Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  26  27  28  29  30  31  32  33  34  35  36  37  38  39  40  41  42  43  44  45  46  47  48  49  50

 ЭХЛЭЛ (Genesis)  26

1 Абрахамын үед анх өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ.

2 ЭЗЭН Исаакт үзэгдэж
-Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх тэр газарт суу.

3 Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.

4 Би чиний үр хүүхдийг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр хүүхдүүдэд өгнө. Газар дэлхий дээр байгаа бүх үндэстэн чиний үр хүүхдээр дамжин ерөөл хүртэх болно.

5 Учир нь Абрахам Миний үгийг дуулгавартай дагаж, Миний тушаал, Миний захирамж, Миний зарлиг, Миний хуулийг сахьсан билээ гэв.

6 Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ.

7 Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр
-Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ.

8 Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав.

9 Абимелех Исаакийг дуудан
-Тэр бол чиний эхнэр үнэхээр мөн байтал чи яахин түүнийг миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак
-Түүнээс болж би үхэх болов уу гэж бодсон юм гэж хариулав.

10 Абимелех
-Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтаж болох байсан. Тэгээд чи биднийг нүгэлд унагаах байсан билээ гэв.

11 Тэгээд Абимелех
-Энэ хүнд юм уу, эсвэл түүний эхнэрт халдаж довтолсон хэнийг ч болов цаазална гэж бүх хүндээ тушаажээ.

12 Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин илүү ургац авчээ. ЭЗЭН түүнийг ерөөсөн учир

13 тэрээр агуу их болж, өсөн өссөөр маш их баян чинээлэг болжээ.

14 Түүний хонь, үхэр өсөн үржиж, зарц нар нь маш олон байсан тул филистчүүд түүнд атаархаж,

15 түүний эцэг Абрахамын үед зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлжээ.

16 Абимелех Исаакт хандаж
-Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.

17 Исаак тэр газрыг орхин явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэндээ суурьшив.

18 Исаак эцэг Абрахамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Абрахамыг нас барсны дараа тэдгээр худгуудыг филистчүүд чигжиж битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв.

19 Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.

20 Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,
-Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.

21 Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ.

22 Тэрээр тэндээс нүүж, бас нэгэн худаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд,
-ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн учир, бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв.

23 Исаак тэндээс Беершеба уруу явав.

24 Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж
-Би бол чиний эцэг Абрахамын Бурхан.
Бүү ай!
Учир нь Би чамтай хамт байна.
Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн,
Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.

25 Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.

26 Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв.

27 Исаак тэдэнд хандан
-Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд

28 тэд
-ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.

29 Бид чамд халдалгүй, зөвхөн сайн үйл хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч гэжээ.

30 Исаак тэдэнд зориулан найр хийсэнд, тэд идэж ууцгаав.

31 Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэд түүнийг амар тайван орхижээ.

32 Яг тэр өдөр Исаакийн зарц нар ирж, өөрсдийн ухсан худгийн тухай Исаакт ярьж, "Бид ус оллоо" гэж хэлэв.

33 Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг одоо хүртэл Беершеба гэдэг ажээ.

34 Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит, хит хүн Елоны охин Басемат хоёрыг эхнэр болгон авчээ.

35 Тэд Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  27

1 Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа
-Хүү минь! гэж дуудсанд хүү нь
-Би энд байна гэхэд

2 Исаак
-Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.

3 Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж,

4 миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.

5 Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов.

6 Ребека өөрийн хүү Иаковт
-Чиний ах Есавд аавын чинь хэлсэн үгийг би сонслоо.

7 Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна.

8 Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс!

9 Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье.

10 Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв.

11 Иаков эх Ребекадаа
-Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.

12 Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.

13 Эх нь түүнд
-Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,

14 Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.

15 Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,

16 ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.

17 Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.

18 Иаков эцэг дээрээ очиж,
-Аав минь ээ! гэж дуудсанд аав нь
-Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд

19 Иаков эцэгтээ хандан
-Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд

20 Исаак өөрийн хүүдээ
-Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр
-Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.

21 Исаак Иаковт хандаж
-Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ.

22 Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч
-Дуу чинь Иаковын дуу атал, гар чинь Есавын гар байна гээд,

23 түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ.

24 Тэгээд Исаак
-Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков
-Тийм ээ гэжээ.

25 Исаак
-Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ.

26 Тэгээд эцэг Исаак нь
-Хүү минь, наашаа дөхөж ирээд, намайг үнс гэхэд

27 Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж,
-Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.

28 Бурхан чамд тэнгэрийн шүүдэр,
Газрын баялаг,
Арвин их үр тариа,
Дарс хайрлах болтугай!

29 Ард олон чамд зарагдаж,
Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!
Чи ах дүү нарынхаа эзэн болж,
Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж,
Чамайг хараасан нь хараалд идэгдэж,
Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.

30 Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаа буцаж ирээд,

31 амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад,
-Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адислана уу? гэжээ.

32 Эцэг Исаак нь
-Чи хэн бэ? гэж түүнээс асуухад
-Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ.

33 Исаак ихэд цочирдон
-Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.

34 Есав эцгийнхээ үгийг сонсоод, бархиран уйлж, эцэгтээ
-Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! гэсэнд

35 Исаак
-Чиний дүү залилан ирж, чиний ерөөлийг авчихжээ гэж хэлсэнд

36 Есав
-Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд
-Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд

37 Исаак Есавд хариулж,
-Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.

