Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  19  20  21  22  23  24  25  26  27  28  29  30  31  32  33  34  35  36

 Тооллого(Numbers) 19

1 Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа

2 -ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. "Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.

3 Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой.

4 Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой.

5 Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цусыг сэвстэй нь хамт шатаах болой.

6 Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна.

7 Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.

8 Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.

9 Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, түүнийг хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн чуулган бузрыг зайлуулах усанд зориулан хадгалан байлгах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой.

10 Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.

11 Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоон хоногийн туршид бузартсан болох ажгуу.

12 Тэр хүн гурав дахь өдөр, долоо дахь өдөрт өөрийгөө бузартлаас усаар цэвэршүүлэх бөгөөд тэр цэвэр болох болой. Гэвч хэрэв тэр хүн өөрийгөө гурав дахь өдөр, долоо дахь өдөрт эс цэвэршүүлэх аваас тэр цэвэр болохгүй.

13 Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.

14 Майхан дотор хүн үхэхэд хууль нь ийм билээ. Майхан уруу орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоногийн туршид бузартсан байх болой.

15 Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.

16 Бас хээр талд буй хэн нэгэн хүн илдэнд алагдсан нэгэнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл хүний яс, булшинд хүрсэн байвал тэр хүн долоо хоногийн туршид бузартсан байх болно.

17 Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой.

18 Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.

19 Тэгээд тэр цэвэр хүн бузартсан хүн дээр гурав дахь өдөр, долоо дахь өдөрт цацах ёстой. Долоо дахь өдөрт нь тэр түүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд тэрээр өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш цэвэр болох болой.

20 Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан болой.

21 Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно.

22 Түүнээс гадна, бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу" хэмээв.

 Тооллого(Numbers) 20

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.

2 Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав.

3 Ард олон Мосетэй мэтгэлцэн,
-Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!

4 Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав?

5 Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв.

6 Тэгэхэд нь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.

7 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

8 -Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв.

9 Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.

10 Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд
-Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.

11 Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.

12 Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан
-Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.

13 Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.

14 Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж,
-Таны дүү Израиль ингэж хэлсэн. "Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ.

15 Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ.

16 Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.

17 Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно" гэв.

18 Гэвч Едом түүнд
-Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв.

19 Дахин Израилийн хөвгүүд түүнд
-Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.

20 Харин тэр
-Чи дамжин өнгөрч болохгүй хэмээн хариулав. Едом нь их хүч, хатуу нударгаар түүний эсрэг гарав.

21 Тийнхүү Едом өөрийн нутаг дэвсгэрээр Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэв.

22 Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв.

23 Дараа нь ЭЗЭН Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа

24 -Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй.

25 Аарон болон түүний хүү Елиазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун.

26 Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Тийнхүү Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно хэмээв.

27 Ийнхүү Мосе ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд бүх чуулганы нүдний өмнө Хор уул уруу гарав.

28 Мосе Аароны хувцсыг тайлан авч хүү Елеазарт нь өмсгөсний дараа Аарон тэнд уулын орой дээр үхэв. Дараа нь Мосе, Елеазар нар уулнаас буув.

29 Бүх чуулган нь Аароны үхсэнийг хараад, Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоногийн турш уйлалдав.

 Тооллого(Numbers) 21

1 Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов.

2 Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан
-Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв.

3 ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ.

4 Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов.

5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж
-Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.

6 ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.

7 Тиймээс ард түмэн Мосе уруу ирж
-Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.

8 Тэгтэл ЭЗЭН Мосед
-Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.

9 Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.

10 Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.

11 Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав.

12 Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.

13 Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.

14 Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд
"Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,

15 Арын талбай уруу сунан,
Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой"

16 Тэндээс тэд ЭЗЭНий Мосед "Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье" хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.

17 Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.
-Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.

18 Удирдагчдын малтаж,
ард олны язгууртнуудын очирт таягаар болон
тэдний таягуудаар ухсан худаг.

19 Маттанагаас Нахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу,

20 Бамотаас зэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.

