Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  25  26  27  28  29  30  31  32  33  34  35  36 37  38  39  40  41  42  43  44  45  46  47  48

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  25

1 ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү Аммоны хөвгүүдийн зүгт нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн,

3 Аммоны хөвгүүдэд өгүүл. "Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Миний ариун газар бузарлагдсан үед, Израилийн газар эзгүйрсэн үед, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг "ха ха" хэмээсэн.

4 Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний дунд хуарангаа барьж, чиний дунд сууцаа босгон, чиний үр жимсийг идэж, чиний сүүг уух болно.

5 Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".

6 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан.

7 Тиймээс харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".

8 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Моаб болон Сеир нь "Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстнүүдтэй адил юм" хэмээсэн.

9 Тиймээс, харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон ба Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна.

10 Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх бөгөөд энэ нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм.

11 Тийнхүү Би Моабт шүүх ажиллагааг хэрэгжүүлэх ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".

12 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон".

13 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.

14 Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Филистчүүд өс хонзон дотор үйлдэж, үүрдийн дайсагналаар устгахын тулд сэтгэлийн бахдалтайгаар өшөө авсан".

16 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.

17 Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр Өөрийнхөө өшөө авалтыг тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"" гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  26

1 Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү Тир нь Иерусалимын тухай "Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ" хэмээсэн.

3 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.

4 Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

5 Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6 Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно"".

7 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.

8 Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.

9 Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно.

10 Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно.

11 Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг багананууд газарт унана.

12 Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.

13 Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.

14 Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. "Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү?

16 Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина.

17 Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан
"Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо!
Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн,
чи далайгаас яаж устсан бэ?

18 Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ.
Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно"".

19 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед

20 Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.

21 Би чиний дээр айдсыг авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  27

1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.

3 Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Тир ээ. "Би төгс үзэсгэлэнтэй юм" хэмээн чи өгүүлэв.

4 Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,
чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.

5 Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,
тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.

6 Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,
Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.

7 Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба
энэ нь чиний ялгах тэмдэг болов.
Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.

8 Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв.
Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв.

9 Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв.
Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв.

10 Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв.

11 Арвадын хөвгүүд болон чиний цэргүүд эргэн тойронд чиний хэрмэн дээр байсан бөгөөд гаммадчууд чиний цамхагт байв. Тэд эргэн тойронд чиний хэрмэн дээр бамбайнуудаа өлгөж, чиний үзэсгэлэнг төгс болгосон.

12 Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв.

13 Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд чиний барааг солилцож байв.

14 Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн.

15 Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.

16 Чиний барааны элбэг дэлбэгээс болж Арам нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг маргад чулуу, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв.

17 Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан.

18 Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан.

19 Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.

20 Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв.

21 Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.

22 Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.

23 Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.

24 Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв.

25 Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.
Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.

26 Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,
дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.

27 Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,
чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,
чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.

28 Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно.

29 Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно.
Тэд газар дээр зогсоно.

30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.
Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.

31 Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.
Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.

32 Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно.
"Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ?

33 Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ.
Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.

34 Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.

35 Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна.
Тэдний хаад нь ихэд айж байна.
Тэдний царай нь түгшүүрт автжээ.

36 Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч,
чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно" гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  28

1 ЭЗЭНий үг надад дахин ирж,

2 -Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чиний зүрх бардамнан, чи "Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг" хэмээн өгүүлсэн.
Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир

3 (Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.
Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.

4 Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.

5 Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)

6 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,

7 тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.
Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.

8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.
Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.

9 Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө "Би бол Бурхан" хэмээн өгүүлсээр байх уу?

10 Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.
Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна"".

11 Дахин ЭЗЭНий үг надад ирж,

12 -Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.

13 Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.
Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв.
Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв.
Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.

14 Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.
Чи Бурханы ариун ууланд байлаа.
Чи галт чулуунуудын дундуур явав.

15 Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.

16 Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв.
Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн.
Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.

17 Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.
Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.
Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.

18 Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.
Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.
Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.

19 Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.
Чи айдаст автаж, хойшид байхгүй болно"".

20 ЭЗЭНий үг надад ирж,

21 -Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.

22 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний дотор алдаршуулагдах болно.
Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.
Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.
Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно".

25 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно.

26 Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно".

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  29

1 Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа

2 -Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн,

3 яригтун. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна.
Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд,
"Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв" хэмээсэн агуу мангас юм.

4 Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно.
Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд
чиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.

5 Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.
Чи хээр талд унах болно.
Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.
Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.

6 Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.

7 Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав.
Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав".

8 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.

9 Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи "Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв" хэмээн өгүүлсэн.

10 Тиймээс харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно.

11 Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.

12 Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсууд уруу хөөж тараана.

13 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа "Дөчин жилийн эцэст Би египетчүүдийн тараагдсан ард түмнүүдийн дундаас тэднийг цуглуулах болно.