38 Есав эцэгтээ хандаж
-Эцэг минь ээ! Танд ганцхан л ерөөл адис байдаг юм уу? Эцэг минь ээ, намайг ерөөн адислаач. Намайг ч бас тэгээч! гэж хэлээд чангаар уйлав.

39 Түүний эцэг Исаак түүнд хандаж
-Чиний суух газар бол газрын баялгаас хол,
Тэнгэрийн шүүдрээс хол юм.

40 Чи сэлмээрээ амьдарч,
дүүдээ зарагдана.
Хэзээ чи уяанаасаа тайлагдана,
Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.

41 Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө "Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална" гэж хэлжээ.

42 Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж, дуудан ирүүлээд,
-Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна.

43 Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод,

44 ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай.

45 Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ гэв.

46 Ребека Исаакт хандан
-Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  28

1 Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь
-Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.

2 Чи Паддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав.

3 Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,

4 Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.

5 Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-арам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ.

6 Есавын харж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-арамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, "Канааны охидоос эхнэр бүү ав" хэмээн тушаажээ.

7 Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа.

8 Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ.

9 Тэгээд Есав Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин буюу Небаиотын охин дүү Махалатыг эхнэр болгон авав.

10 Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав.

11 Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ.

12 Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.

13 Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод,
-Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.

14 Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.

15 Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.

16 Иаков зүүднээсээ сэрээд
-ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.

17 Тэрээр айгаад,
-Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.

18 Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган,

19 тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.

20 Иаков тангараглаж
-Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,

21 намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж,

22 багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  29

1 Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.

2 Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад,

3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.

4 Иаков тэдэнд хандаж
-Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд
-Бид Харанаас ирсэн гэжээ.

5 Иаков тэднээс
-Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд
-Бид түүнийг мэднэ гэв.

6 Иаков тэднээс
-Тэр сайн уу? гэж асуусанд тэд
-Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.

7 Иаков
-Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.

8 Тэд
-Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.

9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.

10 Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.

11 Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,

12 Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.

13 Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.

14 Лабан түүнд
-Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.

15 Лабан Иаковт
-Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.

16 Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.

17 Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.

18 Иаков Рахелд дурласан тул
-Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд

19 Лабан
-Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.

20 Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.

21 Иаков Лабанд
-Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.

22 Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв.

23 Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ.

24 Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.

25 Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд
-Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд

26 Лабан
-Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.

27 Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.

28 Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.

29 Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.

30 Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31 ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.

32 Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр
-ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.

33 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,
-ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.

34 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж,
-Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ.

35 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд
-Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  30

1 Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт
-Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.

2 Иаков Рахелд уурлан
-Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд

3 Рахел
-Энд миний шивэгчин Билха байна. Түүнтэй унт! Тэр миний өвөр дээр хүү тавих болно. Тэгвэл түүгээр дамжуулж, би хүүхэдтэй болно гээд,

4 өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүний өвөрт оржээ.

5 Билха жирэмсэлж, Иаковт хүү төрүүлж өгөв.

6 Рахел
-Бурхан намайг өмгөөлж, миний дууг сонсоод, надад хүү хайрлалаа гээд, түүнийг Дан гэж нэрлэжээ.

7 Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв.

8 Рахел
-Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэж нэр өгчээ.

9 Леа өөрийн хүүхэд төрүүлэхээ зогссоныг хараад, өөрийн шивэгчин Зилпаг аваад, Иаковт татвар эм болгон өгчээ.

10 Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв.

11 Леа
-Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.

12 Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ.

13 Леа
-Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.

14 Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан
-Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.

15 Леа түүнд
-Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел
-Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.

16 Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд, Леа түүнтэй уулзахаар гараад, түүнд
-Хөвгүүнийхээ мандарваа цэцгээр би таныг худалдаж авсан учир өнөө шөнө миний өвөрт орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ.

17 Бурхан Леаг сонссон учир Леа жирэмсэлж, тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

18 Леа
-Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ.

19 Леа дахин жирэмсэлж, зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

20 Леа
-Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ.

21 Дараа нь тэрээр охин төрүүлээд, түүнийг Дина гэж нэрлэв.

22 Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ.

23 Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд
-Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд,

24 хүүгээ Иосеф гэж нэрлээд
-ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.

25 Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд хандаж
-Намайг явуулж өгөөч. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач!

26 Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Миний танд хэрхэн зарцлагдсаныг та мэднэ шүү дээ гэв.

27 Лабан түүнд
-Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд

28 -Чи ажлын хөлсөө тогт. Би түүнийг чинь өгье гэж хэлэв.

29 Иаков түүнд
-Би танд хэрхэн зарцлагдсаныг, бас хэрхэн таны мал сүргийг маллаж байсныг, ямар болгосныг та мэднэ шүү дээ.

30 Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Миний байсан газар болгонд ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв.

31 Лабан
-Би чамд юу өгөх вэ? гэсэнд Иаков
-Надад юу ч бүү өг! Хэрэв миний төлөө энэ зүйлийг хийвэл, би таны мал сүргийг дахин хариулж хамгаалъя гэжээ.

32 -Өнөөдөр би таны хонин сүргийн дундуур явж алаг, цоохор, хар хоньд бас алаг, цоохор ямаануудыг ялган авна. Тэдгээр нь миний хөлс болно.

