Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  21  22  23  24  25  26  27  28  29  30  31  32  33  34  35  36  37  38  39  40

 Египетээс Гарсан Нь(Exodus) 21

1 Чиний тэдэнд тогтоох хуулиуд нь эдгээр юм.

2 Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.

3 Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна.

4 Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой.

5 Гэвч хэрэв боол "Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй" гэж үнэхээр хэлбэл,

6 эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой.

7 Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.

8 Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд шударга бус хандсанаас болж түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй.

9 Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охин шигээ харьцах ёстой.

10 Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой.

11 Хэрэв тэр эдгээр гурван зүйлийг биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч мөнгөгүйгээр юу ч авалгүй явах ёстой.

12 Хүн цохиж алагчийг заавал алах ёстой.

13 Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.

14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал.

15 Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой.

16 Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой.

17 Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.

18 Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу, эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод,

19 дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.

20 Хэрэв хүн өөрийн боол эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой.

21 Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал, ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн.

22 Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ.

23 Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,

24 нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,

25 түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.

26 Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

27 Мөн хэрэв боол, эсвэл шивэгчнийхээ шүдийг цохиж унагавал шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

28 Хэрэв эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал, уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн нь шийтгүүлэлгүй явна.

29 Харин хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвэл, уг үхэр уруу чулуу шидэж, бас эзнийг нь ч алах ёстой.

30 Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө.

31 Үхэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүхдийг мөргөвөл энэ хуулийн ёсоор хийнэ.

32 Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой.

33 Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал,

34 нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно.

35 Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой.

36 Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 22

1 Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядалбал, эсвэл зарвал тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.

2 Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан, цохиулж үхвэл түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байхгүй.

3 Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой.

4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.

5 Хэрэв хүн тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.

6 Хэрэв гал гарч, үүргэний бутанд авалцаж, хураасан тариа, эсвэл хадаагүй тариа, эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой.

7 Хэрэв хүн мөнгө, эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.

8 Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой.

9 Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл "Энэ минийх" гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.

10 Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас

11 хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй.

12 Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой.

13 Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.

14 Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.

15 Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.

16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.

17 Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.

18 Удганыг бүү амьд байлга.

19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.

20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.

21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.

22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.

23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,

24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.

25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

26 Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг.

27 Учир нь тэр бол түүний цорын ганц бүтээлэг нь, биеийнх нь хувцас билээ. Тэр хүн өөр юу нөмөрч унтах вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.

28 Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа.

29 Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой.

30 Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 23

1 Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.

2 Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил.

3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.

4 Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг.

5 Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл.

6 Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.

7 Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.

8 Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна.

9 Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ.

10 Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

12 Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.

13 Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

14 Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.

15 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

16 Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь.

17 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

18 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

19 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

20 Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна.

21 Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй.

22 Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.

23 Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.

24 Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.

25 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна.

26 Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.

27 Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

28 Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна.

29 Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий.

30 Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна.

31 Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна.

32 Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.

33 Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 24

1 Дараа нь Тэр Мосед
-Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.

2 Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв.

3 Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар
-ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.

4 Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.

5 Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.

6 Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.

7 Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд
-ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.

8 Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан,
-Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.

9 Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,

10 Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.

11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

12 ЭЗЭН Мосед
-Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв.

13 Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.

14 Харин ахмадуудад хандан тэр
-Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв.

15 Тэгээд Мосе ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв.

16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.

17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.

18 Мосе үүлэн дунд орж, уул өөд гарав. Мосе уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 25

1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь

2 -Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав.

3 Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл,

4 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,

5 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,

6 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,

7 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

8 Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.

9 Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.

10 Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.

11 Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.

12 Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.

13 Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.

14 Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.

15 Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.

16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.

17 Чи өршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.

18 Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.

19 Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий.

20 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна.

21 Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.

22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.

23 Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.

24 Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий.

25 Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж.

26 Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.

27 Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.

28 Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.

29 Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.

30 Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.

31 Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо.

32 Дэнлүүний суурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна.

33 Гурван хундага нь нэг салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Мөн гурван хундага нь нөгөө салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд адил хий.

34 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага хий.

35 Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу байж, хоёр дахь хос салааны доор нэг болцуу байж, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна.