21 Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн,

22 -Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ.

23 Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав.

24 Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.

25 Израиль тэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав.

26 Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ.

27 Тиймээс зүйр үгээр яригсад нь
"Хешбонд ирэгтүн.
Тэр нь босгогдог!
Сихоны хот нь байгуулагдаг.

28 Учир нь Хешбоноос гал,
Сихоны хотоос дөл гарчээ.
Тэр нь Моабын Арыг,
Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.

29 Моаб аа, чамд гай ирэг!
Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна!
Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч,
өөрийн охидыг олзлуулав.

30 Гэвч бид тэднийг доош хаяж,
Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв.
Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв"

31 Ийнхүү Израиль нь аморичуудын нутагт амьдрав.

32 Иазерыг тагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.

33 Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав.

34 Гэвч ЭЗЭН Мосед
-Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав.

35 Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.

 Тооллого(Numbers) 22

1 Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.

2 Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.

3 Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүй олон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв.

4 Моаб Мидианы ахмадуудад хандан
-Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа.

5 Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Евфратын дэргэд орших Петор дахь Беорын хүү Балаам уруу түүнийг дуудахаар элч нарыг илгээн
-Харагтун, Египетээс ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын гадаргууг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.

6 Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.

7 Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

8 Тэр тэдэнд
-Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.

9 Дараа нь Бурхан Балаам дээр ирж
-Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.

10 Балаам Бурханд
-Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн

11 "Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй" гэж хэлүүлсэн гэв.

12 Бурхан Балаамд
-Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

13 Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад
-Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.

14 Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд
-Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.

15 Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.

16 Тэд Балаам уруу ирээд, түүнд
-Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. "Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.

17 Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач" гэв.

18 Балаам Балакийн зарц нарт хариулан
-Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй.

19 Одоо харин та нар мөн өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ.

20 Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд
-Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.

21 Тиймээс Балаам өглөө босож, өөрийн илжгээ унан, Моабын удирдагчидтай хамт явав.

22 Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав. ЭЗЭНий тэнгэр элч түүний эсрэг дайсан болон зам дээр зогслоо. Тэр илжгээ унан явж байсан бөгөөд хоёр зарц нь түүнтэй хамт байлаа.

23 ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.

24 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч хоёр талдаа ханатай усан үзмийн талбайнуудын нарийхан зам дээр зогсов.

25 Илжиг нь ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, өөрийгөө хананд шахан, Балаамын хөлийг хананд шахав. Тиймээс тэр илжгийг дахин цохив.

26 ЭЗЭНий тэнгэр элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов.

27 Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.

28 ЭЗЭН илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд
-Чи намайг ингэж гурван удаа цохихоор чамд би юуг хийв? гэв.

29 Тэгэхэд нь Балаам илжгэнд
-Учир нь чи надаар тохуурхав. Хэрэв гарт минь илд байсансан бол би чамайг одоо алсан байхсан гэлээ.

30 Илжиг Балаамд
-Өнөөдрийг хүртэл бүхэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд тийм юмыг хийж заншсан байсан гэж үү? гэхэд тэр
-Үгүй гэлээ.

31 Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө.

32 ЭЗЭНий тэнгэр элч түүнд
-Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.

33 Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.

34 Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан
-Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.

35 Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд
-Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.

36 Балаамын ирж явааг Балак сонсоод, тэр Арноны хил дээр байдаг, хилийн хамгийн эцэст орших Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.

37 Дараа нь Балак Балаамд
-Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг яаралтай илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг үнэхээр хүндэтгэж чадахгүй байна гэж үү? гэв.

38 Тиймээс Балаам Балакт
-Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв.

39 Балаам Балактай хамт явж, тэд Кириат-хузотод ирэв.

40 Балак үхэр, хонь өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан удирдагчдад илгээлээ.

41 Өглөө нь Балак Балаамыг авч, Баалын мөргөлийн өндөрлөгүүд өөд аваачжээ. Тэр тэндээс ард түмний нэг хэсгийг харав.