33 Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд, миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд

34 Лабан
-За, чиний хэлсэн ёсоор болъё! гэв.

35 Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа, мөн хар алаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хүүгийнхээ гарт өгчээ.

36 Тэрээр Иаковыг өөрөөсөө гурав хоногийн зайтай газар суулгаж, Иаков Лабаны үлдсэн хонин сүргийг хариулсаар байлаа.

37 Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ.

38 Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ хонио усалдаг онгоцнуудынхаа дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уухдаа хээл авч,

39 мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, цоохор хурга гаргажээ.

40 Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн эсрэг талд нь гаргав. Өөрийнхөө сүргийг тусгаарлаж, Лабаны сүрэгтэй холилдуулсангүй.

41 Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков тэдний өмнөх онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэдээс хээлтжээ.

42 Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьсангүй. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ.

43 Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  31

1 Лабаны хөвгүүд
-Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов.

2 Иаков Лабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.

3 ЭЗЭН Иаковт
-Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.

4 Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд

5 тэдэнд өгүүлрүүн
-Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.

6 Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ.

7 Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.

8 Тэрээр "Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно" гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр "Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно" гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан.

9 Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.

10 Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв.

11 Бурханы тэнгэр элч зүүдэнд минь
-Иаков! хэмээсэнд
-Би энд байна гэж би хариулав.

12 -Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.

13 Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.

14 Рахел, Леа хоёр түүнд
-Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү?

15 Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.

16 Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.

17 Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж,

18 өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.

19 Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.

20 Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.

21 Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.

22 Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,

23 ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ.

24 Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд
-Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.

25 Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.

26 Лабан Иаковт хандаж
-Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?

27 Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.

28 Чи ач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.

29 Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад "Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл" гэсэн.

30 Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.

31 Иаков Лабанд
-"Таныг охидоо надаас булаан авч магадгүй" гэж бодсон учир би айсан юм.

32 Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.

33 Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ.

34 Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй.

35 Рахел эцэгтээ хандаж
-Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.

36 Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан
-Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?

37 Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.

38 Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.

39 Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.

40 Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.

41 Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.

42 Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.

43 Лабан Иаковт хандаж
-Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?

44 Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.

45 Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ.

46 Тэрээр ах дүү нартаа хандаж
-Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.

47 Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.

48 Лабан
-Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.

49 Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр "Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай" гэсэн ажээ.

50 -Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.

51 Лабан дахин Иаковт хандаж,
-Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.

52 Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.

53 Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.

54 Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.

55 Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  32

1 Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав.

2 Иаков тэднийг хармагцаа
-Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

3 Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,

4 тэдэнд тушааж
-Миний эзэн Есавд ингэж хэл. "Таны зарц Иаков ингэж хэлүүллээ "Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

5 Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна" гэж хэл" гэв.

6 Элч нар Иаковт буцаж ирээд,
-Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.

7 Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав.

8 Тэгээд Иаков
-Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ.

9 Иаков
-Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад "Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно" гэж надад хэлсэн.

10 Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.

11 Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.

12 Та "Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө" гэж хэлсэн биз дээ гэв.

13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.

14 Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,

15 гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв.

16 Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан
-Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ.

17 Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж
-Миний ах Есав чамтай уулзаад, "Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?" гэж асуувал,

18 "Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа" гэж хэл гэв.

19 Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж,
-Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй.

20 Та нар бас "Таны зарц Иаков бидний ард ирж байгаа" гэж хэлээрэй гэв. Иаков
-Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ.

21 Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө хуарандаа хонов.

22 Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ.

23 Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт нь байсан болгоноо гаргажээ.

24 Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.

25 Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.

26 Тэр хүн
-Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков
-Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.

27 Тэгээд тэр хүн
-Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр
-Иаков гэж хэлжээ.

28 Тэр хүн
-Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.

29 Иаков
-Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн
-Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.

30 Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд,
-Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.

31 Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон явжээ.

32 Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  33

1 Иаковыг хараагаа өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд,

2 шивэгчид болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг сүүлд нь оруулав.

3 Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав уруугаа дөхөж очиход,

4 Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.

5 Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад,
-Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков
-Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.

6 Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.

7 Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Дараа нь Иосеф Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.

8 Есав
-Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков
-Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.

9 Есав
-Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв.

10 Иаков
-Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.

11 Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.

12 Тэгээд Есав
-Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв.

13 Иаков түүнд
-Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа.

14 Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.

15 Есав
-Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков
-Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.

16 Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав.

17 Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.

18 Иаков Паддан-арамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив.

19 Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор худалдан авч,

20 тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  34

1 Леагийн Иаковт төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ.

2 Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав.

3 Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив.

4 -Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.

5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ.

6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ.

7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.

8 Хамор тэдэнтэй ярилцан,
-Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.

9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.

10 Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв.

11 Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,
-Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.

12 Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.

13 Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ.

14 Иаковын хөвгүүд тэдэнд
-Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.

15 Харин ийм нэг болзлыг хангавал, бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай бүх эрчүүд хөвч хөндөх ёслол хийлгэж, бидэнтэй адил болбол,

16 бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно.

17 Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.

18 Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ.

19 Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй.

20 Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан

21 -Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч, бас тэдэнд охидоо өгцгөөе.

22 Манайхны бүх эрчүүд тэдний хийлгэдэг хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө.

23 Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.

24 Хотын дааман хаалгаар орж гарч байгаа бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хаалгаар орж, гарч байгаа бүх эрчүүд цөм хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.

