэнд сонсгохгүй байх байсан гэв.

24 Үүний дараа өнөөх эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр хайрлав. Хөвгүүн өсөж, ЭЗЭН түүнийг ерөөв.

25 Зора болон Ештаолын хоорондох Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.

 Шүүгчид (Judges)  14

1 Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.

2 Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ
-Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд

3 эцэг эх нь түүнд
-Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ
-Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.

4 Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.

5 Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.

6 ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй.

7 Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.

8 Хэсэг хугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биенд зөгийн үүр ба зөгийн бал байв.

9 Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.

10 Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.

11 Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.

12 Самсон тэдэнд
-Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар найрын долоон хоногийн дотор түүнийг тааж, надад хэлж өгвөл би та нарт гучин маалинган цамц, гучин хувцас өгнө.

13 Харин хэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин маалинган цамц, гучин хувцас надад өгөгтүн гэхэд тэд
-Оньсогоо таалгагтун, бид сонсъё хэмээцгээв.

14 Самсон тэдэнд
-Идэгчээс идэх юм гарав.
Хүчтэнээс амттай зүйл гарав

15 Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж
-Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.

16 Эхнэр нь Самсоны өмнө уйлан
-Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд
-Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.

17 Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.

18 Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд
-Балаас амттай нь юу вэ?
Арслангаас хүчтэй нь юу вэ? -Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй бол
миний тааврыг тааж чадахгүй байхсан

19 Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр хүчтэйгээр бууж, Тэр Ашкелон уруу яваад, тэндхийн гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт буцаж ирэв.

20 Харин Самсоны эхнэр түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болов.

 Шүүгчид (Judges)  15

1 Гэвч хэсэг хугацаа өнгөрч, буудай хураах үед Самсон залуу ямаа аван өөрийн эхнэрийнд айлчлан очоод,
-Би эхнэрийнхээ гэрт оръё хэмээсэнд эмэгтэйн эцэг зөвшөөрсөнгүй.

2 Эмэгтэйн эцэг түүнд
-Би чамайг түүнд үнэхээр өширхсөн байгаа хэмээн бодоод, түүнийг чиний найзад өгсөн юм. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд чи дүүг нь өөрийн болгон авагтун гэв.

3 Самсон тэдэнд
-Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв.

4 Самсон явж гурван зуун үнэг бариад, сүүл сүүлээр нь холбож хоёр сүүлний хооронд бамбар уяв.

5 Тэгээд бамбарууддаа гал асаагаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, юүжилсэн тариа болон хураагаагүй тарианы аль алиныг, мөн усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав.

6 Тэгэхэд филистчүүд
-Хэн энэ хэргийг үйлдэв? хэмээлцсэнд
-Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь авч анд нөхөрт нь өгчихсөн юм гэцгээв. Иймээс филистчүүд ирж, өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.

7 Самсон тэдэнд
-Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.

8 Самсон тэднийг хайр найргүйгээр олноор нь хядав. Тэгээд явж, Етамын хадны хавцалд амьдран суув.

9 Дараа нь филистчүүд хүрч ирж, Иудад хуарагнан, Лехигээр тархжээ.

10 Иудагийн хүмүүс
-Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд
-Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.

11 Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд
-Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд
-Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.

12 Тэд түүнд
-Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд
-Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.

13 Тэд Самсонд
-Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.

14 Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.

15 Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.

16 Тэгээд Самсон
-Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.
Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алав

17 Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат-Лехи хэмээн нэрлэв.

18 Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан
-Та Өөрийн боолын гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хөвч хөндүүлээгүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.

19 Харин Бурхан Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган, тэндээс ус гаргав. Тэр ус уумагц, хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.

20 Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.

 Шүүгчид (Judges)  16

1 Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.

2 -Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд тус газрыг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж,
-Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэцгээжээ.

3 Самсон шөнө дунд хүртэл унтаад, шөнө дөлөөр босож, хотын хаалга болон хоёр баганыг нь авч, цуурга модтой нь хамт сугалж, мөрөн дээрээ тавин, Хеброны харалдаах уулын оройд үүрэн аваачив.

4 Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлав.

5 Филистийн ноёд тэр эмэгтэй уруу ирж, түүнд
-Самсоныг аргадан, түүний агуу хүч чадал хаана нь оршдогийг болон хэрхэн бид түүнийг дийлж, хүлээд, зовоож болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.