 Тооллого(Numbers) 23

1 Тэгээд Балаам Балакт
-Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

2 Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.

3 Тэгээд Балаам Балакт хандан
-Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.

4 Бурхан Балаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд
-Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ.

5 Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд
-Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв.

6 Тиймээс тэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.

7 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Моабын хаан Балак намайг Арамаас,
Дорнын уулсаас авчирч,
"Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.
Ирж, Израилийг буруушаагтун" гэв.

8 Бурханы хараагаагүй хүнийг
би хэрхэн хараах билээ?
ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг
би хэрхэн буруушааж чадах билээ?

9 Би түүнийг хадны оройгоос харан,
толгодоос ажиглаад,
харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,
ангид орших ард түмэн байна.

10 Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ?
Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ?
Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй,
төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай

11 Тэгэхэд Балак Балаамд
-Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.

12 Тэр хариу болгон
-ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.

13 Дараа нь Балак түүнд
-Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.

14 Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.

15 Тэр Балакт
-Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.

16 Дараа нь ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд,
-Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүгэй хэмээн айлдав.

17 Тэр түүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс
-ЭЗЭН юу айлдав? гэж асуув.

18 Тэгэхэд тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Балак аа, босож сонсогтун.
Зиппорын хүү, над уруу чих тавь!

19 Бурхан бол худал хэлдэг хүн биш,
гэмшин харамсдаг хүний хүү ч биш.
Тэрээр айлдчихаад,
Тэр түүнийгээ хийхгүй гэж үү?
Эсвэл Тэр ярьчихаад,
Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?

20 Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.
Тэр ерөөсөн байхад
би түүнийг нь зөрчиж чадахгүй.

21 Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.
Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.
Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,
хааны уухай тэдний дунд байна.

22 Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг
Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.

23 Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,
Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.
Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.

24 Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна.
Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.
Тэр олзоо залгитлаа,
алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй

25 Тэгэхэд нь Балак Балаамд
-Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв.

26 Гэвч Балаам хариуд нь Балакт
-"ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой" хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.

27 Тэгэхэд Балак Балаамд
-Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв.

28 Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.

29 Балаам Балакт
-Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

30 Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.

 Тооллого(Numbers) 24

1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.

2 Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ.

3 Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь
-Беорын хүү Балаамын зөн ба
нүд нь нээлттэй хүний зөн.

4 Бурханы үгсийг сонсдог,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.

5 Иаков аа, чиний майхнууд,
Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!

6 Сунайсан уудам хөндийнүүд мэт,
голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,
ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,
усны дэргэдэх хушнууд мэт.

7 Түүний хувингуудаас ус урсах агаад
түүний үр нь их усны дэргэд байж,
түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд
түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.

8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг,
Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.
Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,
ясыг нь хэсэгчин бяцлаж,
өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.

9 Тэр тухлан арслан мэт хэвтэнэ.
Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ?
Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад
чамайг хараах бүхэн хараагдах болтугай

10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд
-Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа.

11 Иймийн тул одоо өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж хүндэтгэх байсан гэдгээ хэлсэн. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.

12 Балаам Балакт хандан
-Чиний над уруу илгээсэн элч нарт би

13 "Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно" гэж хэлээгүй гэж үү?

14 Одоо харагтун, Би өөрийн ард түмэн уруу явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье гэлээ.

15 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
-Беорын хүү Балаамын зөн ба
нүд нь нээлттэй хүний зөн.

16 Бурханы үгсийг сонсдог ба
Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,
Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.

17 Би түүнийг хардаг, харин одоо биш.
Би түүнийг үздэг, харин ойр биш.
Иаковаас од гарч ирэн,
Израилиас очирт таяг босож,
Моабын магнайг нэвт цөмлөн,
Шетийн бүх хөвгүүдийг нураана.

18 Израилийг хүчээ авах зуур
Едом нь эзлэгдэж,
Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.