36 Тэдгээрийн болцуунууд ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байна. Энэ бүгд шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл болно.

37 Дараа нь чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой.

38 Галын чимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий.

39 Дэнлүүний суурийг эдгээр бүх хэрэгслийн хамт нэг талантын шижир алтаар хий.

40 Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 26

1 Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.

2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.

3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой.

4 Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий.

5 Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой.

6 Тавин алтан гархи үйлдэн, уг гархинуудаар бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэгдмэл болно.

7 Дараа нь чи асрын дээгүүр бүтээх майхны арван нэгэн бүрээсийг ямааны хялгасаар хийгтүн.

8 Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой.

9 Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь.

10 Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий.

11 Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.

12 Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун.

13 Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.

14 Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий.

15 Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий.

16 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас.

17 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн.

18 Тэгээд асарт зориулж өмнө талд нь байх хорин дүнзийг хий.

19 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний хоёр углуургад зориулан уг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний хоёр углуургад зориулан тухайн дүнзний доор хоёр углуурыг хийгтүн.

20 Асрын хоёрдугаар тал буюу хойд талд нь хорин дүнзийг

21 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний доор хоёр углуур

22 асрын ар тал буюу баруун талд зориулан зургаан дүнз хийгтүн.

23 Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий.

24 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байх бөгөөд хоёр талдаа тийнхүү байх ёстой. Тэд хоёр буланг гаргах юм.

25 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна.

26 Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод хий.

27 Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод, мөн асрын ар тал буюу баруун талд зориулсан таван хөндлөвч мод хийгтүн.

28 Дүнзнүүдийн голд байх дундах хөндлөвч мод нь нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх ёстой.

29 Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн.

30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.

31 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ.

32 Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой.

33 Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.

34 Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун.

35 Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун.

36 Майхны үүдэнд хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.

37 Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Тэдний дэгээнүүд нь мөн алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 27

1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.

2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.

3 Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.

4 Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий.

5 Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь.

6 Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн.

7 Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул.

8 Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.

9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.

10 Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганын дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой.

11 Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна.

12 Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна.

13 Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна.

14 Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.

15 Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна.

16 Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.

17 Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.

18 Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.

19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

20 Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.

21 Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 28

1 Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун.

2 Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.

3 Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.

4 Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, малгай ба бүс болно. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд тэд чиний ахад болон түүний хөвгүүдэд ариун хувцас хийх ёстой.

5 Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.

6 Тэд бас алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийгтүн.

7 Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой.

8 Ефодын дээрх уран нэхсэн бүс нь алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой.

9 Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.

10 Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл.

11 Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.

12 Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

13 Чи алтан хүрээтэй суурь хий.

14 Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо.

15 Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн.

16 Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна.

17 Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад,

18 хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз,

19 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор,

20 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой.

21 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ.

22 Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий.

23 Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун.

24 Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо.

25 Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо.

26 Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад.

27 Хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд хоёр мөрөвчнийх нь доор, залгаасны ойролцоо ефодын уран нэхсэн бүсний дээд талд хад.

28 Тэд цээживчний цагиргийг ефодын цагирагтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй юм.

29 Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой.

30 Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно.

31 Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд.

32 Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал.

33 Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий.

34 Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн.

35 Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.

36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг "ЭЗЭНд ариун" гэж сийлэгтүн.

37 Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн.

38 Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой.

39 Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий.

40 Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн.

41 Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

42 Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой.

43 Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 29

1 Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,

2 улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.

3 Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.

4 Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.

5 Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн.

6 Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун.

7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.

8 Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.

9 Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

10 Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.

11 Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.

12 Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.

13 Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун.

14 Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.

15 Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

16 Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

17 Дараа нь чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун.

18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

19 Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.

22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),

23 ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч,

24 эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.

25 Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

26 Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.

27 Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.

28 Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.

29 Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.

30 Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.

31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

32 Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.

33 Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.

34 Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

35 Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.

36 Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.

37 Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.

38 Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно.

39 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.

40 Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой.

41 Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн.

42 Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.

43 Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.

44 Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.

45 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.

46 Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 30

1 Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн.

2 Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байна.

3 Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий.

4 Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул.

5 Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн.

6 Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь.

7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой.

8 Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой.

9 Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга.

10 Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.