14 Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, тэдний уугуул нутаг Патрос газарт буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно.

15 Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно.

16 Тэр хэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно"" гэв.

17 Хорин долоо дахь жилийн нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,

18 -Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгой халзан болж, бүх мөр шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс аваагүй.

19 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно.

20 Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21 Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  30

1 ЭЗЭНий үг дахин надад ирж,

2 -Хүний хүү эш үзүүлж, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Уйл. "Тэр өдөр гаслантай яа."

3 Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.

4 Египет дээр илд бууж, Етиопод зовлон зүдгүүр болно.
Египетэд алагдагсад унах үед тэд
түүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно.

5 Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно".

6 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.
Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

7 "Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,
түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.

8 Би Египетэд гал тавьж, түүний бүх туслагчид нь устгагдах цагт тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9 Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна".

10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Би Вавилоны хаан Небухаднезарын гараар Египетийн олон түмнийг үгүй болгоно.

11 Тэр болон түүнтэй хамт түүний ардууд болох хамгийн харгис үндэстнүүд тэр газрыг устгахын тулд орж ирэх болно.
Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугалж, тэр газрыг алагдагсдаар дүүргэх болно.

12 Түүнээс гадна, Би Нилийн сувгуудыг хатаан, хорон муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдах болно.
Би харь хүмүүсийн гараар тэр нутаг болон тэндэх хамаг юмсыг эзгүйрүүлэх болно.
ЭЗЭН Би айлдсан юм".

13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно.
Египетийн нутагт дахин ноён гарахгүй.
Би Египетийн газарт айдсыг өгөх болно.

14 Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана.

15 Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж, Тебесийн олон түмнийг таслах болно.

16 Би Египетэд гал тавина.
Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно.
Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно.

17 Он болон Пи-бесетийн залуус илдэнд унах бөгөөд эмэгтэйчүүд нь олзлогдох болно.

18 Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно.
Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.
Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.

19 Тийнхүү Би Египет дээр шүүлтийг буулгах ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"".

20 Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,

21 -Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.

22 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.

23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно.

24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.

25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжих болно. Би Вавилоны хааны гарт Өөрийн илдийг өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг хандуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно".

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  31

1 Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл.
"Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ?

3 Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөд
тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.

4 Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов.
Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж,
хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.

5 Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан ба
түүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ.

6 Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж,
түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж,
бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав.

7 Тиймээс тэр нь өөрийн агуу байдал дотроо,
мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов.
Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм.

8 Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй.
Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй.
Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй.
Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв.

9 Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож,
Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав.

10 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэрээр өндөр болж, оройгоо үүлэн дунд хүргэж, түүний зүрх нь сүрлэг байдлаараа бардамнасан учир,

11 тиймийн тулд Би түүнийг үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт тушаана. Тэрээр түүнийг бүрэн шийтгэнэ. Түүний хорон муу явдлынх нь дагуу Би түүнийг хөөн зайлуулав.

12 Харь үндэстний харгислагчид түүнийг таслан, хаяв. Түүний мөчрүүд нь уулсууд дээр, хамаг хөндийнүүдэд унаж, түүний гишүүд нь нутгийн хамаг жалгууд дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмнүүд энэ модны сүүдэр дороос гарч яван, түүнийг орхив.

13 Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувууд оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно.

14 Энэ нь усны дэргэдэх бүх модод өөрийнхөө өндрөөрөө бардамнахгүйн тулд, оройгоо үүлэн дунд хүргэхгүйн тулд, сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд, нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ".

15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг гүн усаар хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснууд зогсоогдов. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг модод түүнээс болж хатаж үгүй болов.

16 Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений хамаг сайн услагдсан мод, Ливаны шилмэл сайн мод газар дор амруулагдав.

17 Тэд бас Үхэгсдийн орон уруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан.

18 Едений моддын дундаас алдар болон агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт хөвч хөндүүлээгүй хүмүүсийн голд хэвтэх болно. Фараон болон түүний хамаг олон түмэн тийм байна"" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  32

1 Арван хоёр дахь жилийн арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд
"Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.
Гэтэл чи далайн мангастай адил юм.
Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж,
тэдний голуудыг бохиртуулав" гэж хэл.

3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж,
тэд чамайг Миний тороор дээш татах болно.

4 Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.
Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон,
бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.

5 Чиний махан биеийг уулсын дээр тавьж,
чиний баасаар хөндийнүүдийг дүүргэх болно.

6 Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно.
Жалганууд ч чамаар дүүрэх болно.

7 Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.
Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.

