Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23  24  25  26  27  28

 ҮЙЛС (Acts)  1

1 Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан

2 Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ.

3 Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.

4 Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний "Та нар Надаас сонссоны дагуу,

5 Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно" гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.

6 Тэгээд цуглагсад Түүнээс
-Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд

7 Тэр тэдэнд
-Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.

8 Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.

9 Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов.

10 Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод,

11 хэлсэн нь
-Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.

12 Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ.

13 Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой.

14 Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

15 Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв),

16 -Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв.

17 Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа.

18 (Тэр хүн хорон үйлийнхээ төлөөсөнд авсан газар түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж гэдэс дотроо цувуулжээ.

19 Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ).

20 Энэ нь Дуулал номд
"Түүний орон гэр нь эзгүйрч,
Хэн ч түүнд нь бүү орогног" гээд,
"Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг"

21 Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан,

22 Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв.

23 Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган,

24 залбирч
-Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач.

25 Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд,

26 тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

 ҮЙЛС (Acts)  2

1 Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа.

2 Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ.

3 Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.

4 Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.

5 Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв.

6 Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.

7 Гайхаж алмайрсан тэд
-Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?

8 Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?

9 Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,

10 Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд,

11 кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

12 Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо
-Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.

13 -Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

14 Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан
-Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.

15 Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна.

16 Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан

17 "Бурхан айлдаж байна.
"Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана.
Хөвгүүд, охид чинь эш үзүүлж,
Залуучууд чинь үзэгдэл үзэн,
Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.

18 Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр
Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.

19 Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,
Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд
Энэ нь цус, гал, суунаглах утаа болой.

20 Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө
Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.

21 Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно" гэж хэлэгдсэнчлэн болжээ.

22 Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ.

23 Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.

24 Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.

25 Давид Түүний тухай
"Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан.
Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.

26 Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан.
Махан бие минь найдвар дотор оршино.

27 Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй,
Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.

28 Та Надад амийн замыг мэдүүлж,
Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ"

29 Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.

30 Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд,

31 Христийн амилалтыг угтан харж, "Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй" гэжээ.

32 Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн.

33 Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.

34 Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө
"Эзэн миний Эзэнд айлдруун
"Миний баруун гарт залар.

35 Ингэхдээ дайсныг чинь
Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой" хэмээв"

36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас
-Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.

38 Петр тэдэнд
-Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.

39 Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.

40 Тэр өөр олон үгээр гэрчлэн
-Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.

41 Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.

42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.

43 Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа]

44 Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв.

45 Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа.

46 Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон

47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

 ҮЙЛС (Acts)  3

1 Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.

2 Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.

3 Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.

4 Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,
-Наашаа хар гэв.

5 Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав.

6 Харин Петр түүнд
-Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,
-Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд

7 баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,

8 үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.

9 Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад

10 сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.

11 Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ.

12 Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
-Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?

13 Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.

14 Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан

15 боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм.

16 Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.

17 Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.

18 Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.

19 Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд

20 та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.

21 Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм.

22 Мосе хэлэхдээ "Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун.

23 Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно" гэсэн юм.

24 Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.

25 Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд "Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно" хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.

26 Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.

 ҮЙЛС (Acts)  4

1 Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв.

2 Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.

3 Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв.

4 Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.

5 Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав.

6 Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа.

7 Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,
-Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.

8 Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,
-Ахлагчид болон ард түмний захирагчид аа!

9 Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол,

10 та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй.

11 Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.

12 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.

13 Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.

14 Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй.

15 Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн,

16 -Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй.

17 Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.

18 Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав.

19 Гэвч Петр, Иохан нар тэдэнд
-Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.

20 Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ.

21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа.

22 Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.

23 Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав.

24 Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн
-Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ.

25 Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,
"Яагаад харь үндэстнүүд уурсаж,
Ард олон дэмий зүйл сэднэ вэ?

26 Газрын хаад ирж,
Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав"

27 Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ.

28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой.

29 Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч.

30 Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв.

31 Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.

32 Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв.

33 Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой.

34 Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч,

35 элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа.

36 Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь

37 өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.

 ҮЙЛС (Acts)  5

1 Гэтэл Ананиа гэгч нэгэн эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж,

2 өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв.

3 Харин Петр
-Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?

4 Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.

5 Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.

6 Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.

7 Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв.

8 Петр түүнд хандаж,
-Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй
-Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв.

9 Петр түүнд
-Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,

10 мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ.

11 Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.

12 Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв. Тэд Соломоны асарт бүгд нэгэн санаатай байлаа.

13 Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв.

14 Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа.

15 Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж гудамж уруу өвчтэй хүмүүсийг авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа.

16 Мөн Иерусалимын ойр орчмын хотуудаас хүмүүс өвчтөнүүд, эсвэл бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.

17 Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч санаа нэгт садукайн бүлэглэлийнхний хамт эсэргүүцэн босож,

18 тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив.