11 Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь

12 -Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.

13 Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.

14 Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө.

15 Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй.

16 Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв.

17 ЭЗЭН Мосед айлдахдаа

18 -Чи бас угаалга хийхэд зориулан хүрлээр угаалгын сав болон суурийг нь хийж, түүнийг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хий.

19 Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг.

20 Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.

21 Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон хийгээд түүний үр удамд үеийн үед мөнхийн зарлиг байх болно гэв.

22 ЭЗЭН цааш нь Мосед айлдан

23 -Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел,

24 ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин.

25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.

26 Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол.

27 Мөн ширээ ба түүний бүх хэрэгсэл, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ,

28 шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун.

29 Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно.

30 Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун.

31 Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. "Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно.

32 Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой.

33 Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно" гэлээ.

34 Дараа нь ЭЗЭН Мосед
-Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.

35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.

36 Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой.

37 Ийм найрлагаар хийсэн утлагыг өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь ЭЗЭНий төлөө чамд ариун байх ёстой.

38 Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 31

1 ЭЗЭН Мосед айлдан

2 -Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ.

3 Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

4 алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж,

5 суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ.

6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.

7 Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга,

8 бас ширээ, түүний хэрэгслүүд, шижир алтан дэнлүүний суурийг түүний бүх хэрэгсэлтэй нь хамт, утлагын тахилын ширээ,

9 бас шатаалт тахилын ширээ, түүний бүх хэрэгсэл, угаалгын сав ба түүний суурь,

10 нэхмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас ба түүний хөвгүүдийн тахилчийн үүрэг гүйцэтгэхдээ өмсөх хувцаснуудыг,

11 бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.

12 ЭЗЭН Мосед айлдан

13 -Чи Израилийн хөвгүүдэд хэл. "Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.

14 Иймээс та нар амралтын өдрийг сахигтун. Юу гэвэл энэ нь та нарт ариун юм. Үүнийг бузарласан хүн бүр үхэх ёстой. Энэ өдөрт ямар нэг ажил хийдэг хэн боловч өөрийн ард түмний дундаас таслагдана.

15 Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь өдөр нь ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр билээ. Амралтын өдөр ямар нэг ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.

16 Тиймээс Израилийн хөвгүүд амралтын өдрийг үеийн үед мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд амралтын өдрийг сахигтун".

17 Энэ бол Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Юу гэвэл зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоон, сэргэсэн билээ гэв.

18 Тэр Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 32

1 Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд
-Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.

2 Аарон тэдэнд
-Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг тайлж, надад авчир гэв.

3 Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав.

4 Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд
-Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв.

5 Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож,
-Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэв.

6 Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууцгааж, тоглож наадахаар босоцгоов.

7 ЭЗЭН Мосед
-Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.

8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, "Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм" гэцгээж байна гэв.

9 ЭЗЭН Мосед
-Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.

10 Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж айлдав.

11 Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж
-ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?

12 "Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм" гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч.

13 Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан "Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно" гэж айлдсан шүү дээ гэв.

14 Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.

15 Тэгээд Мосе буцаж уулаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байсан бөгөөд тэдгээр нь хоёулаа ар өвөргүй бичигдсэн байв.

16 Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.

17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед
-Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд

18 Мосе
-Энэ бол ялалтын уухайлах дуу биш,
ялагдлын хашхирах дуу ч бишээ.
Харин дуулалдаж буй чимээг би сонсож байна

19 Мосе хуаранд ойртмогц тугал ба бүжиглэж байгаа хүмүүсийг харав. Мосегийн уур дүрэлзэн, гараасаа хавтангуудыг хаяж, уулын бэлд тэдгээрийг бутлав.

20 Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатааж, нунтаглаж бутлаад, усны мандал уруу цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.

21 Мосе Ааронд
-Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд

22 Аарон
-Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.

23 Тэд надад "Бидэнд зориулж бидний өмнө явах бурхныг бүтээ. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна" гэж хэлсэн.

24 Би тэдэнд "Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг" гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав.

25 Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ.

26 Мосе хуарангийн хаалган дээр зогсож
-ЭЗЭНий төлөө байгч хэн боловч над уруу ир! гэж хэлсэнд, Левийн бүх хөвгүүд цугларч, түүн дээр ирэв.