8 Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,
чиний газарт харанхуйг тогтоох болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9 "Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно.

10 Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно".

11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Вавилоны хааны илд нь чам дээр бууна.

12 Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.
Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,
түүний хамаг ард олон нь устгагдах болно.

13 Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.
Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.

14 Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,
голуудыг нь тос мэт урсгах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 "Би Египетийн нутгийг хоосруулж,
дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,
тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

16 Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17 Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,

18 -"Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.

19 "Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?
Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас".

20 Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан.

21 Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, "Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна".

22 Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.

23 Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.

24 Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.

25 Тэд түүнд зориулан түүний бүх олон түмэнтэй хамт алагдагсдын хооронд ор зассан. Түүний булшнууд үүнийг тойрон байна. Тэд бүгд хөвч хөндүүлээгүй бөгөөд илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. Тэд алагдагсдын хооронд тавигдав.

26 Мешех, Тубал ба тэдний бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүс билээ.

27 Дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан толгойнх нь дор илднүүдээ дэрлэж, хөвч хөндүүлээгүй унасан баатруудын дэргэд ч тэд хэвтээгүй юм. Харин хэдийгээр нэгэн цагт эдгээр баатруудын аймшиг нь амьдын газарт байсан ч, тэдний хууль бус явдлын шийтгэл нь тэдний ясан дээр тавигдсан буй.

28 Гэвч хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.

29 Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагдагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.

30 Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ болон өөрсдийнхөө чадлаас гарсан аймшгийг үл хайхран, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан бүх сидончууд байна. Тийнхүү тэд хөвч хөндүүлээгүй хүмүүс бөгөөд илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн юм.

31 Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан өөрийн хамаг олон түмэн, бүр Фараон болон бүх цэргүүдийнхээ төлөө тайвшруулагдах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

32 "Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, тэрээр Фараон болон түүний хамаг олон түмэн нь хөвч хөндүүлээгүй хүмүүсийн хооронд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  33

1 ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү, өөрийнхөө ард түмний хөвгүүдтэй ярьж "Хэрэв Би нэг улс дээр илд авчирч, тэр улсын ардууд өөрсдийнхөө дундаас нэг хүнийг сонгож, өөрсдийн харуул болгох аваас,

3 улс дээр нь илд ирж байхыг тэр хүн хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өгвөл,

4 тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно.

5 Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм.

6 Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно" гэж хэл.

7 Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно.

8 Би хорон муу хүнд "Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно" хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.

9 Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ.

10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. "Та нар ийнхүү ярьж "Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?" хэмээв".

11 Тэдэнд өгүүл. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?"

12 Хүний хүү чи нутгийнхандаа "Зөвт хүний зөв байдал нь ч түүний гэм буруугийн өдөрт түүнийг үл аварна. Хорон муу хүний хорон муу үйлдлийн хувьд, тэрээр хорон муугаасаа эргэх өдөрт түүнээсээ болж бүдрэхгүй. Тэгэхэд зөвт хүн ч нүглийг үйлдэх өдөрт өөрийнхөө зөвөөр амьдарч үл чадна." гэж хэл.

13 Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно.

14 Гэвч Би хорон муу хүнд "Чи заавал үхэх болно" хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл,

15 хэрвээ хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.

16 Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно.

17 Гэсэн ч чиний нутгийнхан "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлж байхад тэдний өөрсдийнх нь зам буруу байдаг.

18 Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно.

19 Харин хорон муу хүн өөрийн хорон муу үйлсээс эргэж шударга ёс болон зөвт үйлсийг үйлдвээс тэр түүгээрээ амьдрах болно.

20 Гэвч та нар "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Би та нарын хүн тус бүрийг өөрийнх нь замаар шүүх болно".

21 Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн "Хот эзлэгдэв" хэмээн өгүүлэв.

22 Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.

23 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа

24 -"Хүний хүү, Израилийн газар дахь тэдгээр балгаснуудад амьдрагчид нь "Абрахам нь ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн юм" хэмээж байна.

25 Тиймийн тулд тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?

26 Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?"".

27 Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.

28 Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.

29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээс нь болж Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"".

30 "Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан "Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс" хэмээн өгүүлж байна.

31 Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.

32 Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй.

33 Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  34

1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу?

3 Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг.

4 Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.

5 Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав.

6 Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв"" гэж өгүүл хэмээв.

7 Тиймийн тул хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс.

8 "Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаж "Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас,

9 тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс.

10 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна""" гэв.

11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно.

12 Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.

13 Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно.

14 Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд тэдний бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байх болно. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно.

15 Би Өөрийн сүргийг тэжээж, Би тэднийг хотлуулна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16 "Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ.

17 Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнануудын хоорондхыг шүүх болно.