19 Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь

20 -Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун гэв.

21 Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ.

22 Гэвч шорон уруу очсон цэргүүд тэднийг олоогүй тул эргээд ирж, энэ тухайгаа мэдэгдэв.

23 Тэд
-Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгон ороход дотор нь хэн ч байсангүй гэв.

24 Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.

25 Харин хүн ирж тэдэнд
-Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв.

26 Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)

27 Ийнхүү нөгөө хэдийг авчирч Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув.

28 -Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.

29 Харин Петр болон бусад элч нар тэдэнд
-Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.

30 Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ.

31 Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн.

32 Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.

33 Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.

34 Харин олонд хүндтэй, Хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босож, тэднийг түр гаргахыг тушаав.

35 Тэгээд зөвлөлийнхөнд хандаж
-Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа.

36 Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй дөрвөн зуу орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон.

37 Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ.

38 Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно.

39 Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд

40 тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.

41 Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.

42 Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.

 ҮЙЛС (Acts)  6

1 Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ.

2 Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж,
-Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм.

3 Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.

4 Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв.

5 Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ.

6 Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.

7 Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.

8 Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа.

9 Гэтэл "эрх чөлөөтнүүд" хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав.

10 Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.

11 Тэгээд тэд "Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон" гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ.

12 Тэд тийнхүү олон түмэн, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг хүчээр Зөвлөлийн өмнө авчрав.

13 Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд
-Энэ хүн [энэ] ариун газар, бас Хуулийн эсрэг юмыг зогсолтгүйгээр ярьж явдаг.

14 "Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө" гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.

15 Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход, түүний царай тэнгэр элчийн царай лугаа адил харагджээ.

 ҮЙЛС (Acts)  7

1 Тэргүүн тахилч
-Энэ үнэн үү? гэв.

2 Тэгтэл тэр ингэж хэлэв.
-Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,

3 "Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир" гэсэн.

4 Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурьшсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ.

5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.

6 Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана.

7 Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ" гээд, Бурхан цааш нь "Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ.

8 Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.

9 Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд

10 түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа.

11 Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ.

12 Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав.

13 Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов.

14 Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ.

15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.

16 Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ.

17 Харин Бурханы Абрахамд амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх манай ард түмэн өсөж, олон болов.

18 Энэ нь Иосефын талаар юу ч мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ.

19 Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан.

20 Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.

21 Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв.

22 Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ.

23 Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрх сэтгэлийг эзэмдэв.

24 Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ.

25 Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй.

26 Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн "Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?" гэжээ.

27 Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, "Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?

28 Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?" гэв.

29 Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.

30 Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна.

31 Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч,

32 "Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна" гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй.

33 Харин Эзэн түүнд "Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм.

34 Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна" гэжээ.

35 "Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?" хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.

36 Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.

37 Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж "Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ" гэж хэлсэн билээ.

38 Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.

39 Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.

40 Тийнхүү Ааронд "Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга" гэж байлаа.

41 Ийнхүү тэр өдрүүдэд тэд тугал хийж, мөнөөх шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.

42 Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр "Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү?

43 Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Ромфа бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно" гэсэн байдаг.

44 Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа.

45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.

46 Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан.

47 Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой.

48 Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн

49 "Эзэн айлдахдаа
"Тэнгэр болбоос Миний сэнтий,
Газар болбоос Миний хөлийн гишгүүр.
Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?
Би амрах ямар газар байна вэ?

50 Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?""

51 Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.

52 Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ.

53 Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.

54 Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.

55 Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,

56 -Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв.

57 Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,

58 түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа.

59 Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,
-Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.

60 Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар,
-Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.

 ҮЙЛС (Acts)  8

1 Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.
Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав.

2 Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав.

3 Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа.

4 Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.

5 Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.

6 Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа.

7 Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.

8 Тэр хот үлэмж баяр баясалтай байв.

9 Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ.

10 Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,
-Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж.

11 Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ.

12 Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа.

13 Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.

14 Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав.

15 Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ.

16 Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ.

17 Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа.

18 Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,

19 -Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв.

20 Гэвч Петр түүнд
-Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ.

21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.

22 Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм.

23 Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.

24 Симон хариуд нь
-Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.

25 Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.

26 Харин Эзэний тэнгэр элч Филипт
-Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)

27 Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,

28 буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав.

29 Сүнс Филипт хандаж
-Тэр тэргийг гүйцэн оч гэв.

30 Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс
-Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад

31 тэр
-Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.

32 Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,
"Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд
Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.

33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.
Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?
Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм"

34 Мөнөөх тайган хүн Филипт хандаж
-Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд

35 Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.

36 Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн
-Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.

37 [Филип
-Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
-Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.]

38 Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.

39 Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.

40 Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.

 ҮЙЛС (Acts)  9

1 Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж,

2 тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.

3 Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд,

4 Саул газар хөсөр унав. Тэгээд
-Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,

5 -Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр
-Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

6 Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.