27 Мосе тэдэнд
-Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нараас хүн бүхэн илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, найз нөхрөө, хөршөө ал!" гэж хэлэв.

28 Левийн хөвгүүд Мосегийн зааварласнаар үйлдсэнд, тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ.

29 Тэгээд Мосе
-Тэр өнөөдөр та нарт ерөөлийг соёрхохын тулд өнөөдөр өөрсдийгөө ЭЗЭНд зориул. Учир нь хүн бүр өөрийн хүү ба ах дүүгийнхээ эсрэг байсан гэв.

30 Дараагийн өдөр Мосе ард түмэнд
-Та нар өөрсдөө аймшигт нүгэл үйлдсэн. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би та нарын нүглийн төлөөх эвлэрүүллийг хийж чадаж магадгүй гэж хэлэв.

31 Тэгээд Мосе ЭЗЭНд буцаж очин
-Аяа, энэ ард түмэн аймшигт нүгэл үйлджээ. Тэд өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ.

32 Хэрвээ одоо Та хүсвэл тэдний нүглийг уучлаач. Хэрвээ үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.

33 ЭЗЭН Мосед
-Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана.

34 Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.

35 Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 33

1 ЭЗЭН Мосед
-Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт "Чиний үр удамд Би үүнийг өгнө" гэж Миний тангарагласан нутаг уруу оч.

2 Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө.

3 Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв.

4 Ард түмэн энэ гунигт үгийг сонсоод, гашуудан, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй.

5 Учир нь ЭЗЭН Мосед "Израилийн хөвгүүдэд "Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ" гэж хэл" хэмээн айлдсан юм.

6 Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлав.

7 Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов.

8 Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв.

9 Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв.

10 Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв.

11 Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.

12 Дараа нь Мосе ЭЗЭНд
-Хараач, Та надад "Энэ ард түмнийг авчир" гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та "Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон" гэж айлдсан.

13 Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.

14 Тэр
-Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.

15 Дараа нь Мосе Түүнд
-Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач.

16 Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.

17 ЭЗЭН Мосед
-Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.

18 Тэгэхэд Мосе
-Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя гэжээ.

19 Тэр
-Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.

20 Гэвч Тэр
-Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав.

21 ЭЗЭН
-Харагтун, Миний дэргэд нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс.

22 Миний цог жавхлан өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, Өөрийгөө өнгөрөх хүртлээ чамайг мутраараа халхална.

23 Дараа нь Би мутраа авч, чи Миний ард талыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 34

1 ЭЗЭН Мосед айлдан
-Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ.

2 Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө ир.

3 Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв.

4 Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.

5 ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.

6 Дараа нь ЭЗЭН түүний урдуур өнгөрч
-ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ.

7 Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав.

8 Мосе газарт доош бөхийн мөргөхөөр яаравчлав.

9 Тэр
-Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв.

10 Тэгэхэд Бурхан
-Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.

11 Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана.

12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.

13 Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.

14 (Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН бол хартай Бурхан билээ).

15 Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий.

16 Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий.

17 Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.

18 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.

19 Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.

20 Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

21 Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.

22 Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ.

23 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.

25 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.

26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.

27 Дараа нь ЭЗЭН Мосед
-Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.

28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.

29 (Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй.

30 Тиймээс Аарон ба Израилийн бүх хөвгүүд Мосег харан, түүний нүүрний арьс гэрэлтсэнийг үзээд, түүнд ойртохоос айв.

31 Мосе тэднийг дуудсанд, Аарон болон цуглаан дахь бүх захирагчид түүн уруу ирж, Мосе тэдэнтэй ярилцав.

32 Үүний дараа Израилийн бүх хөвгүүд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНий өөрт нь айлдсан болгоныг үйлдэхийг Мосе тэдэнд тушаав.

33 Мосе тэдэнтэй ярьж дуусаад, нүүрэн дээрээ бүтээлэг тавив.