19 Иаковаас нэг нь ноёрхож,
хотоос үлдэгсдийг устгах болно гэв.

20 Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин,
-Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,
түүний төгсгөл нь сүйрэл болно гэлээ.

21 Тэр Кенийг харан, сургаалт зүйрлэлээр ярин,
-Чиний сууц удаан бат тогтвортой бөгөөд
чиний үүр хаданд засагджээ.

22 Гэсэн ч Каин нь шатаагдана.
Асшур нь чамайг хир удаан олзонд байлгах вэ? гэв.

23 Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин,
-Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ?

24 Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,
тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно.
Тийнхүү тэд ч бас сүйрнэ

25 Ингээд Балаам босож, өөрийн нутаг уруугаа салан явсан бөгөөд Балак ч өөрийн замаар явав.

 Тооллого(Numbers) 25

1 Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв.

2 Учир нь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ.

3 Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв.

4 ЭЗЭН Мосед
-Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав.

5 Тиймээс Мосе Израилийн шүүгчдэд
-Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ.

6 Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав.

7 Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав.

8 Тэрээр Израиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов.

9 Гамшгаар үхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа.

10 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

11 -Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй.

12 Тийм учраас "Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна.

13 Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир нь тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм" гэж хэл хэмээв.

14 Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв.

15 Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.

16 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

17 -Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь.

18 Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.

 Тооллого(Numbers) 26

1 Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин,

2 -Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв.

3 Тиймээс Иериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин

4 -ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.

5 Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,

6 Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.

7 Эдгээр нь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа.

8 Паллугийн хүү нь Елиаб байв.

9 Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.

10 Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Тэднийг үхэх үед хоёр зуун тавин хүнийг гал залгиад, тэд анхааруулга болжээ.

11 Гэсэн ч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.

12 Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,

13 Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв.

14 Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.

15 Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг,

16 Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг,

17 Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв.

18 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ургууд бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.

19 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан нар байв. Гэвч Ер, Онан нар Канаан нутагт үхсэн байлаа.

20 Иудагийн хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.

21 Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа.

22 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.

23 Иссахарын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Толагаас гарсан толачуудын ураг, Пуваас гарсан пувачуудын ураг,

24 Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв.

25 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.

26 Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.

27 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу зебулунчуудын ургууд бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.

28 Иосефын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Манассе, Ефраим нар байлаа.

29 Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.

30 Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,

31 Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,

32 Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.

33 Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой.

34 Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.

35 Ефраимын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв.

36 Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа.

37 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ургууд бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын хөвгүүд болой.

38 Бениамины хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,

39 Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв.

40 Белагийн хөвгүүд нь Ард, Нааман нар байсан. Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарсан билээ.

41 Эдгээр нь ургуудынхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа.

42 Даны хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ургууд билээ.

43 Тоологдсон хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ургууд нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

44 Ашерын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Имнагаас гарсан имничүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан беричүүдийн ураг байв.

45 Бериагийн хөвгүүдээс Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв.

46 Ашерын охины нэрийг Сера гэдэг байв.

47 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

48 Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,

49 Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.

50 Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.

51 Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.

52 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

53 -Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой.

54 Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.

55 Гэвч нутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой.

56 Шодсон сонголтын дагуу тэдний өв нь том, бага бүлгүүдийн хооронд хуваагдах юм хэмээв.

57 Эдгээр нь левичүүдээс ургуудынхаа дагуу тоологдсон хүмүүс билээ. Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв.

58 Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болсон.

59 Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.

60 Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв.

61 Харин Надаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой.

62 Тэднээс тоологдсон хүмүүс болох нэг сартай ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.

63 Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой.

64 Гэвч Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд байхгүй байлаа.

65 Учир нь ЭЗЭН тэдний тухайд
-Тэд цөлд зайлшгүй үхэх болно хэмээн айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.

 Тооллого(Numbers) 27

1 Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.

2 Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод,

3 -Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан.

4 Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв.