7 Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа.

8 Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.

9 Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.

10 Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр
-Ананиа гэж айлдахад тэр
-Би энд байна, Эзэн гэв.

11 Эзэн түүнд
-Бос, "Шулуун" хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч,

12 Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг [үзэгдэлд] харж байна гэв.

13 Гэвч Ананиа хариуд нь
-Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.

14 Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.

15 Харин Эзэн түүнд
-Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд

16 Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.

17 Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад,
-Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.

18 Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд,

19 хооллож хүч оров.
Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.

20 Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад
-Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.

21 Түүнийг сонссон бүхэн гайхширсаар
-Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа.

22 Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.

23 Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа.

24 Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа.

25 Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав.

26 Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв.

27 Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ.

28 Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа.

29 Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ.

30 Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав.

31 Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.

32 Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв.

33 Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ.

34 Петр түүнд
-Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.

35 Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.

36 Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ.

37 Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа.

38 Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул "Бидэнд уруу даруй ирээч" гэж гуйлган хоёр хүн илгээв.

39 Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв.

40 Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж
-Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.

41 Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав.

42 Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ.

43 Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.

 ҮЙЛС (Acts)  10

1 Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр "Италийнхан" хэмээх ангийн зуутын дарга байв.

2 Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ.

3 Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж "Корнел!" гэхийг тод үзэв.

4 Айдаст автсан тэр түүн уруу харж,
-Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд
-Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.

5 Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул.

6 Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.

7 Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.

8 Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.

9 Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.

10 Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ.

11 Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.

12 Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ.

13 Тэгтэл нэгэн дуу гарч түүнд
-Петр ээ! Бос, нядлаад ид гэв.

14 Харин Петр
-Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.

15 Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд
-Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.

16 Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.

17 Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв.

18 Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув.

19 Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд
-Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна.

20 Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.

21 Петр тэр хүмүүс уруу очиж,
-Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд

22 тэд
-Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.

23 Петр тэднийг орохыг урьж, зочлов.
Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.

24 Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв.

25 Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.

26 Харин Петр түүнийг босгоод
-Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв.

27 Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа.

28 Тэр тэдэнд
-Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.

29 Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв.

30 Корнел
-Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,

31 "Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.

32 Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа" гэсэн юм.

33 Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.

34 Петр ам нээж,
-Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд

35 Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов.

36 Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)

37 Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ.

38 Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.

39 Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм.

40 Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж,

41 бүх хүмүүст биш, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов.

42 Тэр бол Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм.

43 Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.

44 Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув.

45 Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ.

46 Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр

47 -Бидний авсанчлан тийнхүү Ариун Сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээхэд хэн ч уснаас татгалзаж чадахгүй биз дээ? гэлээ.

48 Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдээч гэж гуйлаа.

 ҮЙЛС (Acts)  11

1 Бурханы үгийг харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов.

2 Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж,

3 -Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ.

4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.

5 -Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав.

6 Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа.

7 Мөн би "Петр ээ, бос. Нядалж ид" гэх дуу гарахыг сонссон.

8 Харин би "Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй" гэхэд

9 тэнгэрээс гарах дуу хоёр дахиа "Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз" гэв.

10 Энэ нь гурав дахин давтагдсан бөгөөд бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн.

11 Гэтэл тэр үед миний сууж байсан айлын үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдсэн хүмүүс ажээ.

12 Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив.

13 Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул.

14 Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина" гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив.

15 Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа.

16 Тэгэхэд би "Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно" гэсэн Эзэний үгийг санав.

17 Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ? гэв.

18 Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан
-Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.

19 Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ.

20 Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грек хүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.

21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа.

22 Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох уруу явуулахаар илгээв.

23 Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.

24 Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв.

25 Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ.

26 Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.

27 Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиох уруу хэдэн эш үзүүлэгчид ирсэн байна.

28 Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан
-Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.

29 Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.

30 Түүнийгээ Барнаб, Саул хоёрт хариуцуулан ахлагчдад илгээжээ.

 ҮЙЛС (Acts)  12

1 Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав.

2 Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ.

3 Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй Талхны баярын өдрүүдэд болжээ.

4 Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа.

5 Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв.

6 Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.

7 Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,
-Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.

8 Тэнгэр элч түүнд
-Бүсээ бүсэлж, шаахайгаа өмс гэхэд тэр тэгэв. Тэгээд тэр
-Хувцсаа өмс, намайг дага гэжээ.

9 Петр гадагш гарч түүнийг даган явав. Тэрээр тэнгэр элчээр үйлдэгдэж буй энэ явдал нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж.

10 Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр дааман хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэр элч гэнэт түүнийг орхин одов.

11 Петр сэхээ орж,
-Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.

12 Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа.

13 Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд,

14 Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ.

15 Тэгтэл хүмүүс түүнд
-Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд
-Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв.

16 Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ.

17 Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж,
-Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.