25 Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ.

26 Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов.

27 Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.

28 Тэд тэдний хонь, үхэр, илжиг, бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь булаан авав.

29 Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ.

30 Иаков Симеон, Леви хоёрт хандаж
-Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв.

31 Харин тэд
-Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  35

1 Бурхан Иаковт хандаж
-Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.

2 Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж
-Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!

3 Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.

4 Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.

5 Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.

6 Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв.

7 Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.

8 Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.

9 Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв.

10 Бурхан түүнд
-Чамайг Иаков гэдэг,
Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй,
Харин чиний нэр Израиль болно

11 Бурхан түүнд
-Би Төгс Хүчит Бурхан байна.
Чи өнөр өтгөн болж, үрж!
Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч,
Мөн хаад бас чамаас төрж гарах болно.

12 Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө.
Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.

13 Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов.

14 Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ.

15 Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.

16 Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.

17 Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь
-Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв.

18 Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв.

19 Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.

20 Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна.

21 Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов.

22 Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.

23 Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой.

24 Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой.

25 Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой.

26 Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.

27 Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.

28 Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.

29 Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  36

1 Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.

2 Есав Канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг өөрийн эхнэр болгон авч,

3 бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ.

4 Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлж,

5 Охолибама нь Иеуш, Иалам, Кора гурвыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт төрсөн Есавын хөвгүүд болой.

6 Есав эхнэр хүүхдүүд, гэрийн бүх хүмүүсээ, өөрийн тэжээмэл хийгээд бусад бүх амьтад, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ.

7 Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.

8 Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.

9 Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.

10 Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой.

11 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой.

12 Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой.

13 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой.

14 Есавын эхнэр Охолибама нь Зибеоны ач охин буюу Анагийн охин бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар болой.

15 Есавын үр удмын дунд ахлагчид нь гэвэл, Есавын ууган хүү Елифазын үр удам болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ,

16 ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар болой. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Адагийн үр удам болой.

17 Есавын хүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой.

18 Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой.

19 Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.

20 Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана,

21 Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм.

22 Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ.

23 Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм.

24 Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ.

25 Анагийн хөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм.

26 Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой.

27 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой.

28 Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой.

29 Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана,

30 ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.

31 Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно.

32 Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ.

33 Бела үхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.

34 Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болов.

35 Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байжээ.

36 Хадад үхэж, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ.

37 Самла үхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ.

38 Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов.

39 Ахборын хүү Баал-Ханан үхэж, Хадар түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Пау гэдэг байжээ. Түүний эхнэрийг Мехетабел гэдэг байсан ба тэр нь Матредын охин, Мезахабын ач охин юм.

40 Есаваас уламжилсан ахлагчдын нэрс нь тэдний ургууд, нутгийн байршил, нэрийн дагуу эд нар болно: Ахлагч Тимна, ахлагч Алва, ахлагч Иетет,

41 ахлагч Охолибама, ахлагч Ела, ахлагч Пинон,

42 ахлагч Кеназ, ахлагч Теман, ахлагч Мибзар,

43 ахлагч Магдиел, ахлагч Ирам нар болой. Эд нар нь суудаг орон гэр, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын ахлагчид юм. Едомчуудын өвөг нь Есав билээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  37

1 Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ.

2 Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.

3 Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ.

4 Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.

5 Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.

6 Иосеф тэдэнд ярьсан нь
-Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь

7 -Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.

8 Ах нар нь түүнд хандаж
-Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.

9 Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа
-Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.

10 Тэрээр энэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж,
-Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв.

11 Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.

12 Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад

13 Израиль Иосефт хандаж
-Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ
-Тэгье гэжээ.

14 Израиль түүнд
-Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.

15 Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс
-Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд

16 тэрээр
-Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд

17 тэр хүн
-Тэд эндээс явцгаасан. "Дотан уруу явцгаая" гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.

18 Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.

19 Тэд
-Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв.

20 -За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, "Зэрлэг араатан түүнийг идсэн" гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ.

21 Реубен үүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар
-Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв.

22 Реубен бас тэдэнд
-Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ.

23 Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж,

24 түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.

25 Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.

26 Иуда ах дүү нартаа хандаж
-Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ?

27 Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров.

28 Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.

29 Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,

30 дүү нартаа эргэж ирээд,
-Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.

31 Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв.

32 Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд,
-Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд

33 тэрээр дээлийг таниад,
-Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд

34 Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.

35 Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж,
-Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.

36 Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  38

1 Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив.

2 Иуда тэнд канаан хүн Шуа гэдэг хүний охиныг олж хараад, түүнийг авч хамт хонов.

3 Тэрээр жирэмсэлж хүү төрүүлэхэд, Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ.

4 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв.

5 Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.

6 Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв.

7 Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ.

8 Иуда Онанд хандаж
-Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.

9 Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.

10 Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.

11 Иуда өөрийн бэр Тамарт хандаж
-Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.

12 Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.

13 Тамар "Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ" гэдгийг сонсоод,

14 тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.

15 Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ.

16 Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир
-Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр
-Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд

17 тэрээр
-Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр
-Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ.

18 Иуда
-Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр
-Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ.

19 Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.

20 Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй.

21 Тэгээд тэрээр тэндхийн хүнээс
-Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? хэмээн асуусанд тэд
-Энд янхан байгаагүй гэжээ.

22 Тэгээд тэрээр Иуда дээр хүрч ирээд
-Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд

23 Иуда
-Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.