18 Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?

19 Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой" хэмээв".

20 Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.

21 Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас,

22 тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно.

23 Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно.

24 ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.

25 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.

26 Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ.

27 Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би тэдний буулгыг эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

28 Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй.

29 Би тэдэнд зориулан алдар цуутай тариалангийн газрыг байгуулна. Тэд энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид үүрэхгүй.

30 Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН болох Би тэдэнтэй хамт байгааг Израилийн гэр болох тэд Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

31 "Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд аа, та нарын хувьд гэвэл, та нар бол хүмүүс бөгөөд Би бол та нарын Бурхан мөн" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  35

1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,

2 -Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүлэн,

3 түүнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Сеир уул аа, харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний эсрэг Өөрийн мутрыг сунгаж, чамайг эзгүйрүүлж, хоосруулна.

4 Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно.
Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед нь илдний хүчинд тушаасан учраас,

6 тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаад "Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.

7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгчийг ба буцагчдыг түүнээс таслах болно.

8 Би уулсыг нь тэдний үхдлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, чиний хөндийнүүдэд болон чиний бүх жалгуудад унах болно.

9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

10 Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи "Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ" хэмээн өгүүлсэн учраас,

11 тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаад "Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно.

12 Чи Израилийн уулсын эсрэг "Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн" хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.

13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ".

14 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.

15 Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" гэжээ".

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  36

1 Хүний хүү чи Израилийн уулсад эш үзүүл. "Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун.

2 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дайсан чиний эсрэг "Ха ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов" хэмээн өгүүлсэн.

3 Тиймээс чи эш үзүүлэн "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм"" гэж хэл".

4 Тиймийн тул Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна.

5 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлдсан. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсдөдөө өмч болгон авсан юм".

6 Тиймийн тул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ".

7 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд өөрсдийн ичгүүрийг заавал үүрэх болно гэж Би тангарагласан.

8 Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.

9 Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан, тариалагдах болно.

10 Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно.

11 Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

12 Тийм ээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй".

13 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэд чамд "Чи бол хүмүүсийг залгигч бөгөөд өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаасан" хэмээн өгүүлсэн учраас,

14 тиймийн тул чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаахгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэжээ.

16 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,

17 -Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.

18 Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ.

19 Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв.

20 Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай "Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав" хэмээн яригдсан.

21 Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.

22 Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм.

23 Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24 "Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.

25 Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.

26 Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.

27 Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно.

28 Миний та нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно.

29 Мөн Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.

30 Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно.

31 Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно.

32 Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш" гэж Эзэн БУРХАН тунхаглаад "Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун".

33 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно.

34 Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно.

35 Тэд "Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов" хэмээнэ.

36 Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно".

37 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.

38 Тахилын төлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  37

1 ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа.

2 Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв.

3 Тэр надад айлдаж,
-Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан
-Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.

4 Дахин Тэр надад
-Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт "Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун" гэж өгүүл.

5 Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. "Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.

6 Та нар амилахын тулд Би та нарт шөрмөс хийж, мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" хэмээв.

7 Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун, тачигналдсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов.

8 Би харсан бөгөөд харагтун, тэдний дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэдний дээр арьс бүрхэв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв.

9 Тэгэхэд Тэр надад айлдаж
-Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул"" гэв.

10 Тийнхүү Түүний надад тушаасан ёсоор би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмж их цэргүүд хөл дээрээ босоцгоов.

11 Тэгээд тэр надад
-Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд "Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав" хэмээдэг.

12 Тиймийн тул, чи эш үзүүлэн тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно.

13 Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргасан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

14 Би та нарын дотор Өөрийн Сүнсийг тавьж, та нар амилж, Би та нарыг төрөлх нутагт чинь суулгах болно. Тэгээд ЭЗЭН Би үүнийг айлдсан ба үүнийг бүтээснийг та нар мэдэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна".

15 ЭЗЭНий үг надад дахин ирж,

16 -Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь "Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө" хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь "Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө" хэмээн бич.

17 Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл.

18 Чиний ард түмний хөвгүүд чамд хандан "Чи үүгээр юуг хэлэх гэж байгааг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?" хэмээн өгүүлэх үед

19 тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг болон түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд Миний мутарт нэг болно" гэв"

20 Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр чиний гарт байх болно.

21 Тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.

22 Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан тэдний бүгдийнх нь хаан байх болно. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, тэд цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй.

23 Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно.

24 Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.

25 Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно.

26 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно.

27 Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.

28 Миний ариун газар тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" хэмээн өгүүл.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  38

1 ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа

2 -Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл.

3 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо, Би чиний эсрэг байна.

4 Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.

5 Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.

6 Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно.