5 Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.

6 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

7 -Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.

8 Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. "Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн.

9 Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн.

10 Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.

11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой" гэв.

12 Дараа нь ЭЗЭН Мосед
-Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.

13 Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно.

14 Учир нь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)

15 Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин

16 -Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай.

17 ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.

18 Тиймээс ЭЗЭН Мосед
-Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий.

19 Түүнийг тахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун.

20 Израилийн хөвгүүдийн бүх чуулган түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун.

21 Түүнээс гадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.

22 ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Иошуаг аван, түүнийг тахилч Елеазар, бүх чуулганы өмнө байрлуулав.

23 Дараа нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин, түүнд үүрэг хариуцлагыг даалгав.

 Тооллого(Numbers) 28

1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

2 -Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд "Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун" гэж хэл.

3 Чи тэдэнд "Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.

4 Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой.

5 Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохисон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.

6 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.

7 Тэгээд үүнтэй хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан тахил байх ёстой. Хатуу ундаагаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд зориулан асгана.

8 Нөгөө хургыг та нар үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. Өглөөний идээн өргөл болон түүний ундаан өргөлийн адил та нар үүнийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр, галаар өргөх өргөл болгон өргөгтүн.

9 Дараа нь амралтын өдөр нэг настай, согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил, түүний ундаан өргөлийг өргөгтүн.

10 Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.

11 Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир.

12 Бух бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурил, мөн нэг хуцанд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг,

13 хурга бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд галаар өргөх өргөл, тайвшруулах тааламжит үнэрийн шатаалт тахилд өргөгтүн.

14 Тэдгээрийн ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын турш байх сар бүрийн шатаалт тахил юм.

15 Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.

16 Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой.

17 Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу.

18 Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

19 Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой.

20 Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр,

21 долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.

22 Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн.

23 Эдгээрийг та нар байнгын шатаалт тахилд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой.

24 Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой.

25 Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

26 Бас анхны үр жимснүүдийн өдөр, та нар Долоо Хоногуудын баяр дээр шинэ идээн өргөлийг ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.

27 Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хоёр залуу бух, нэг хуц, нэг настай долоон эр хургаар шатаалт тахил өргөгтүн.

28 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, бух тус бүрд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг,

29 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

30 Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн.

31 Байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь та нар эдгээрийг ундаан өргөлийнх нь хамт авчир. Тэдгээр нь согоггүй байх ёстой.

 Тооллого(Numbers) 29

1 Долдугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм.

2 Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө.

3 Бас тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

4 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой.

5 Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө.

6 Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.

7 Дараа нь энэ долдугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалт хий. Та нар өөрсдийгөө үгүйсгэж, ямар ч ажил хийж болохгүй.

8 Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир.

9 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

10 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

11 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг эвлэрүүллийн нүглийн төлөөх тахил, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

12 Дараа нь долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цугларалт хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Та нар ЭЗЭНд найр наадмыг долоо хоногийн туршид тэмдэглэгтүн.

13 Та нар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир.

14 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг,

15 арван дөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө.

16 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

17 Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

18 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

19 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

20 Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

21 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

22 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.

23 Дараа нь, дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

24 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

25 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

26 Дараа нь, тав дахь өдөр нь есөн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

27 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

28 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

29 Дараа нь, зургаа дахь өдөр нь найман бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

30 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

31 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

32 Дараа нь, долоо дахь өдөр нь долоон бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

33 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

34 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

35 Найм дахь өдөр та нар ёслолын чуулганыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

36 Харин та нар нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болох шатаалт тахил буюу галаар өргөх өргөл болгон авчрах ёстой.

37 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө.

38 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

39 Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир" гэж хэл гэв.

40 ЭЗЭНий Мосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.

 Тооллого(Numbers) 30

1 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь
-ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.

2 Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.

3 Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,

4 түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой.

5 Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

6 Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал,

7 нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу.