24 Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад
-Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда
-Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.

25 Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, "Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон" гээд, цааш нь "Харж болгооно уу? Энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ?" гэжээ.

26 Иуда тэдгээр зүйлийг таниад,
-Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлээд, түүнтэй дахин ойртсонгүй.

27 Түүнийг төрөх болоход хэвлийд нь хоёр ихэр байжээ.

28 Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь улаан утас аваад, гарт нь уяж,
-Энэ нь эхэлж гарлаа гэв.

29 Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, дүү нь гарч иржээ. Эх баригч
-Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв.

30 Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.

 ЭХЛЭЛ (Genesis)  39

1 Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ.

2 ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.

3 Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв.

4 Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ.

5 Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ.

6 Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.

7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,
-Надтай унтаач хэмээн гуйв.

8 Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
-Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир

9 энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.

10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй.

11 Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй.

12 Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,
-Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.

13 Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад,

14 тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж
-Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.

15 Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв.

16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв.

17 Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж
-Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.

18 Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.

19 Эзэн нь "Таны зарц намайг ингэлээ" гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ.

20 Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч

21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.

22 Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв.

23 Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  40

1 Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.

2 Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,

3 тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.

4 Ордны харуулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув.

5 Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа.

6 Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.

7 Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан
-Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд

8 тэд
-Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд
-Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.

9 Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь
-Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба

10 тэр усан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ.

11 Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.

12 Иосеф түүнд
-Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.

13 Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно.

14 Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?

15 Үнэнээ хэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.

16 Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан
-Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.

17 Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд

18 Иосеф
-Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.

19 Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.

20 Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж,

21 ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.

22 Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч

23 ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

 ЭХЛЭЛ (Genesis)  41

1 Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм.

2 Тэгтэл тарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ.

3 Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ.

4 Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ.

5 Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ.

6 Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ.

7 Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа.

8 Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.

9 Ахлах сөнч Фараонд хандаж
-Өнөөдөр би гэмээ саналаа.

10 Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад

11 тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан.

12 Тэнд ордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд

13 түүний тайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.

14 Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв.

15 Фараон Иосефт хандаж
-Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв.

16 Иосеф Фараонд хандаж
-Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.

17 Фараон Иосефт хандаж
-Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм.

18 Тэгтэл тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа.

19 Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ.

20 Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ.

21 Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ.

22 Би бас зүүдэндээ харсан нь: нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч,

23 түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв.

24 Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв.

25 Иосеф Фараонд хандаж
-Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ.

26 Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм.

27 Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм.

28 Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм.

29 Египетийн бүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж,

30 дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно.

31 Залгаж ирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно.

32 Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно.

33 Фараон та цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул.

34 Фараон та тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж,

35 тэднээр ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул.

36 Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв.

37 Энэ нь Фараон болон түүний бүх түшмэлд сайхан санагджээ.

38 Фараон түшмэддээ хандаж
-Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,

39 Фараон Иосефт хандаж
-Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга.

40 Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.

41 Фараон
-Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,

42 өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,

43 өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө
-Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.

44 Фараон Иосефт хандаж
-Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,

45 Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.

46 Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав.

47 Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ.

48 Иосеф Египетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв.

49 Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ.

50 Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.

51 Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм" гэжээ.

52 Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой" гэжээ.

53 Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж,

54 Иосефын хэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Газар нутаг бүхэлдээ ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ.

55 Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж
-Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв.

56 Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

57 Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  42

1 Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж,
-Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.

2 Иаков бас
-Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв.

3 Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав.

4 Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь "Түүнд гай тохиолдохоос айж байна" гэж тэрээр хэлсэн юм.

5 Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.

6 Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

7 Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг
-Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд
-Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.

8 Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.

9 Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж
-Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлсэнд

10 тэд түүнд хандан
-Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс авахаар л ирцгээлээ.

11 Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд

12 Иосеф тэдэнд
-Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.

13 Тэд
-Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

14 Иосеф тэдэнд
-Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.

15 Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй.

16 Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв.

17 Тэгээд Иосеф тэднийг бүгдийг хамтад нь гурван хоног хорив.

18 Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж
-Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.

19 Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг.

20 Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ.

21 Тэд
-Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав.

22 Реубен бусдадаа
-Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.

23 Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй.

24 Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.

25 Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутнуудад нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.

26 Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.

27 Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад,

28 ах дүү нартаа хандаж,
-Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ
-Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.

29 Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг ярьж өгөв.

30 -Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд

31 бид түүнд хандан "Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш.

32 Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа" гэсэнд

33 тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд "Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд,

34 отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно" гэж хэлэв.

35 Тэгээд тэднийг өөрсдийнхөө уутыг суллахад хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд боодолтой мөнгөө эцгийнхээ хамт хараад, бүгдээрээ айцгаажээ.

36 Иаков эцэг нь тэдэнд хандаж
-Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.

37 Тэгтэл Реубен эцэгтээ хандаж
-Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгаарай. Би түүнийг танд буцааж авчирна гэсэнд

38 Иаков
-Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  43

1 Тэр нутаг ган зудад хүнд нэрвэгджээ.

2 Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд хандаж
-Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд

3 Иуда эцэгтээ хандаж
-Тэр хүн бидэнд "Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй" гэж хатуу сануулсан билээ.

4 Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна.

5 Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд "Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй" гэж хэлсэн шүү дээ гэв.

6 Израиль
-Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд

7 тэд
-Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж "Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?" гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг "Дүүгээ авчир!" гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв.