18 Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ.

19 Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв.

20 Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ.

21 Товлосон өдөр Херод эрхэм дээд суудалдаа хааны хувцастайгаа заларч тэдэнд үг хэлж эхлэв.

22 Ард олон
-Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа.

23 Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.

24 Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.

25 Барнаб, Саул хоёр үүргээ биелүүлээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.

 ҮЙЛС (Acts)  13

1 Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болох эш үзүүлэгч мөн багш нар байв.

2 Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс
-Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.

3 Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.

4 Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.

5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ.

6 Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав.

7 Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.

8 Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.

9 Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,

10 -Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?

11 Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.

12 Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

13 Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.

14 Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув.

15 Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,
-Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд

16 Паул босож гараараа дохин ийн хэлэв.
-Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!

17 Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан.

18 Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв.

19 Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.

20 Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.

21 Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав.

22 Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, "Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо" гэсэн байдаг.

23 Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.

24 Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав.

25 Иохан үйлсийнхээ цар хүрээг гүйцээж байхдаа "Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бишээ. Харин миний араас ирж буй нэгний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш" гэж хэлсээр байсан.

26 Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд болон та нарын дунд байгаа Бурханаас эмээгч хүмүүс ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм.

27 Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.

28 Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.

29 Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.

30 Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд

31 Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.

32 Бид эцэг өвгөдөд амлагдсан амлалтын тэрхүү сайн мэдээг л та нарт тунхаглаж байна.

33 Дуулал номын хоёрдугаарт "Чи бол Миний Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлэв" гэж бичигдсэнчлэн, Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм.

34 Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай "Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө" гэжээ.

35 Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн "Та Өөрийнхөө Ариун Нэгэнийг ялзралд өгөхгүй" гэж айлдсан юм.

36 Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу.

37 Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг үзсэнгүй.

38 Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.

39 Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно.

40 Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил.

41 "Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө!
Учир нь та нарын өдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан ч
Та нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно"

42 Паул, Барнаб нарыг гарч явахад, хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа.

43 Синагогийн хурал тарахад иудейчүүдээс болон Бурханаас эмээгч шинэ итгэгчдээс олонх нь Паул, Барнаб нарыг дагалдахад, тэр хоёр тэдэнтэй ярьж, Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байлаа.

44 Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв.

45 Гэвч хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг доромжлон үгүйсгэж байлаа.

46 Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж,
-Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна.

47 Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан.
"Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан.
Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна"

48 Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.

49 Эзэний үг бүх нутаг даяар түгж байлаа.

50 Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэх хүмүүсийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав.

51 Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдэн уруу сэгсрээд, Икониум уруу явжээ.

52 Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байсаар байлаа.

 ҮЙЛС (Acts)  14

1 Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв.

2 Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.

3 Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн Өөрийн нигүүлслийн үгээ гэрчлэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож байлаа.

4 Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров.

5 Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт хүч хэрэглэх гэж, мөн тэдэн уруу чулуу шидэх гэж оролдсонд,

6 тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд болох Лустр, Дерб уруу болон тэр хавийн нутаг уруу зугтав.

7 Тэд тэнд сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглав.

8 Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа.

9 Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,

10 чангаар
-Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв.

11 Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр
-Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.

12 Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм.

13 Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн баглаа авчирч, ард олны хамт өргөл барих гэв.

14 Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран

15 -Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.

16 Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.

17 Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв.

18 Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олон түмнийг тэд арай чамай хориглож байлаа.

19 Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.

20 Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.

21 Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа

22 дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан,
-Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.

23 Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд тушаав.

24 Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээв.

25 Тэд Пергэд үгийг тараагаад, Аттал уруу явж

26 тэндээсээ Антиох уруу усан онгоцоор явав. Антиохт тэд өөрсдийн биелүүлсэн ажлын төлөө Бурханы нигүүлсэлд тушаагдаж байжээ.

27 Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө.

28 Ингээд тэд дагалдагчдын хамт удаан хугацаагаар байв.

 ҮЙЛС (Acts)  15

1 Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс
-Мосегийн ёс заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй хэмээн ах дүүс нарт сургажээ.

2 Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, их маргаан болов. Ах дүүс хэдэн хүнийг Паул, Барнаб нарын хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.

3 Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо харь үндэстнүүдийн Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.

4 Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.

5 Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож
-Тэд хөвч хөндүүлэн, Мосегийн Хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.

6 Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.

7 Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд
-Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан анхнаасаа намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэцгээж байгаа.

8 Зүрх сэтгэлийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд

9 тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.

10 Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?

11 Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.

12 Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.

13 Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков
-Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.

14 Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ.

15 Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.

16 ""Үүний дараа Би эргэж ирээд
Давидын нурсан асрыг дахин босгоно.
Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ.