8 Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

9 Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно.

10 Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд

11 нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу.

12 Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

13 Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно.

14 Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна.

15 Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээр хүчингүй болговол эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.

16 Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.

 Тооллого(Numbers) 31

1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

2 -Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв.

3 Мосе ард олонтой ярин
-ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн.

4 Израилийн бүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ.

5 Тийнхүү Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав.

6 Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.

7 Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав.

8 Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.

9 Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв.

10 Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав.

11 Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.

12 Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.

13 Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав.

14 Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.

15 Мосе тэдэнд
-Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү?

16 Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.

17 Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.

18 Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.

19 Та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.

20 Та нар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модон эдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.

21 Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад
-ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой.

22 Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,

23 галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.

24 Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.

25 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

26 -Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий.

27 Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.

28 Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.

29 Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.

30 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.

31 Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.

32 Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,

33 далан хоёр мянган үхэр,

34 жаран нэгэн мянган илжиг,

35 хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь бүгд гучин хоёр мянга байлаа.

36 Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд

37 хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв.

38 Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав.

39 Илжигнүүд гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав.

40 Хүмүүс арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав.

41 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.

42 Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд,

43 цуглааны хагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь,

44 гучин зургаан мянган үхэр,

45 гучин мянга таван зуун илжиг,

46 арван зургаан мянган хүн байлаа.

47 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.

48 Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин,

49 Мосед хандаж
-Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй.

50 Тиймээс бид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.

51 Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав.

52 Мянгатын дарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа.

53 Дайчдаас хүн бүр өөртөө олзыг авсан байлаа.

54 Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.

 Тооллого(Numbers) 32

1 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад,

2 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар нарт болон цуглааны удирдагчдад

3 -Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон

4 хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.

5 Тэд
-Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.

6 Харин Мосе Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд
-Та нарыг энд суух зуур ах дүү нар чинь дайнд явах ёстой гэж үү?

7 ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь юунд та нар Израилийн хөвгүүдийн зоригийг мохооно вэ?

8 Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой.

9 Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй.

10 Тиймээс тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан,

11 "Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй.

12 Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л харах болно. Учир нь тэд ЭЗЭНийг бүрэн дагасан" хэмээсэн.

13 Тийнхүү ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ.

14 Одоо харагтун, нүгэлт хүмүүсийн зулзаганууд, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.

15 Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.

16 Дараа нь тэд түүн уруу ойртон ирж,
-Бид энд мал сүрэгтээ зориулан хонины хашаа хороог, багачууддаа зориулж хотуудыг барьж босгох болно.

17 Харин уг нутгийн оршин суугчдаас болж манай багачууд бэхлэгдсэн хотуудад амьдарч байх зуур Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих үе хүртэл бид зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байх болно.

18 Израилийн хөвгүүдийн хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид өөрсдийн гэр орон уруу буцахгүй.

19 Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй. Учир нь зүүн зүг уруу Иорданы энэ талд бидэнд өөрсдийн маань өв ирсэн билээ гэв.

20 Тиймээс Мосе тэдэнд
-Хэрэв та нар үүнийг хийн, дайнд явахаар ЭЗЭНий өмнө өөрсдийгөө зэвсэглэж,

21 Түүнийг Өөрийн дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай бүх зэвсэглэсэн эрчүүд ЭЗЭНий өмнө Иорданыг гатлан явж,

22 тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.

23 Гэвч хэрэв та нар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй.

24 Багачууддаа зориулан хотуудыг, хониндоо зориулж хашаа хороог өөрсдөө барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ.

25 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетэй ярин,
-Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно.

26 Бидний багачууд, бидний эхнэрүүд, бидний мал сүрэг болон бидний бүх үхэр сүрэг энд Гилеадын хотуудад үлдэх болой.

27 Тэр зуур таны боолууд, дайнд зэвсэглэсэн хүн бүр эзнийхээ хэлсэн ёсоор тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.