8 Иуда эцэг Израильдаа
-Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно.

9 Би түүнийг бүрэн хариуцна. Та надаас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчран өгөхгүй бол, би таны өмнө үүрд гэмтэн болно.

10 Хэрэв бид хойшлуулаагүй бол бид хэдийн хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.

11 Эцэг Израиль нь тэдэнд хандаж
-Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.

12 Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.

13 Бас дүүгээ авч яваад, тэр хүн дээрээ эргэж оч!

14 Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв.

15 Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.

16 Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад, гэрийн даамалдаа
-Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үдэд надтай хамт хооллоно гэсэнд

17 даамал Иосефын хэлснийг ёсоор болгож, тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав.

18 Иосефын гэрт тэд хүргэгдсэндээ айцгаан,
-Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж, бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж, хүчээр баривчлан, боол болгоод, бидний илжгийг авах гэж байна гэж хэлэв.

19 Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн хаалганы дэргэд түүнд ийнхүү өгүүлэв.

20 -Эзэн минь! Бид хүнс худалдаж авахаар өмнө нь энд ирсэн билээ.

21 Тэгээд буудаллах газраа хүрч очоод, уутныхаа амыг нээсэнд уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Тэгээд бид түүнийг буцааж авчирсан.

22 Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсар уруу мөнгийг маань хэн буцааж хийснийг бид мэдэхгүй гэв.

23 Тэрээр
-Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд тэр эрдэнэсийг хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд, Симеоныг тэдэнд гаргаж өгөв.

24 Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод, тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж, бас илжгэнд нь тэжээл өгчээ.

25 Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.

26 Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв.

27 Иосеф тэдний амар мэндийг асуугаад,
-Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд

28 тэд
-Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.

29 Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад,
-Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд,
-Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.

30 Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав.

31 Тэрээр нүүрээ угааж, гарч ирээд, сэтгэлээ барин,
-Хоолоо авчирч тавь гэв.

32 Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирч өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ.

33 Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоосоо аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биеэ гайхан харцгаав.

34 Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, баярлан цэнгэцгээв.

 ЭХЛЭЛ (Genesis)  44

1 Иосеф гэрийн даамалдаа
-Тэдний уутыг даацынх нь хирээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутны нь аманд хий!

2 Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд хоол хүнсний мөнгөтэй нь хамт хий! хэмээн тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж,

3 үүр гэгээрэхэд тэр хүмүүсийг болон тэдний илжгийг явуулав.

4 Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж,
-Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд "Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?

5 Энэ бол миний эзний уудаг аяга, мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь биш гэж үү? Та нар ийнхүү гэм буруутай зүйл хийжээ" гэж хэл хэмээжээ.

6 Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв.

7 Тэд
-Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Иймэрхүү зүйл хийх нь биднээс хол байг.

8 Бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахин хулгайлах билээ?

9 Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд

10 даамал
-Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв.

11 Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд

12 даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжсэнд, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ.

13 Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.

14 Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв.

15 Иосеф тэдэнд хандан
-Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.

16 Иуда
-Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё гэсэнд

17 Иосеф
-Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.

18 Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь
-Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.

19 Эзэн минь, та зарц биднээс "Та нар эцэгтэй юу, дүүтэй юу?" гэж асуусанд

20 "Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай" гэж бид эзэн тандаа хэлсэн билээ.

21 Та зарц бидэнд "Түүнийгээ над уруу аваад ир! Би түүнийг чинь үзье" гэж хэлсэн билээ.

22 Тэгэхэд "Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно" гэж бид эзэн танд хэлсэн билээ.

23 Тэгэхэд та зарц бидэнд хандаж "Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй" гэсэн билээ.

24 Тэгээд таны зарц бид эцэгтээ буцаж очоод, эзэн таны үгийг түүнд хэлсэн.

25 Тэгээд эцэг маань "Буцаж яваад, жаахан хоол хүнс худалдаж авчир!" гэсэнд

26 бид "Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй" гэсэнд

27 таны зарц бидний эцэг бидэнд хандан "Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн.

28 Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй.

29 Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч явахад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та бүгд уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно" гэв.

30 Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол

31 эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно.

32 Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, "Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно" гэж хэлсэн билээ.

33 Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулна уу?

34 Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  45

1 Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд,
-Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.

2 Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.

3 Иосеф ах дүү нартаа хандан
-Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.

4 Иосеф ах нартаа
-Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф
-Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна.

5 Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.

6 Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй.

7 Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.

8 Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ.

9 Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд "Таны хүү Иосеф ингэж хэлэв. "Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над уруу даруй түргэн ирээч.

10 Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.

11 Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй" гээрэй.

12 Та нарын болон миний дүү Бениамины нүдэн дээр та нарт энэ үгийг хэлж байгаа хүн бол Иосеф би биеэрээ байна.

13 Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд түргэн авчир!" гээд,

14 өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.

15 Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.

16 Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав.

17 Фараон Иосефт хандан
-Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж,

18 эцгээ болон гэр орныхныгоо дагуулан нааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно.

19 Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул.

20 Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.

21 Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф Фараоны тушаасан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв.

22 Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ.

23 Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.

24 Тэрээр ах нараа үдэж гаргахдаа
-Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.

25 Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.

26 Тэгээд эцэгтээ
-Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.

27 Тэгээд тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлж өгөв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв.