17 Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болон
Бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой"

18 гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна"

19 Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан уруу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм.

20 Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.

21 Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.

22 Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагдав.

23 Тэднээр энэхүү захидлыг илгээв.
"Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт мэнд хүргэе.

24 Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь өөрсдийн үгээрээ та нарт төвөг удаж, сэтгэлийг тань үймрүүлснийг сонссон тул

25 бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу явуулах нь бидэнд зүйтэй санагдав.

26 Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ.

27 Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно.

28 Учир нь Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв.

29 Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.

30 Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.

31 Захидлыг уншаад тэд урамшуулсан үгст нь баярлацгаав.

32 Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгажээ.

33 Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.

34 [Харин Силасын хувьд, Антиохт үлдэх нь зүйтэй санагджээ.]

35 Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан, зааж байлаа.

36 Хэдэн өдрийн дараа Паул
-Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.

37 Барнаб Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг хүсжээ.

38 Памфулд биднийг орхиж, ажлын төлөө бидэнтэй хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул зүтгэсээр байлаа.

39 Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.

40 Харин Паул Силасыг авч явлаа. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав.

41 Тэрээр Сири болон Киликээр дайран гарахдаа чуулгануудыг урамшуулж явлаа.

 ҮЙЛС (Acts)  16

1 Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч Иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд түүний эцэг Грек хүн байжээ.

2 Тэр Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг нэгэн байв.

3 Паул түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Гэхдээ Тимотын эцэг нь Грек хүн гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүний хөвчийг хөндөж, хамтдаа явжээ.

4 Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа.

5 Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.

6 Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч,

7 Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй.

8 Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв.

9 Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон "Македонид ирж бидэнд туслаач" гэж гуйсан ажээ.

10 Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхагла гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македони уруу явахаар болцгоов.

11 Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч,

12 тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа.

13 Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав.

14 Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ.

15 Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа
-Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.

16 Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.

17 Тэрээр Паул болон биднийг дагаж,
-Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.

18 Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд
-Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.

19 Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад

20 тэргүүн захирагчид уруу аваачиж,
-Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж,

21 ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв.

22 Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.

23 Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.

24 Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлөв.

25 Гэвч Паул, Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа.

26 Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.

27 Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал

28 Паул чангаар
-Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд

29 тэр
-Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч,

30 тэднийг гаргах зуураа
-Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.

31 Тэд
-Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.

32 Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.

33 Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угааж өгөөд, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.

34 Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.

35 Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,
-Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ.

36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж
-Тэргүүн захирагчид "Та нарыг сулла" гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд

37 харин Паул тэдэнд
-Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.

38 Цагдаа нар тэргүүн захирагчдад эдгээр үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав.

39 Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.

40 Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.

 ҮЙЛС (Acts)  17

1 Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.

2 Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав.

3 Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод,
-Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.

4 Тэдний зарим нь Бурханаас эмээгч үлэмж тооны грекчүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүдийн хамт итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.

5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

6 Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирэн авчирч хашхиралдан
-Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.

7 Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, "Есүс нэртэй өөр хаан байна" гэдэг гэцгээв.

8 Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав.

9 Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.

10 Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.

11 Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.

12 Тэднээс олонх нь Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт итгэв.

13 Гэтэл Тесалоникийн иудейчүүд Паулын Беройд ирж, Бурханы үгийг тунхаглаж байгааг мэдээд хүмүүсийг өдөөн хатгаж, үймүүлсээр тэнд иржээ.

14 Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлдэв.

15 Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болохоор даруй явуулах тушаал аваад буцлаа.

16 Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ.

17 Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн, мөн өдөр бүр зах зээлийн газар дээр байсан бүхэнтэй ярилцаж байлаа.

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь
-Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь
-Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.

19 Тэд түүнийг барьж Арейпагт авчраад,
-Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?

20 Учир нь чи бидний чихэнд нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.

21 (Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ)

22 Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв.
-Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа.

23 Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа "Үл мэдэгдэх бурханд" гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.

24 Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм.

25 Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.

26 Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь

27 хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.

28 Танай зарим яруу найрагчдын "Бид бас Түүний үр удам" гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог.

29 Бурханы үр удам атлаа бид Бурханлаг Мөн чанарыг хүний санаа, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө, эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.

30 Иймээс ч Бурхан харанхуй балар үеийг харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг Тэр хүмүүст хандан тунхаглаж байна.

31 Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.

32 Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь
-Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.

33 Ингээд Паул тэдний дундаас гарч явав.

34 Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон өөр хүмүүс бас тэдэнтэй хамт байлаа.

 ҮЙЛС (Acts)  18

1 Дараа нь тэр Афиныг орхин Коринт уруу очив.

2 Тэр тэнд Понт нутгийн Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив.

3 Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ.

4 Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв.

5 Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.