28 Тиймээс Мосе тэдний талаарх тушаалыг тахилч Елеазар, Нуны хүү Иошуа ба Израилийн хөвгүүдийн овгуудын эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдэд өгөв.

29 Мосе тэдэнд
-Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.

30 Харин хэрэв тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канааны нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв.

31 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан,
-Таны боолуудад ЭЗЭНий айлдсанчлан бид хийх болно.

32 Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутаг уруу гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы цаад талд бидэнд үлдэх болно гэлээ.

33 Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв.

34 Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер,

35 Атрот-шофан, Иазер, Иогбеха зэргийг,

36 Бет-нимра, Бет-хараныг бэхлэлт хот болгон барьсан бөгөөд хониндоо зориулж хашаа хороог барив.

37 Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим,

38 Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан ба тэд барьсан хотууддаа өөр нэрсийг өгөв.

39 Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг аван, тэнд байсан аморичуудыг зайлуулав.

40 Тиймээс Мосе, Манассегийн хүү Махирт Гилеадыг өгсөн бөгөөд тэр тэнд амьдрав.

41 Манассегийн хүү Иаир явж тэндхийн суурингуудыг аван, тэдгээрийг Хаввот-иаир хэмээн нэрлэв.

42 Ноба явж Кенат болон түүний гацаануудыг аваад, түүнийг өөрийнхөө нэрээр Ноба хэмээн нэрлэв.

 Тооллого(Numbers) 33

1 Мосе, Аарон нарын удирдлаган дор, цэргийнхээ бүлэглэлүүдээр Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян нь энэ юм.

2 ЭЗЭНий тушаалаар тэдний аяны дагуу Мосе тэдний эхлэн гарсан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний эхлэн гарсан газруудын дагуу аян нь энэ юм.

3 Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аялан хөдөлжээ. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнө зоригтойгоор гаран,

4 египетчүүдийн дунд ЭЗЭНий устгасан бүх ууган төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.

5 Дараа нь Израилийн хөвгүүд Рамесесаас аялан Суккотод буудалласан юм.

6 Тэд Суккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав.

7 Тэд Етамаас аялан Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав.

8 Тэд Хахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.

9 Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

10 Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

11 Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав.

12 Тэд Синийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой.

13 Тэд Дофкагаас аялан Алушт буудаллав.

14 Тэд Алушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой.

15 Тэд Рефидимээс аялан Синаин цөлд буудаллав.

16 Тэд Синаин цөлөөс аялан Киброт-хаттаавад буудалласан ажгуу.

17 Тэд Киброт-хаттааваас аялан Хазеротод буудаллав.

18 Тэд Хазеротаас аялан Ритмад буудаллав.

19 Тэд Ритмагаас аялан Риммон-перезэд буудаллав.

20 Тэд Риммон-перезээс аялан Либнад буудалласан болой.

21 Тэд Либнагаас аялан Риссад буудаллав.

22 Тэд Риссагаас аялан Кехелатад буудаллав.

23 Тэд Кехелатаас аялан Шефер ууланд буудаллав.

24 Тэд Шефер уулаас аялан Харадад буудаллав.

25 Тэд Харадаас аялан Макхелотод буудаллав.

26 Тэд Макхелотоос аялан Тахатад буудаллав.

27 Тэд Тахатаас аялан Терад буудаллав.

28 Тэд Терагаас аялан Миткад буудаллав.

29 Тэд Миткагаас аялан Хашмонад буудаллав.

30 Тэд Хашмонагаас аялан Мосеротод буудаллав.

31 Тэд Мосеротоос аялан Бене-иааканд буудаллав.

32 Тэд Бене-иааканаас аялан Хор-хаггидгадад буудаллав.

33 Тэд Хор-хаггидгадаас аялан Иотбатад буудаллав.

34 Тэд Иотбатагаас аялан Абронад буудаллав.