28 Израиль
-Одоо боллоо. Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна. Би үхэхээсээ өмнө очиж, түүнтэй уулзъя гэж хэлэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  46

1 Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж, эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв.

2 Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж,
-Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков
-Би энд байна гэж хариулав.

3 Бурхан
-Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа битгий ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгож өгнө.

4 Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв.

5 Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.

6 Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.

7 Ийнхүү Иаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр хүүхдээ дагуулж, Египетэд очжээ.

8 Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.

9 Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.

10 Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.

11 Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари.

12 Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.

13 Иссахарын хөвгүүд Тола, Пувва, Иов болон Шимрон.

14 Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел болой.

15 Эдгээр нь Паддан-арамд Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурав болой.

16 Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой.

17 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.

18 Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковт төрүүлж өгсөн арван зургаан хүүхдүүд болой.

19 Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.

20 Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.

21 Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард болой.

22 Тэдгээр нь Иаковт Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд болой. Тэд бүгд нийлээд арван дөрвүүлээ юм.

23 Даны хүү нь Хушим.

24 Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем.

25 Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм.

26 Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм.

27 Египетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.

28 Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.

29 Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.

30 Израиль Иосефт хандаж
-Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв.

31 Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж
-Би очиж Фараонд хэлье. Би түүнд "Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ.

32 Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ" гэе.

33 Фараон та нарыг дуудаад "Та нар юу хийдэг улс вэ?" гэж асуухлаар нь

34 та нар "Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ" гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  47

1 Иосеф Фараонд очоод,
-Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрэлцэн ирээд, одоо Гошен нутагт байна гээд

2 ах нараасаа таван хүнийг сонгож, Фараонд бараалхуулжээ.

3 Фараон түүний ах нараас
-Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд
-Таны зарц бид хоньчид. Бид болон бидний өвөг дээдэс бүгд тийм улс гэв.

4 Тэд бас Фараонд хандаж
-Канаан нутагт болсон хүнд хэцүү ган зудад таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд нутаглахаар хүрч ирлээ. Тиймээс зарц биднийг Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.

5 Фараон Иосефт хандаж
-Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна.

6 Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл, миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.

7 Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв.

8 Фараон Иаковаас
-Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд

9 Иаков Фараонд
-Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.

10 Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов.

11 Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.

12 Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үр хүүхдүүдийг нь хоол хүнсээр хангах болжээ.

13 Ган зудад үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт хоол хүнсгүй болж, Египет болон Канаан нутаг ган зудад үгүйрэн туйлджээ.

14 Иосеф үр тариа худалдаж, Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараоны ордонд авчрав.

15 Египет болон Канаан нутгийнхан мөнгөө дуусгажээ. Египетчүүд бүгдээр Иосефт ирж
-Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд хоол хүнс өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд

16 Иосеф
-Та нар малаа авчирч өг. Та нарын мөнгө дууссан учир би малын чинь оронд үр тариа өгье гэжээ.

17 Тэгээд тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд хоол хүнс өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ хоол хүнсээр хангав.

18 Тэр жил өнгөрч, дараачийн жил нь болоход хүмүүс Иосефт ирж
-Мөнгөө бүгдийг нь дуусгаснаа бид танаас нуухгүй. Мөн мал сүрэг маань бүгд эзэн таных. Бидний бие болон газар нутгаас маань өөр эзэн танд өгөх юм юу ч үлдсэнгүй.

19 Бид ч газар нутагтайгаа эзэн таны өмнө яагаад үхэх ёстой юм бэ? Бидний биеийг болон газар нутгийг маань хоол хүнсээр худалдаж ав! Бид газар нутагтайгаа хамт Фараоны боол зарц болцгооё. Бидэнд үр тариа хайрлаач. Тэгвэл газар нутаг маань ч цөлжихгүй гэв.

20 Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг худалдаж аваад, Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Тэгээд газар Фараоных болжээ.

21 Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг хотууд уруу нүүлгэн шилжүүлжээ.

22 Харин зөвхөн тахилчдын газрыг л худалдаж авсангүй. Учир нь тахилчид Фараонаас хувь хүртдэг, Фараонаас өгдөг хишиг хувиар хооллодог тул газраа худалдсангүй.

23 Иосеф ард түмэнд хандаж
-Би өнөөдөр та нарыг болон та нарын газрыг Фараоны төлөө худалдаж авсан юм. Энд үр тариа байна. Та нар түүнийг газартаа тарьцгаа!

24 Та нар ургацаа хурааж, тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь өөрсдөдөө авч, талбайд тарих үр ба өөрсөддөө болон гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ өгөх хоол хүнс болгон хэрэглэцгээ! гэсэнд

25 тэд
-Та бидний амийг аварлаа. Бид эзэн таны таалалд багтах болтугай! Бид Фараоны боол болцгооё гэлээ.

26 Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.

27 Израильчууд Египетийн Гошен газарт нутаглан сууж, тэр газрыг өмчлөн, өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болцгоов.

28 Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, зуун дөчин долоо насалжээ.

29 Израилийн үхэх цаг нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд хандан
-Би одоо чиний тааллыг авсан бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай!

30 Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф
-Би таны хэлсэн ёсоор хийнэ гэж хэлэв.

31 Иаков
-Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойд сөгдөн мөргөв.