7 Бэлэн байгтун. Чи болон чамайг тойрон цугларсан бүх хамсаатан чинь өөрсдийгөө бэлтгэг, тэдний хамгаалагч бол.

8 Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.

9 Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно".

10 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.

11 "Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

12 Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм" гэж чи хэлэх болно.

13 Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас "Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?" хэмээн асууна"".

14 Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?

15 Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно.

16 Чи газрыг бүрхэх үүл адил Миний ард түмэн Израилийн эсрэг дайрна. Гог оо, тэдний нүдний өмнө чамаар Би ариусгагдах үед үндэстнүүд Намайг мэдэхийн тулд эцсийн өдрүүдэд Би чамайг Өөрийнхөө газрын эсрэг авчирна".

17 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд "Би чамайг тэдний эсрэг авчрах болно" хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?

18 Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

19 "Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна.

20 Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.

21 Би Өөрийн бүх уулан дээр түүний эсрэг илдийг дуудна" гэж Эзэн БУРХАН тунхаглан "Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно.

22 Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.

23 Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно" гэв".

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  39

1 Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна.

2 Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно.

3 Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна.

4 Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.

5 Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

6 "Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

7 Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

8 Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ.

9 Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.

10 Тэд хээрээс мод авалгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Тэдний дээрэмдсэн юмсыг тэд дээрэмдэж, тэднийг тоносон хүмүүсийн олзыг тэд булаах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

11 "Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно.

12 Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно.

13 Тэр нутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

14 "Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.

15 Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь булшлагчид түүнийг Хамон-гогийн хөндийд булах хүртэл нь тэр түүний дэргэд тэмдэг босгох болно.

16 Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно" хэмээжээ".

17 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. "Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.

18 Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.

19 Тийнхүү Би та нарын төлөө өргөсөн тахилаас минь та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно.

20 Та нар Миний ширээнд морьд ба тэрэгчид, хүчит эрс ба бүх дайчдаар цадах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21 "Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.

22 Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

23 Израилийн гэр нь Миний эсрэг тэрсэлсэн учраас өөрсдийн хууль бусын төлөө цөлөгдсөн бөгөөд Би тэднээс Өөрийнхөө нүүрийг нуусан гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднийг дайснуудынх нь гарт өгсөн ба тэд бүгд илдэнд унасан юм.

24 Тэдний бузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ""" гэв.

25 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.

26 Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болох үед Миний эсрэг тэрсэлсэн хамаг тэрслүү үйлсээ, гутамшгаа тэд мартах болно.

27 Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстнүүдийн нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно.

28 Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулсан бөгөөд дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.

29 Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  40

1 Бидний цөлөгдсөний хорин тав дахь жилд, жилийн эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг тэнд авчрав.

2 Бурханы үзэгдлүүд дотор Тэр намайг Израилийн газарт ирүүлж, маш өндөр уулын дээр буулгасан бөгөөд дээр нь өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.

3 Тийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.

4 Тэр хүн надад
-Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.

5 Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.

6 Тэгээд тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв.

7 Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв.

8 Тэгээд тэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв.

9 Тэрээр дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв.

10 Зүүн зүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв.

11 Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв.

12 Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв.

13 Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв.

14 Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ.

15 Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв.

16 Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв.

17 Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв.

18 Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв.

19 Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хашааны гадна зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүгт болон хойд зүгт зуун тохой байв.

20 Хойд зүг уруу харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд гэвэл, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив.

21 Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Түүний хажуугийн багананууд ба үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Түүний урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.

22 Түүний цонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв.

23 Дотор хашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.

24 Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив.

25 Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.

26 Тэнд түүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн багананд далдуу модыг сийлсэн байв.

27 Дотор хашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.

28 Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.

29 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.

30 Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв.

31 Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн баганануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.

32 Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.

33 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.

34 Түүний үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв.

35 Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив.

36 Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ.

37 Түүний хажуугийн багананууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.

38 Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг.

39 Дааман хаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв.

40 Тэр нэгэн хойд зүг уруу харсан үүдэнд очиход гадна талд нь хоёр ширээ байв. Дааман хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ.

41 Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ.

42 Шатаалт тахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж.

43 Байшин дотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.

44 Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв.

45 Тэр надад
-Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан билээ.

46 Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.

47 Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.

48 Дараа нь тэр намайг сүмийн үүдний танхимд авчирч, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд, тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь тал бүрдээ гурван тохой байв.

49 Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван нэгэн тохой байв. Түүн уруу өгсөх шатан дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуурууд хоёр талд нэг нэгээр байв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  41

1 Тэгээд тэр намайг гол танхимд авчран, хажуугийн баганануудыг хэмжив. Хажуугийн баганын өргөн нь хоёр талд зургаан тохой байв.