6 Тиймээс Делила Самсонд
-Чиний агуу хүч чадал юунд байгаа бөгөөд яавал чамайг хүлж зовоож чадах вэ? Надад хэлж өгөөч? хэмээн гуйсанд

7 Самсон түүнд
-Хэрэв тэд намайг хатаагүй долоон шинэхэн нумын хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв.

8 Филистийн ноёд хатаагүй долоон шинэхэн нумын хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв.

9 Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.

10 Делила Самсонд
-Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн билээ. Чамайг юугаар хүлж болохыг одоо надад хэл л дээ гэв.

11 Самсон түүнд
-Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

12 Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эрчүүд нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав.

13 Дараа нь Делила Самсонд хандан
-Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Чамайг хэрхэн хүлж болохыг надад хэл хэмээн шаардав. Самсон түүнд
-Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхэж, [хадаасаар хадвал би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

14 Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.] Тэр үсийг нь хадаасаар хадаад
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, хадаасыг нэхмэлийн хамт угз татав.

15 Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд
-Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал "Би чамд хайртай" гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн, чиний агуу хүч чадал юунд байгааг надад хэлсэнгүй хэмээв.

16 Тэр өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосонд, түүний сэтгэл санааг мохоов.

17 Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж,
-Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.

18 Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан
-Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв.

19 Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ.

20 Өнөөх эмэгтэй
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж,
-Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.

21 Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.

22 Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.

23 Филистийн ноёд
-Бидний дайсан Самсоныг
манай бурхан бидний гарт тушаав

24 Ардууд Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан,
-Улс орныг минь хоосруулж,
биднээс олныг хороосон бидний дайсныг манай бурхан бидний гарт тушаав

25 Тэдний зүрх хөөрөхөд тэд
-Самсоныг дуудан авчир. Тэр биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг хөгжөөж өгөв. Тэд Самсоныг багануудын хооронд зогсоосон билээ.

26 Тэрээр гарыг нь барьж байсан залууд
-Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв.

27 Дуганд дүүрэн хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байжээ. Дуганы дээвэр дээрээс бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн Самсоны хөгжөөхийг харж байлаа.

28 Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан
-Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авъя хэмээн гуйв.

29 Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав.

30 Тэгээд Самсон
-Филистчүүдтэй хамт үхье хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дуган нурж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийнхүү үхэхдээ Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон байв.

31 Дараа нь түүний ах дүүс болон эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг авч, Зора болон Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Ийнхүү Самсон хорин жилийн турш Израилийг шүүв.

 Шүүгчид (Judges)  17

1 Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.

2 Тэрээр эхдээ
-Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би хулгайлсан юм гэхэд эх нь
-ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв.

3 Тэгээд тэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь
-Би өөрийн гараас энэ мөнгийг ЭЗЭНд бүрэн зориулж, хүүгийнхээ төлөө түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг бүтээе. Тийм учраас одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв.

4 Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв.

5 Энэхүү Мика гэгч нь бурхдын дугантай болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, нэгэн хөвгүүндээ сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов.

6 Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.

7 Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн Леви залуу байв. Тэр тэнд амьдарч байжээ.

8 Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч, амьдрах газар хайн аялж явсаар, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ.

9 Мика түүнээс
-Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр
-Би Иудагийн Бетлехемээс ирсэн Леви хүн байна. Амьдрах газар хайж явна даа гэжээ.

10 Тэгэхэд Мика түүнд
-Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тийнхүү Леви хүн гэрт нь оржээ.

11 Леви хүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов.

12 Мика Леви хүнд сахил хүртээн, залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт амьдрах болов.

13 Тэгээд Мика
-Леви хүн миний тахилч болсныг хараад ЭЗЭН намайг баян чинээлэг болгоно гэдгийг би одоо мэдэж байна хэмээн хэлэв.

 Шүүгчид (Judges)  18

1 Тэр үед Израилийн хаан гэж байгаагүй. Тэр үед Дан овгийнхон суурьших өвийн нутгаа хайсаар байв. Учир нь тэр өдрийг хүртэл Израилийн овгуудын дунд тэдэнд эзэмших өвийн газар ногдоогүй байлаа.

2 Тиймээс Даны хөвгүүд өөрсдийн бүлийг төлөөлүүлэн бүх хүмүүсээсээ таван зоригт эрсийг Зора болон Ештаолоос газар хайж судлуулахаар илгээж, тэдэнд
-Явж, газрыг судлагтун гэв. Тэд Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.