6 Тэд түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд
-Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно гэв.

7 Тэр тэндээс явж, синагогийн дэргэд гэр нь байдаг Иустын Тит гэдэг хүний гэрт очив. Тэр Бурханыг шүтдэг нэгэн ажээ.

8 Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа.

9 Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан
-Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай.

10 Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.

11 Тэр тэдний дунд Бурханы үгийг сурган жил зургаан сар амьдрав.

12 Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч,

13 -Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв.

14 Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв.
-Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан.

15 Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.

16 Тийнхүү тэр тэднийг шүүхээс хөөжээ.

17 Тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.

18 Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгээд усан онгоцонд суун Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахиж үсээ авахуулжээ.

19 Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдэд сургамжилжээ.

20 Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй.

21 Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ
-Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.

22 Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав.

23 Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.

24 Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ.

25 Апол бол Эзэний замаар явахад сургагдсан хүн байсан бөгөөд гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ.

26 Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв.

27 Тэр Ахай нутгаар явахыг хүссэн тул ах дүү нар түүнийг урамшуулан зоригжуулаад, түүнийг хүлээн авахыг хүссэн захидал дагалдагчдад илгээв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ.

28 Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа.

 ҮЙЛС (Acts)  19

1 Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.

2 Тэгээд тэдэнд
-Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд
-Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв.

3 Тэр
-Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд
-Иоханы баптисмыг гэжээ.

4 Паул
-"Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн" гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.

5 Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.

6 Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.

7 Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.

8 Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв.

9 Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.

10 Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ.

11 Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа.

12 Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.

13 Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр
-Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ.

14 Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв.

15 Муу сүнс тэдэнд
-Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв.

16 Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав.

17 Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа.

18 Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв.

19 Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.

20 Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.

21 Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, "Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой" гэв.

22 Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.

23 Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав.

24 Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисын сүмийг мөнгөөр урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв.

25 Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд
-Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ.

26 Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа.

27 Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охин тэнгэр Артемисын сүм хэрэггүй гэж тооцогдон, Ази болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ.

28 Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж,
-Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав.

29 Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв.

30 Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа.

31 Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг жүжгийн хүрээлэнд очихгүй байхыг ятгажээ.

32 Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа.

33 Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ.

34 Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар
-Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав.

35 Хотын захирагч ирж, цугласан олныг тайвшруулаад ийн хэлэв.
-Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисын сүмийн харуул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?

36 Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй.

37 Та нарын авчирсан эдгээр хүмүүс чинь ч сүмийг цөлмөөгүй, охин тэнгэрийг маань ч ер доромжлоогүй юм байна.

38 Тиймээс хэрэв Деметр болон түүний урчууд хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж байгаа, мөн тэргүүн захирагч ч байна. Тэд гомдлоо авч ирцгээг.

39 Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ.

40 Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй гэжээ.

41 Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.

 ҮЙЛС (Acts)  20

1 Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа.

2 Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд

3 гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.

4 Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав.

5 Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа.

6 Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.

7 Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.

8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа.

9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа.

10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд,
-Бүү зов. Тэр амьд байна гэлээ.

11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.

12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.

13 Харин бид усан онгоцоор Асс уруу түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ газраар явж очих санаатай байлаа.

14 Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв.

15 Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын орчимд хүрч, дараачийнх нь өдөр Самосыг гатлан гарч удаах өдөр нь Милетэд ирэв.

16 Паул боломжтой бол Пентекостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.

17 Тэр Милетээс Ефес уруу хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.

18 Тэднийг ирэхэд тэр
-Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ.

19 Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан.

20 Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургаж,

21 Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд гэрчилсэн.

22 Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй.

23 Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг.

24 Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.

25 Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ.

26 Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна.

27 Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.

28 Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.

29 Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.

30 Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.

31 Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.

32 Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.

33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.

34 Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа.

35 Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан "Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй" гэсэн үгийг санагтун гэж хэлэв.

36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав.

37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа.

38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.

 ҮЙЛС (Acts)  21

1 Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Род уруу яван, тэндээсээ Патарт очив.

2 Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав.

3 Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.

4 Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Тэд Паулд Иерусалимд хөл тавихгүй байхыг Сүнсээр хэлэв.

5 Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.

6 Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.

7 Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.

8 Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав.

9 Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.

10 Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.

11 Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд
-Ариун Сүнс надад "Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана" гэж айлдаж байна гэв.

12 Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйв.

13 Тэгтэл Паул
-Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.

14 Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид
-Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.

15 Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа.

16 Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг эртний дагалдагч Киприйн Мнасоныд хоног төөрүүлэхээр хүргэж өгөв.

17 Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.

18 Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа.

19 Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.

20 Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд
-Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд

21 тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.

22 Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно.

23 Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий.

24 Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.

25 Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.

26 Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.

27 Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад

28 -Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.

29 Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.