34 Харин Мосе ЭЗЭНтэй ярихаар Түүний өмнө очих бүрд, гарах хүртлээ бүтээлгээ авдаг байсан. Тэр гарч ирээд, юу тушаасныг Израилийн хөвгүүдэд дамжуулах болгонд

35 Мосегийн нүүрийг буюу түүний нүүрний арьс гэрэлтсэнийг Израилийн хөвгүүд хардаг байв. Тиймээс ЭЗЭНтэй ярилцахаар орох хүртлээ Мосе нүүрээ дахин бүтээдэг байв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 35

1 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд
-ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан.

2 Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.

3 Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.

4 Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж
-ЭЗЭН энэ зүйлийг тушаасан.

5 "Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,

6 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,

7 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,

8 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,

9 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

10 Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.

11 Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь,

12 авдар болон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг,

13 ширээ болон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг,

14 мөн гэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг,

15 утлагын тахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг,

16 шатаалт тахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг,

17 хашааны өлгүүр, түүний баганууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг,

18 асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,

19 ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй" гэв.

20 Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов.

21 Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав.

22 Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв.

23 Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав.

24 Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав.

25 Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа.

26 Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв.

27 Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг,

28 гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав.

29 ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.

30 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд
-Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав.

31 Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

32 алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж,

33 суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм.

34 Тэрээр заах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ.

35 Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 36

1 Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв.

2 Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭНий ур чадвар өгсөн ур дүйтэй хүн болгоныг зүрх нь хөдөлсөн хүн бүрийг Мосе үүнийг гүйцэтгэх ажилд дуудав.

3 Тэгээд ариун газрын бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.

4 Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж,

5 Мосед
-Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв.

6 Тиймээс Мосе зарлиг гаргаж, хуаран даяар
-Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт зориулж юу ч бүү хийтүгэй гэсэн тунхаг явуулав. Ийнхүү ард түмэн илүү ихийг нэмж авчрахаа болив.

7 Учир нь тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв.

8 Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.

9 Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв.

10 Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов.

11 Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ.

12 Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв.

13 Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов.

14 Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа.

15 Бүрээс нэг бүрийн урт нь гучин тохой, өргөн нь дөрвөн тохой байсан ба арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв.

16 Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов.

17 Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв.

18 Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ.

19 Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.

20 Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв.

21 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв.

22 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв.

23 Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа.

24 Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв.

25 Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ.

26 Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв.

27 Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ.

28 Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв.

29 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв.

30 Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв.

31 Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв.

32 Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв.

33 Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв.

34 Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв.

35 Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв.

36 Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав.

37 Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ.

38 Мөн тэрээр түүний таван багануудыг дэгээнүүдтэй нь хамт хийж, тэдгээрийн оройнуудыг нь болон холбоосуудыг нь алтаар бүрэв. Харин таван углуур нь хүрлээр бүтээгджээ.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 37

1 Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас ажээ.

2 Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийжээ.

3 Тэр авдарт зориулж дөрвөн хөл дээр нь дөрвөн алтан цагиргуудыг, нэг талд нь хоёр цагираг, нөгөө талд нь хоёр цагираг байхаар хийжээ.

4 Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв.

5 Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв.

6 Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ.

7 Тэр хоёр алтан херубуудыг хийсэн. Тэдгээрийг өршөөлийн суудлын хоёр үзүүрт давтан хийв.

8 Нэг херубыг нэг захад нь, нөгөө херубыг нөгөө захад нь буюу херубуудыг хоёр үзүүрт нь өршөөлийн суудалтай нэгтгэн хийв.

9 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв.

10 Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв.

11 Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.

12 Мөн түүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв.

13 Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав.

14 Хөвөөний дэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ.

15 Ширээг зөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв.

16 Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.

17 Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов.

18 Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв.

19 Гурван хундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хувьд ийм байв.

20 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа.

21 Дэнлүүний сууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв.

22 Тэдгээрийн болцуунууд болон салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байв. Бүхэлдээ энэ нь шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ.

23 Тэр түүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв.

24 Дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нэг талант шижир алтаар бүтээв.

25 Тэгээд тэр хуайс модоор утлагын тахилын ширээг хийсэн ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байв. Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байв.

26 Тэрээр оройг болон хажуу талуудыг нь бүхэлд нь тойруулаад, эврүүдийнх нь хамтаар уг тахилын ширээг шижир алтаар бүрэв. Тэр бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.