3 Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж,
-Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув.

4 Тэр тэдэнд
-Мика надад ийнхүү хандан, намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм гэж өчив.

5 Тэд түүнд хандан
-Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв.

6 Тахилч тэдэнд
-Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.

7 Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй байв.

8 Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь
-Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа.

9 Тэд
-Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.

10 Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.

11 Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.

12 Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.

13 Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.

14 Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан
-Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.

15 Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.

16 Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.

17 Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.

18 Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс
-Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув.

19 Тэд түүнд
-Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.

20 Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.

21 Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв.

22 Тэд Микагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв.

23 Тэд Даны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад
-Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв.

24 Мика
-Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад "Чи юу болов?" гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.

25 Даны хөвгүүд Микад
-Бидний дундаас бүү чалч. Эс тэгвэл догшин хилэнтэй хүмүүс чамайг довтлон, чи өөрийнхөө амийг өөрийн гэрийнхний амьтай хамт алдах болно гэв.

26 Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.

27 Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишт ирээд, амар амгалан ба санаа зовох юмгүй хүмүүс уруу ирж, тэднийг илдний ирээр цавчлан, хотыг галдан шатаав.

28 Тэр хот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив.

29 Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэжээ. Харин хотын нэр урьд нь Лаиш гэдэг байжээ.

30 Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн, Гершомын хөвгүүн Ионатан болон түүний хөвгүүд газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Дан овгийн тахилч нар байв.

31 Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв.

 Шүүгчид (Judges)  19

1 Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.

2 Гэтэл түүний татвар эм завхайран самуурч, түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэрт ирж, тэнд дөрвөн сар суулаа.

3 Дараа нь түүний нөхөр нь босож, түүнийг буцааж авчрахын тулд энхрий зөөлнөөр ярихаар нэг зарцаа авч хоёр илжгээ дагуулан түүний араас явав. Өнөөх эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж ороход охины эцэг хүргэнээ хараад, ихэд баярлав.

4 Охины эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр хадмындаа гурав хонов. Тэд тэндээ идэж ууж хоноглосон билээ.

5 Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, Леви хүн аянд бэлтгэв. Охины эцэг хүргэндээ
-Зүсэм талх идэж, хүчээ сэлбээд дараа нь явагтун гэв.

6 Тэд хамтдаа сууж, хамт идэж ууцгаав. Охины эцэг өнөөх эрд хандан
-Нэгэн үдшийг өнгөрөөж, сэтгэлээ хөгжөөгөөч гэлээ.

7 Тэгэхэд өнөөх эр явахаар боссон боловч хадам нь түүнийг дахин нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэхээр ихэд ятгасан юм.

8 Тав дахь өдөр нь тэр өглөө эртлэн явахаар боссонд охины эцэг
-Хүчээ сэлбэн үд болтол хүлээгээч гэхэд тэд цуг хооллов.

9 Өнөөх эр татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд охины эцэг буюу хадам эцэг нь түүнд
-Үзэгтүн, өдөр бараг өнгөрлөө шүү дээ. Шөнийг өнгөрүүлэгтүн. Өдөр дуусаж байна. Энд хонож, сэтгэлээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш өглөө чи эртлэн босоод, гэртээ харьж болно шүү дээ гэв.

10 Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа.

11 Тэд Иебусын ойролцоо байх үед гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ
-Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ.

12 Харин эзэн нь түүнд
-Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.

13 Тэр зарцдаа
-Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв.

14 Ингээд тэд цаашлан өнгөрч замаараа явсаар, Бениамины харьяа Гибеад ойртон ирэх үед нар шингэв.

15 Тэд Гибеад нэвтрэн орж, хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг гэртээ хонуулах хүн байсангүй тул тэд хотын задгай талбайд суув.

16 Үдэш нэгэн өвгөн талбай дахь ажлаасаа буун ирж явж байлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад амьдардаг байжээ. Харин энэ газрын хүмүүс нь бениаминчууд байлаа.

17 Тэр өвгөн хараагаа дээш өргөн, хотын задгай талбайд байгаа аяны хүмүүсийг хараад
-Та нар хаашаа явж байна вэ, мөн хаанаас ирсэн бэ? хэмээн асуув.

18 Өнөөх эр түүнд
-Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулархаг нутгийн буйд газар уруу аялж байгаа юм. Юу гэвэл би тэндхийнх бөгөөд би Иудагийн Бетлехемд очсон билээ. Би одоо өөрийн гэр уруу харьж явна. Харин хэн ч намайг гэртээ оруулдаггүй.