35 Тэд Абронагаас аялан Езион-геберт буудаллав.

36 Тэд Езион-геберээс аялан Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.

37 Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.

38 Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ.

39 Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.

40 Канаан нутагт Негевд амьдарч байсан канаан хүн Арадын хаан Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.

41 Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав.

42 Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав.

43 Тэд Пуноноос аялан Оботод буудаллав.

44 Тэд Оботоос аялан Моабын хил дээрх Ийе-абаримд буудаллав.

45 Тэд Ийимээс аялан Дибон-гадад буудаллав.

46 Тэд Дибон-гадаас аялан Алмон-диблатаимд буудаллав.

47 Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.

48 Тэд Абаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав.

49 Тэд Иорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.

50 Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

51 -Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

52 уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.

53 Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой.

54 Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой.

55 Гэвч хэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.

56 Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө тийнхүү Би та нарт хийх болно" гэж хэлэгтүн гэв.

 Тооллого(Numbers) 34

1 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

2 -Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. "Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.

3 Танай өмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу.

4 Тэгээд танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадеш-барнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.

5 Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.

6 Баруун хилийн тухайд гэвэл, та нарт Их тэнгис, түүний эрэг байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.

7 Танай хойд хил нь энэ болох болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой.

8 Та нар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой.

9 Уг хил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазаренанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.

10 Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.

11 Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.

12 Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу" хэмээв.

13 Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ
-Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.

14 Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.

15 Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

16 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

17 -Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.

18 Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.

19 Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,

20 Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел,

21 Бениамин овгоос Хислоны хүү Елидад,

22 Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки,

23 Иосефын хөвгүүдээс Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел,

24 Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел,

25 Зебулуны хөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан,

26 Иссахарын хөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел,

27 Ашерын хөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд,

28 Нафталийн хөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэв.

29 Эдгээр нь Канааны нутагт Израилийн хөвгүүдэд өвийг тэнцүү хуваалгахаар ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.

 Тооллого(Numbers) 35

1 Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

2 -Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг.

3 Дотор нь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.

4 Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой.

5 Та нар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой.

6 Левичүүдэд та нарын өгөх хотууд нь алуурчныг зугтан очиход нь зориулан өгөх зургаан хоргодох хот байх ёстой. Тэдгээрийн дээр нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өгөх ёстой.

7 Левичүүдэд та нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой.

8 Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвлөж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.

9 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

10 -Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд хэлэгтүн. "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

11 хоргодох хот чинь болох хотуудыг өөрсөддөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм.

12 Тэдгээр хотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно.

13 Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой.

14 Та нар гурван хотыг Иорданы цаад талд, гурван хотыг Канааны нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой.

15 Эдгээр зургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.

16 Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

17 Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

18 Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

19 Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.

20 Хэрэв тэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол,

21 эсвэл хэрэв тэр өс хонзон санаж, өөрийн гараар түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.

22 Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол,

23 эсвэл түүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас

24 цуглаан нь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой.

25 Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу.

26 Харин хэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран,

27 цусан өшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй.

28 Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.

29 Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой.

30 Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй.

31 Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой.

32 Хоргодох хот уруугаа зугтсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй.

33 Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.

34 Дунд нь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа" гэлээ.

 Тооллого(Numbers) 36

1 Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хөвгүүдийн ургийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох удирдагчдын өмнө ярин,

2 -Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шодолтоор өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань ЭЗЭН тушаасан болой.

3 Гэвч хэрэв тэд Израилийн хөвгүүдийн бусад овгуудын хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл тэдний өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний харьяалагдах овгийн өвд нэмэгдэх болно. Ингэж энэ нь бидэнд хуваагдсан өвөөс авагдах болно.

4 Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.

5 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан
-Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм.

6 Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. "Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой".

7 Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой.

8 Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.

9 Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.

10 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.

11 Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн нагац, авгуудын хөвгүүдтэй гэрлэв.

12 Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.

13 Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.

 

#@#