2 Орох үүдний өргөн нь арван тохой байсан ба орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тус бүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа.

3 Тэр дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв.

4 Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад
-Энэ бол хамгийн ариун газар мөн хэмээн өгүүлэв.

5 Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв.

6 Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар байсан ба давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд тэдгээр нь дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв.

7 Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв.

8 Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв.

9 Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд

10 болон гаднах танхимуудын хоорондох хоосон зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв.

11 Хоосон зай уруу харсан хажуугийн өрөөнүүдийн үүднүүдийн нэг нь хойд зүг уруу, нөгөө нь өмнө зүг уруу харж байв. Хоосон зайны өргөн нь эргэн тойрондоо таван тохой байв.

12 Баруун тийш харсан талд тусгаарлагдсан талбайн урд тал дахь барилгын өргөн нь далан тохой байв. Барилгын хана нь эргэн тойрондоо таван тохой зузаан бөгөөд түүний урт нь ерэн тохой байв.

13 Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлагдсан талбай нь барилга болон түүний ханануудтай нь хамт мөн адил зуун тохой байв.

14 Сүмийн урд талын өргөн болон тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв.

15 Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим болон хашааны үүдний танхимуудыг бас хэмжив.

16 Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (харин цонхнууд нь бүтээгдсэн байв.)

17 Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл, мөн гадаад өргөөнд ч, эргэн тойронд бүхэл ханыг хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв.

18 Түүнд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. Далдуу мод нь хоёр херубын завсар байсан ба херуб бүр нь хоёр нүүртэй байв.

19 Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв.

20 Газраас үүдний дээд хүртэл, мөн гол танхимын хананд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв.

21 Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд гэвэл нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв.

22 Тахилын ширээ нь модон бөгөөд гурван тохой өндөр, хоёр тохой урт байв. Түүний булангууд, түүний суурь ба түүний хажуу талууд ч модон ажээ. Тэрээр надад
-Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн хэмээн өгүүлэв.

23 Гол танхим болон ариун газар тус бүр хоёр хаалгатай байв.

24 Хаалга тус бүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас байсан ба нөгөө хаалганд ч хоёр хавтас байв.

25 Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв.

26 Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд болон далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд болон босгонууд ч тийм байв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  42

1 Тэгээд тэр хойд зүг уруу чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай болон барилгын харалдаа орших хойд зүг уруу чиглэсэн танхим уруу намайг дагуулж ирэв.

2 Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв.

3 Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.

4 Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв.

5 Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв.

6 Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв.

7 Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв.

8 Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв.

9 Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв.

10 Тусгаарлагдсан талбай болон байшин уруу харсан, зүүн зүг уруу чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв.

11 Тэдгээрийн өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил урт бөгөөд тэдгээрийн өргөний дагуу ба тэдгээрийн бүх гарцууд нь байгууламж болон орох хаалгуудын дагуу байв.

12 Танхимуудын өмнө зүг уруу чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээр уруу ороход, зам нь зүүн зүг уруу чиглэсэн хэрмийн урд талд байв.

13 Дараа нь тэр надад
-Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.

14 Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв.

15 Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүг уруу харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив.

16 Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв.

17 Тэр хойд талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв.

18 Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун савааг хэмжив.

19 Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун саваа хэмжив.

20 Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  43

1 Дараа нь тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу намайг дагуулж ирэв.

2 Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.

3 Энэ нь миний үзсэн үзэгдлийн дүртэй адил бөгөөд хотыг Тэр устгахаар ирсэн үед миний үзсэн үзэгдэлтэй адил байв. Үзэгдлүүд нь Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан. Би нүүрээрээ хөсөр унав.

4 ЭЗЭНий цог жавхлан нь зүүн зүг уруу харсан дааман хаалгаар өргөөнд орж ирэв.

5 Сүнс намайг өргөж, доторх хашаа уруу авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.

6 Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов.

7 Тэр надад
-Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй.

8 Мөн Би болон тэдний хооронд хана төдий байхаар өөрсдийн босгыг Миний босгоны дэргэд, өөрсдийн хаалганы хүрээг Миний хаалганы хүрээний дэргэд босгосноороо бузарлахгүй. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсээр Миний ариун нэрийг бузарласан. Ийнхүү Би Өөрийн хилэн дотор тэднийг шатаав.

9 Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно.

10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл.

11 Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.

12 Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.

13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр нэг алганы энг нэмсэн нь тохой билээ.) Суурь нь нэг тохой, өргөн нь нэг тохой ба түүний тойргийн зах нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр нь байх болой.

14 Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой.

15 Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.