19 Гэвч бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Бас надад, таны шивэгчинд болон таны зарц нартай хамт яваа залууд ч талх дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав.

20 Өвгөн
-Манайд морилцгоо доо. Бүх хэрэгцээг чинь хангахыг надад зөвшөөрөөч. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв.

21 Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.

22 Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд
-Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.

23 Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд
-Болохгүй, найзууд минь, ийм бузар хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно тийм ичгүүрт хэрэг бүү үйлдэгтүн.

24 Энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд тийм ичгүүрт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв.

25 Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив.

26 Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.

27 Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагш гартал, татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унасан хэвтэж байв.

28 Тэр түүнд
-Бос, явцгаая гэсэнд хариу дуугарсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээр тавив. Тэр хүн босож, гэр өөдөө явав.

29 Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг авч мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв.

30 Үүнийг үзсэн бүгд
-Израилийн хөвгүүд Египет газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг сайтар тунгаан бодож, зөвлөн хэлтүгэй гэлцэв.

 Шүүгчид (Judges)  20

1 Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.

2 Бүх ард түмний удирдагч буюу Израилийн бүх овгуудын удирдагчид Бурханы хүмүүсийн буюу илд агссан дөрвөн зуун мянган дайчдын чуулганд байраа эзлэв.

3 (Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов.) Израилийн хөвгүүд
-Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн? хэмээн асуулаа.

4 Алагдсан эмэгтэйн нөхөр болох Леви хүн хариулан хэлсэн нь
-Би татвар эмийнхээ хамт Бениамины Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ.

5 Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар төлөвлөсөн боловч оронд нь миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн.

6 Би татвар эмээ авч, цогцсыг нь хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм.

7 Үзэгтүн, та нар бүгд Израилийн хөвгүүд. Энд бодол, зөвлөгөөгөө хэлнэ үү? гэв.

8 Тэгтэл бүх хүн нэг хүн мэт босож
-Бидний нэг нь ч өөрийн майхан уруу явахгүй. Бидний хэн ч өөрийн гэрт буцахгүй.

9 Харин одоо Гибеад бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид Гибеагийн эсрэг мордоно.

10 Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид авна. Цэргүүд Бениамины Гибеад очин, Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэргүүдийн төлөө шийтгэх болтугай гэв.

11 Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн, тэр хотын эсрэг цугларав.

12 Дараа нь Израилийн овгууд Бениамины хамаг овог даяар хүмүүсийг илгээн
-Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гээч вэ?

13 Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.

14 Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.

15 Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ.

16 Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.

17 Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.

18 Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун,
-Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд
-Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.

19 Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув.

20 Израилийн эрс Бениамины эсрэг тулалдахаар хөдөлж, Гибеад тэдний эсрэг талд байрлалаа эзлэв.

21 Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө хорин хоёр мянган Израилийн эрсийг газар дээр хөнөөв.

22 Гэвч Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдахаар байрлалаа эзлэв.

23 Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун
-Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН
-Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.

24 Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг ирэв.

25 Бениамин ч өөдөөс нь Гибеагаас гарч ирээд, дахин Израилийн хөвгүүдээс арван найман мянган илд агссан хүнийг газар дээр хөнөөв.

26 Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.

27 Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв.

28 Мөн тэр үед Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд
-Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу? гэсэн билээ. ЭЗЭН
-Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт тушаах болно гэж айлдав.

29 Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.

30 Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн, өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв.

31 Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч, хотоос холдов. Тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа тийших замд урьдын адил Израилийн эрсийг алж эхлэн, тэднээс гучийг нь зам дээр болон талд устгав.

32 Бениамины хөвгүүд
-Тэд урьдын адил бидний өмнө цохигдлоо хэмээн хэлэлцэв. Харин Израилийн хөвгүүд
-Тэднийг хотоос холдуулан, зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа.

33 Тэгэхэд Израилийн хамаг эрчүүд байсан газраасаа босоцгоож, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Мааре-геба дахь нуувчаасаа гарч ирэв.

34 Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг довтлоход тулалдаан нь улам ширүүслээ. Харин өөрсдөд нь гай ойртож буйг Бениамин мэдсэнгүй.

35 ЭЗЭН Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг алав.