30 Хот бүхэлдээ хөдөлж, хүмүүс олноороо цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.

31 Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв.

32 Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн уруу гүйн очив. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг занчихаа болив.

33 Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв.

34 Гэвч цугласан олны дундаас зарим нь нэг зүйлийг хашхирч байхад зарим нь ондоо зүйлийг хашхиралдахад чухамдаа юу болсныг шуугианаас олж мэдэж чадаагүй учир тэр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа.

35 Паулыг шатан дээр гарч ирэхэд шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрчээ.

36 Учир нь хурсан олон араас нь дагасаар
-Түүнийг тонилго хэмээн хашхирч байлаа.

37 Паул хуаран уруу орох гэж байхдаа мянгатын даргад
-Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр
-Та грек хэл мэддэг юм уу?

38 Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв.

39 Харин Паул
-Би бол Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг олон түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ.

40 Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд хандаж Паул еврей хэлээр ингэж хэллээ.

 ҮЙЛС (Acts)  22

1 -Ах дүү нар аа, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв.

2 Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь

3 -Би бол Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.

4 Би энэхүү Замд үхлийн хавчилт үзүүлэн, эр, эмгүй хүлж шоронд хийж байсан.

5 Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.

6 Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад

7 би газар унав. Тэгтэл "Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?" гэх дуу сонсогдов.

8 "Эзэн, Та хэн бэ?" гэсэнд, Тэр надад "Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна" гэлээ.

9 Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ.

10 Тэгээд би "Эзэн, би юу хийх вэ?" гэв. Эзэн надад "Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө" гэв.

11 Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон.

12 Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр

13 над уруу ирж, дөхөн зогсоод "Саул дүү минь, хараатай бологтун" гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа.

14 Тэр надад "Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ.

15 Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно.

16 Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа" гэв.

17 Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж,

18 би Түүнийг харсан бөгөөд Тэр надад "Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар" гэж айлдав.

19 Тэгэхэд нь би "Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.

20 Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан" гэхэд

21 Тэр надад "Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ" гэж айлдсан гэв.

22 Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн
-Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.

23 Тийнхүү хашхиралдан байхдаа тэд хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал

24 мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав.

25 Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад
-Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд

26 зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд
-Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.

27 Тэгтэл мянгатын дарга Паул уруу ирээд
-Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр
-Тийм ээ гэлээ.

28 Мянгатын дарга
-Би энэхүү иргэний эрхийг чинь их мөнгөөр олж авсан гэхэд Паул
-Харин би бол төрөхдөө л иргэн нь байсан юм гэв.

29 Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явав. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг гинжилсэндээ мянгатын дарга айв.

30 Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж, түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч, тэдний өмнө зогсоожээ.

 ҮЙЛС (Acts)  23

1 Паул Зөвлөлийг анхааралтай харан,
-Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв.

2 Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав.

3 Тэгэхэд нь Паул түүнд
-Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд

4 тэнд байгсад
-Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ.

5 Паул
-"Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул" гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв.

6 Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан
-Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав.

7 Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав.

8 Садукайчууд болохоор амилалт ч, тэнгэр элч ч, сүнс ч байхгүй хэмээн ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг байдаг хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу.

9 Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан
-Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв.

10 Маргаан ширүүсэж эхэлсэнд, тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга эмээн, цэргүүддээ явж, түүнийг тэднээс хүчээр салган авч хуаранд аваачихыг тушаав.

11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон,
-Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

12 Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав.

13 Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ.

14 Тэд ахлах тахилч нар болон ахлагчид уруу очиж
-Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав.

15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

16 Хуйвалдааныг мэдсэн Паулын зээ дүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ.

17 Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж
-Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв.

18 Тэр түүнийг мянгатын дарга уруу дагуулж ирээд,
-Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг хүссэн юм гэжээ.

19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад
-Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув.

20 Тэр
-Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэт түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэхээр зөвшилджээ.

21 Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.

22 Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа
-Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.

23 Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж,
-Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон, бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв.

24 Мөн тэд Паулыг захирагч Феликт эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргав.

25 Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.

26 "Клауд Луси, эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж мэндчилье.

27 Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад нь түүний Ромын иргэн болохыг мэдсэн тул би цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм.

28 Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан.

29 Тэгээд буруутгал нь тэдний Хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин энэ хүн үхэх, эсвэл шоронд орох ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй юм байна.

30 Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй тан уруу явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг хэмээн тушаав"[Баяртай] гэжээ.

31 Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрад авчирлаа.

32 Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ.

33 Тэд Кайсарид ирж захирагчид захидлыг гардуулаад, Паулыг түүний өмнө авчрав.

34 Захирагч захидлыг уншаад, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ

35 -Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.