 ЭХЛЭЛ (Genesis)  48

1 Түүнээс хойно нэгэн хүн Иосефт
-Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.

2 -Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув.

3 Иаков Иосефт хандаж
-Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.

4 Тэрээр надад "Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө" гэж хэлсэн.

5 Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.

6 Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.

7 Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).

8 Израиль Иосефын хөвгүүдийг хараад,
-Эд нар чинь хэн бэ? гэсэнд

9 Иосеф
-Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь
-Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.

10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.

11 Тэгээд Иосефт хандаж
-Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.

12 Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.

13 Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив.

14 Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ.

15 Тэрээр Иосефыг ерөөгөөд
-Миний өвөг эцэг Абрахам,
Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан,
Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,

16 Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч
Энэ хүүхдүүдийг ерөөж,
Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам
Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж,
Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.

17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв.

18 Тэгээд эцэгтээ хандаж
-Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд

19 эцэг нь татгалзаж,
-Би мэдэж байна, хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Харин дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв.

20 Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд
-Израильчууд та нарын нэрийг барьж
"Бурхан та нарыг Ефраим шиг,
Манассе шиг болгох болтугай!" хэмээн ерөөх болно

21 Израиль Иосефт хандаж
-Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.

22 Би чамд ах нарт чинь өгснөөсөө нэг хувь илүүг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.

 ЭХЛЭЛ (Genesis)  49

1 Иаков хүүхдүүдээ дуудан
-Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.

2 Иаковын хөвгүүд ээ!
Та нар цугларцгааж, сонсоцгоо!
Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!

3 Реубен, чи бол миний ууган хүү,
Миний хүч чадал,
Сүр хүчний минь охь,
Цог жавхлангийн оргил,
Эрч чадлын дээд боловч

4 Ус шиг бургилж байсан учир
Чи эрч чадлын дээд болж чадахгүй.
Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.
Тэр миний орон дээр гарсан юм.

5 Симеон, Леви хоёр ах дүүс.
Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.

6 Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог.
Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг.
Тэд уур хилэнгээрээ хүн алж,
Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.

7 Тэдний уур догшин ширүүн,
Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг!
Би тэднийг Иаковын дунд хувааж,
Израилийн дунд тараана.

8 Иуда!
Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно.
Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно.
Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

9 Иуда, чи бол арслангийн гүег юм.
Хүү минь!
Чи барьсан олзоо орхин босов.
Тэр мяраан арслан шиг хэвтэнэ.
Арслан болохынх нь хувьд,
хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

10 Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.
Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.
Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.

11 Илжгээ усан үзмийн модноос уяж,
Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж,
Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.

12 Дарснаас болж нүд нь улайж,
Сүүнээс болж шүд нь цайх болно.

13 Зебулун далайн эрэгт амьдран сууж,
Усан онгоцны зогсоолтой болж,
Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.

14 Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.

15 Тэрээр амрах газраа хараад,
Сайн гэж тооцоод,
Мөрөө доошлуулж,
Ачаагаа үүрээд,
Хүнд хүчир дарамтан дор зарагдана.

16 Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд,
Ард олноо шүүх болно.

17 Дан замын хажуугийн могой,
Морины өсгийг хатгаж,
Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.

18 ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

19 Гад нь цэрэгт довтлуулах боловч
Тэдний араас хөөж довтолно.

20 Ашерын хоол хүнс тос дааж,
Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.

21 Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.

22 Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир.
Булгийн дэргэдэх саглагар мөчир,
Тэр мөчир нь ханыг даван ургана.

23 Мэргэн харваачид түүнийг харгислан харваад,
Нэхэн хөөсөн боловч

24 Иосефын нум бат бэх,
Гар нь хүчтэй байх бөгөөд
Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,
Израилийн Хад болох Хоньчин гарах болно.

25 Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.
Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,
Тэрээр чамайг ерөөх болно.
Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,
Доор гүний ерөөл,
Хөх ба умайн ерөөл болно.

26 Чиний эцгийн ерөөл бол
Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж,
Мөнх уулсын хязгааргүй шиг
Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр,
Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.

27 Бениамин нь олзоо урж тастагч чоно.
Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.

28 Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.

29 Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь
-Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай.

30 Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм.

31 Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм.

32 Тэр талбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв.

33 Иаков хөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.

 ЭХЛЭЛ (Genesis)  50

1 Иосеф эцгийнхээ толгойн дээр бөхийн уйлж, үнсээд,

2 үйлчлэгч эмч нартаа эцгийнхээ биенд гүгэл хийлгэхээр тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.

3 Түүнийг бүтэн дөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.

4 Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь
-Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?

5 Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ "Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!" гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.

6 Фараон
-Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.

7 Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс,

8 мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.

9 Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.

10 Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.

11 Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад
-Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ.

12 Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.

13 Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв.

14 Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.

15 Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад
-Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.

16 Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж
-Эцэг чинь нас барахынхаа өмнө

17 "Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл" гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.

18 Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн
-Бид бол таны зарц нар гэсэнд

19 Иосеф тэдэнд хандаж
-Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ?

20 Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.

21 Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.

22 Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил наслан,

23 Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж, бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр өсжээ.

24 Иосеф ах дүү нартаа хандаж
-Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,

25 Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь
-Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.

26 Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биенд гүгэл хийгээд, Египетэд авсалжээ.

 

#@#