27 Түүнийг зөөх дамнуургуудыг тогтоох хоёр алтан цагиргийг эмжээрийнх нь доор, хоёр эсрэг талд нь хийжээ.

28 Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв.

29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 38

1 Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.

2 Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв.

3 Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв.

4 Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв.

5 Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.

6 Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.

7 Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.

8 Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.

9 Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв.

10 Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ.

11 Хойд тал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганы дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж.

12 Баруун талд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна.

13 Зүүн талд нь тавин тохойг хийв.

14 Хаалганы нэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв.

15 Нөгөө талынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа.

16 Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ.

17 Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна.

18 Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв.

19 Дөрвөн багана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.

20 Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.

21 Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.

22 Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв.

23 Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.

24 Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв.

25 Цуглаанаас тоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.

26 Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав.

27 Зуун талант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ.

28 Тэрээр нэг мянга долоон зуун далан таван шекелээр багануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв.

29 Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв.

30 Түүгээр тэр хурлын майхны үүдэнд зориулж углууруудыг, хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь, бас тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ.

31 Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 39

1 Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.

2 Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв.

3 Тэгээд хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв.

4 Тэд ефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ.

5 Ефодын дээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ.

6 Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв.

7 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав.

8 Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодын уран хийцтэй адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хийв.

9 Тэр нь дөрвөлжин байв. Тэд цээживчийг хоёр давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм болов.

10 Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад,

11 хоёр дахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз,

12 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор,

13 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ.

14 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв.

15 Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв.

16 Тэд хоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов.

17 Дараа нь тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов.

18 Тэд хоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов.

19 Тэд хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг цээживчний хоёр өнцөгт, ефодын зэрэгцээ байсан дотоод ирмэгт нь хадав.

20 Цаашлаад, тэд хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд, хоёр мөрөвчнийх нь доор залгаасны ойролцоо, ефодын нэхмэл бүсний дээд талд хадлаа.

21 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд цээживчний цагиргуудыг ефодын цагиргуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй болов.

22 Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэж хийв.

23 Нөмрөгийн амсрыг хөө хуягны амсар шиг оройн хэсгийн голд гаргаж, урагдуулахгүйн тулд амсрыг тойруулан сүлжиж захлав.

24 Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан өнгийн материал болон нэхсэн маалингаар анарууд хийв.

25 Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, нөмрөгийн хормойг тойруулан анаруудын завсар хийв.

26 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу үйлчлэлд зориулж нөмрөгийн хормойг тойруулан хонх болоод анаруудыг солбиулан хийв.

27 Тэд Аарон болон хөвгүүдэд нь зориулж нарийн нэхсэн маалингаар дотуур дээл,

28 нарийн маалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд,

29 нэхмэлчний ажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ.

30 Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил "ЭЗЭНд ариун" гэж бичив.

31 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв.

32 Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв.

33 Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд,

34 улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг,

35 гэрчлэлийн авдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал,

36 ширээ болон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх,

37 шижир алтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос,

38 алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон майхны үүдний хөшиг,

39 хүрэл тахилын ширээ, түүний хүрэл тор, түүний дамнуургууд болон түүний бүхий л хэрэгсэл, угаалгын сав болон суурь,

40 хашааны хөшиг, түүний баганууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолыг,

41 мөн ариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав.

42 Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийжээ.

43 Мосе бүх ажлыг шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор хийсэн байв. Тиймээс Мосе тэднийг ерөөв.

 Египетээс Гарсан Нь(Exodus) 40

1 Тэгээд ЭЗЭН Мосед хандан,

2 -Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.

3 Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.

4 Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга.

5 Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат.

6 Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.

7 Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн.

8 Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө.

9 Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно.

10 Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно.

11 Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга.

12 Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун.

13 Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга.

14 Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө.

15 Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав.

16 Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв.

17 Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов.

18 Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо.

19 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив.

20 Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив.

21 Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.

22 Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав.

23 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив.

24 Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив.

25 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа.

26 Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.

27 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав.

28 Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв.

29 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв.

30 Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв.

31 Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав.

32 Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв.

33 Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа.

34 Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.

35 ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв.

36 Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн,

37 харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа.

38 Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.

 

#@#