16 Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой.

17 Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн бөгөөд түүний тойрох зах нь хагас тохой, түүний суурь нь эргэн тойрондоо нэг тохой ба гишгүүрүүд нь зүүн зүг уруу харсан байх болно гэв.

18 Тэр надад айлдахдаа
-Хүний хүү, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цусыг цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд нь энэ юм.

19 Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

20 "Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр болон булангийн дөрвөн өнцөг, тойргийн захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой.

21 Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой.

22 Хоёр дахь өдөрт өө сэвгүй ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой.

23 Түүнийг цэвэршүүлж дуусаад өө сэвгүй залуу бухыг, бог малаас өө сэвгүй хуцыг чи өргөх ёстой.

24 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой.

25 Долоо хоногийн турш нүглийн төлөөх тахилд зориулан өдөр бүр ямаа бэлтгэ. Бас өө сэвгүй бух болон бог малаас хуц бэлтгэгдэх ёстой.

26 Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой.

27 Тэд эдгээр хоногуудыг дуусгахад, найм дахь өдөр болон түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр та нарын шатаалт тахилуудыг болон эвийн тахилуудыг өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно." гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  44

1 Дараа нь Тэр намайг зүүн зүг уруу харсан ариун газрын гадна талын дааман хаалгаар буцаан авчирсан бөгөөд хаалга нь хаагдсан байв.

2 ЭЗЭН надад айлдахдаа
-Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон юм. Тийм учраас энэ нь хаалттай байх ёстой.

3 Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв.

4 Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав.

5 ЭЗЭН надад айлдахдаа
-Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо.

6 Тэрслэгчид болох Израилийн гэрт чи хэлэхдээ "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Израилийн гэр ээ. Та нарын бүх жигшүүр нь хангалттай юм.

7 Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүр дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон.

8 Та нар Миний ариун зүйлсийн үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг та нар тавив".

9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүнээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй.

10 Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой.

11 Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно.

12 Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

13 "Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой.

14 Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно.

15 Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16 "Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой.

17 Тэд дотоод хашааны дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хашааны дааман хаалганууд болон өргөөн дотор тэд үйлчилж байхдаа тэд ноосон хувцастай байх ёсгүй.

18 Тэдний толгойд маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй.

19 Тэд гаднах хашаа уруу гарах үед, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, тэдгээрийг ариун танхимуудад тавих ёстой. Дараа нь өөрсдийн хувцсаар ард түмэнд ариун байдлыг дамжуулахгүйн тулд тэд өөр хувцас өмсөх ёстой.

20 Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч өөрсдийн туг үснүүдийг урт ургуулж болохгүй. Тэд толгойн үсээ зөвхөн тайрах ёстой.

21 Тахилч нарын хэн нь ч дотоод хашаанд орох үед дарс ууж болохгүй.

22 Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой.

23 Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.

24 Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой.

25 Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.

26 Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой.

27 Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хашаанд ариун газарт орох өдрөө өөрийн нүглийн төлөөх тахилыг өргөх ёстой" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

28 "Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм.

29 Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой.

30 Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.

31 Үхсэн, эсвэл тастчуулсан аливаа шувуу, эсвэл араатны сэгийг тахилч нар идэх ёсгүй.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  45

1 Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.

2 Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдсан байх ба эргэн тойронд түүний сул газар байхаар тавин тохой байх ёстой.

3 Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, хамгийн ариун газар байх болой.

4 Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгчид болох тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой.

5 Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм.

6 Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.

7 Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой.

8 Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой".

9 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10 "Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой.

11 Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.

12 Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел ба арван таван шекел нь та нарын нэг мане байх болой.

13 Та нарын өргөх өргөл нь энэ юм. Улаан буудайн омероос ефагийн зургааны нэгийг арвайн омероос ефагийн зургааны нэг,

14 заагдсан хэмжээний тос (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн батыг (Кор нь арван бат, эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү).

15 Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүллийг хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил болон эвийн тахилд зориулагтун" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16 "Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой.

17 Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой".

18 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой.

19 Тахилч нь нүглийн төлөөх тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөгт болон дотоод хашааны дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой.

20 Төөрч буй, эсвэл гэнэн аливаа хүний төлөө та нар уг сарын долоонд ийнхүү үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.

21 Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид.

22 Тэр өдөр ноён өөрийнхөө төлөө болон нутгийн хамаг ард түмэнд зориулан нүглийн төлөөх тахилын бухаар хангах ёстой.

23 Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүрд нь өө сэвгүй долоон бух, долоон хуцыг болон өдөр бүр нүглийн төлөөх тахилд нэг ухныг тэр хангах ёстой.