36 Бениамины хөвгүүд өөрсдийгөө ялагдсаныг мэдэв. Гибеагийн харалдаа нуугдаж буй отогчдод найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зам тавихад

37 отогчид яаравчлан Гибеа уруу эрчээрээ довтлов. Отогчид бас цөмрөн ороод, хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив.

38 Израиль эрчүүд болон отогчдын хооронд болзсон тэмдэг байсан бөгөөд энэ нь хотоос өтгөн утаа багшран гаргах тэмдэг байв.

39 Тэгэхэд Израилийн эрчүүд эргэн тулалдах ёстой байв. Бениамин цохиж эхлэн, бараг гучаад Израиль хүнийг алж,
-Үнэхээр тэд анхны тулалдааны адил бидэнд цохигдон ялагдсан билээ хэмээн хэлцгээж байв.

40 Харин хотоос өтгөн утаа олгойдон гарч эхлэхэд Бениамин эргэн хартал, бүх хотыг утаа нөмрөн, тэнгэрт хөөрч байв.

41 Израиль хүмүүс эргэн дайрсанд, өөрсөд уруу нь гай ойртож буйг харсан бениаминчууд айцгаав.

42 Израилийн эрсэд нуруугаа харуулан, цөл уруу зугтаасан боловч араас нь нэхэн тулалдсан ба хотуудаас гарч ирсэн хүмүүс ч нэгдэн тэднийг устгав.

43 Израиль хүмүүс Бениаминыг бүслэн, тэднийг амс хийлгэлгүй нэхэн, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт бут цохив.

44 Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ.

45 Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж, үлдсэнийг нь Гидомд гүйцэж бариад хоёр мянган хүнийг алав.

46 Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүмүүс нь сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.

47 Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэндээ дөрвөн сарын турш бүгэв.

48 Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцаж, тэднийг болон хотуудыг нь довтлон, тэндхийн хүн, мал, хамаг юмсыг нь илдний ирээр сүйтгэж, галдан шатаав.

 Шүүгчид (Judges)  21

1 Израилийн эрчүүд Мизпад тангараг тавин "Бидний хэн нь ч охиноо Бениаминтай гэрлүүлэхгүй" хэмээн өгүүлэв.

2 Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав.

3 Тэд
-Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв.

4 Дараагийн өдөр нь ардууд эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.

5 Тэгээд Израилийн хөвгүүд
-Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий цугларалтад ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд
-Тэр нь заавал алагдах болно хэмээн хатуу тангаргийг тэд тавьсан болой.

6 Израилийн хөвгүүд өөрсдийн дүү болох Бениамины төлөө гашуудан
-Өнөөдөр Израилиас нэг овог таслагдав.

7 Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.

8 Тэд
-Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв.

9 Учир нь ард түмнийг тоолсонд, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй.

10 Тиймээс чуулган арван хоёр мянган эрэлхэг дайчдыг тийш нь илгээж, тэдэнд тушаасан нь
-Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун.

11 Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэв.

12 Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.

13 Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.

14 Тэр үед Бениамин буцаж ирсэнд, Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс амьд үлдсэн эмэгтэйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй.

15 ЭЗЭН Израилийн овгуудын дунд онгорхой зай гаргасан тул ард түмэн Бениамины төлөө гашуудав.

16 Чуулганы ахлагчид
-Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд,

17 -Энэ овог Израилиас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой.

18 Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин
-Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай хэмээсэн билээ.

19 Ийнхүү тэд
-Харагтун, Бетелийн хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын зүүн талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв.

20 Тэд Бениамины хөвгүүдэд
-Явж, усан үзмийн талбайд нуугдан хүлээж,

21 харагтун. Хэрэв Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун.

22 Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд гомдол мэдүүлбэл бид тэдэнд "Охидоо тэдэнд өгч, бидний төлөө тэднийг энэрэгтүн. Бид дайны үед тэдэнд эхнэр авсангүй бөгөөд та нар ч охидоо тэдэнд өгөөгүй учраас та нар яллагдахгүй юм" хэмээн хэлнэ гэв.

23 Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Бүжиглэж байсан охидоос тэд өөрсдийн тоогоор булаан авч явав. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож, тэндээ суурьшив.

24 Тэр үед Израилийн хөвгүүд тэндээс тус тусын овог болон бүл уруугаа буцаж, хүн бүр өөрсдийн өв болох газар уруугаа явцгаав.

25 Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.

 

#@#