24 Идээн өргөл болгон тэр нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, нэг ефатай хамт нэг хин тосыг хангах ёстой.

25 Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил, долоон хоног нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой".

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  46

1 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.

2 Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.

3 Нутгийн ард олон ч бас амралтын өдрүүдэд болон шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой.

4 Амралтын өдрөөр ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь өө сэвгүй зургаан хурга ба өө сэвгүй нэг хуц байх болой.

5 Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой.

6 Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой.

7 Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.

8 Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаар явах ёстой.

9 Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой.

10 Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.

11 Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.

12 Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.

13 Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой.

14 Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл болох ефагийн зургааны нэг сайн гурилыг чийглэхийн тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөл нь мөнхөд үргэлжлэх тогтоол юм.

15 Ийнхүү байнгын шатаалт тахилд зориулан өглөө бүр тэд хурга, идээн өргөл ба тосыг бэлтгэх ёстой".

16 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. "Хэрэв ноён өөрийн өвөөс хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно.

17 Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.

18 Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм"" хэмээгтүн гэв.

19 Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв.

20 Тэр надад
-Энэ бол тахилч нарын гэмийн төлөөх тахил, нүглийн төлөөх тахилыг чанаж, идээн өргөлийг жигнэх газар юм. Энэ нь тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн тулд юм гэв.

21 Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв.

22 Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв.

23 Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв.

24 Дараа нь тэр надад
-Эдгээр нь өргөөний үйлчлэгчид ард олны тахилуудыг чанадаг газрууд юм гэв.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  47

1 Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв.

2 Тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, тойруулан зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан явав. Харагтун, ус өмнө талаас алгуурхнаар урсаж байв.

3 Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.

4 Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав.

5 Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гатлаж чадахааргүй гол байв.

6 Тэр надад
-Хүний хүү чи үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцаан аваачив.

7 Намайг буцаж ирсэнд, харагтун, голын эрэг дээр нэг талд ба нөгөөд маш олон мод байв.

8 Дараа нь тэр надад айлдахдаа
-Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа юм. Дараа нь тэд далайд цутгагдахаар далайн зүг урсаж, далайн ус нь цэнгэг болдог.

9 Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.

10 Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Тэнгисийн загас адил үлэмж их болно.

11 Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.

12 Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв.

13 Эзэн БУРХАН ийнхүү айлдав.
-Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.

14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.

15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл,

16 Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм.

17 Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ.

18 Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм.

19 Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм.

20 Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм.

21 Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун.

22 Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно.

23 Харь хүний сууж буй овог дотор нь та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

 ЕЗЕКИЕЛ (Ezekiel)  48

1 Овгуудын нэрс нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замын хажуугаар Лебо-хамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун уруу үргэлжлэх нь Даных бөгөөд нэг хувь юм.

2 Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм.

3 Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм.

4 Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм.

5 Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэг хувь юм.

6 Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэг хувь юм.

7 Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэг хувь юм.

8 Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ногдол газар болох хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой.

9 Та нарын ЭЗЭНд тусгаарлах ногдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой.

10 Ариун ногдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой.

11 Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана.

12 Энэ бол газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой.

13 Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой.

14 Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм.

15 Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой.

16 Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна.

17 Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.

18 Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой.

19 Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой.

20 Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.

21 Ариун ногдол болон хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар нь ноёных болой. Ногдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл болон баруун тийш хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ногдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой.

22 Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил болон хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил ба Бениамины хилийн хоорондох бүх юмс бол ноёных байх ёстой.

23 Үлдсэн овгуудын хувьд гэвэл, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм.

24 Бениамины хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм.

25 Симеоны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм.

26 Иссахарын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм.

27 Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм.

28 Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи болон Их Тэнгист хүртэл байх ёстой.

29 Энэ бол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

30 Хотын гарах хаалганууд нь эдгээр юм. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд

31 хотын дааман хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван дааман хаалга буюу Реубений дааман хаалга нэг, Иудагийн дааман хаалга нэг, Левийн дааман хаалга нэг байх болой.

32 Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Иосефын дааман хаалга нэг, Бениамины дааман хаалга нэг, Даны дааман хаалга нэг байх болой.

33 Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван дааман хаалга буюу Симеоны дааман хаалга нэг, Иссахарын дааман хаалга нэг, Зебулуны дааман хаалга нэг байх болой.

34 Баруун талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Гадын дааман хаалга нэг, Ашерын дааман хаалга нэг, Нафталийн дааман хаалга нэг байх болой.

35 Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь "ЭЗЭН энд байна" гэж байх ёстой гэв.

 

#@#