 ҮЙЛС (Acts)  24

1 Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.

2 Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул түүнийг буруутгаж захирагчид хандан ийн хэлэв.
-Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд

3 бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь.

4 Гэвч таныг чилээхийг үл хүсэж биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя.

5 Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм.

6 Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм.

7 Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булаан авч,

8 түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд

9 иудейчүүд
-Үнэхээр тийм шүү хэмээн тэрхүү буруутгалд хошуу нэмэрлэцгээв.

10 Захирагч Паулыг ярь гэж дохисонд тэр
-Та олон жилийн турш энэ ард түмнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно.

11 Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна.

12 Энэ хүмүүс намайг сүмд ч, синагогт ч, мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан, эсвэл үймээн гаргаж байсныг ер олж хараагүй.

13 Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.

14 Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө.

15 Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.

16 Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.

17 Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.

18 Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудейчүүд тэнд байсан.

19 Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан.

20 Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ.

21 Би тэдний дунд байхдаа "Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна" гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.

22 Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,
-Мянгатын дарга Лусыг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд

23 зуутын даргад
-Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.

24 Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.

25 Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж,
-Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.

26 Тэр Паулыг өөрт нь мөнгө өгөх байх хэмээн найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.

27 Гэвч хоёр жил өнгөрч Фелик Порк Фестээр солигдож, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр үлдээв.

 ҮЙЛС (Acts)  25

1 Фест муждаа хүрэлцэн ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв.

2 Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгч хүмүүс Паулын эсрэг гомдлоо түүнд тавьж, түүнийг ятган,

3 Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)

4 Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарт хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийшээ явах гэж байгаагаа хэлэв.

5 Тэгээд тэр цааш нь
-Иймээс та нарын дундаас нөлөө бүхий хүмүүс надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүнийг буруутгах зүйл байх аваас тэд түүнийг шүүтүгэй гэв.

6 Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр өөрийн шүүхийн суудалд суугаад Паулыг авчрахыг тушаалаа.

7 Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

8 Паул өөрийгөө өмгөөлөн
-Иудейн Хуулийн эсрэг, эсвэл сүм, Цезарийн эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.

9 Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд
-Та Иерусалимд очиж, миний өмнө зогсон эдгээр ял зэмлэлээ шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд

10 Паул
-Намайг шүүх ёстой Цезарийн шүүхийн өмнө би зогсож байна. Иудейчүүдийн эсрэг би ямар ч бузар мууг үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.

11 Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.

12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож
-Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.

13 Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.

14 Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.
-Фелик нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм.

15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв.

16 Би тэдэнд "Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш" гэдгийг хэлсэн.

17 Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүхийн суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаав.

18 Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа.

19 Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар, мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.

20 Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэн тул, би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув.

21 Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв.

22 Агрийп хаан Фестэд
-Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр
-Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.

23 Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.

24 Фест
-Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн "Тэр цаашид амьд байх ёсгүй" хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна.

25 Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.

26 Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна.

27 Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг заахгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.

 ҮЙЛС (Acts)  26

1 Тэгтэл Агрийп Паулд хандан
-Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлсөн үгийг хэлж эхлэв.

2 -Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар Агрийп хаан таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна.

3 Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.

4 Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд бүр эхнээсээ өнгөрөөсөн миний амьдралыг бага наснаас минь авахуулан бүх иудейчүүд мэднэ.

5 Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ.

6 Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.

7 Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.

8 Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд ер бусын хэмээгдэнэ вэ?

9 Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.

10 Үүнийгээ ч Иерусалимд үйлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч тэдний эсрэг саналтай байлаа.

11 Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.

12 Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавар аваад Дамаск уруу явав.

13 Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.

14 Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр "Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ" гэж надад хэлэхийг би сонсов.

15 Тэгээд би "Эзэн, Та хэн бэ?" гэхэд Эзэн "Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

16 Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.

17 Чамайг энэ ард түмэн, харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь

18 тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно" гэсэн.

19 Тиймээс Агрийп хаантан, би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй.

20 Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл "Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн" хэмээн тунхаглаж байлаа.

21 Ийм шалтгааны улмаас хэсэг иудейчүүд намайг сүм дотор барьж авч алахыг оролдсон.

22 Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.

23 Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаараа Израилийн ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.

24 Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар
-Паул, та солиорчээ. Их эрдэм ном чинь таныг галзуу болгожээ гэхэд

25 Паул
-Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна.

26 Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.

27 Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.

28 Агрийп Паулд
-Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ гэхэд

29 Паул
-Богинохон ч бай, удаан хугацаанд ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

30 Хаан, захирагч, мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байсан хүмүүс босож

31 холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж,
-Энэ хүн үхэх, эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв.

32 Агрийп Фестэд
-Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.

 ҮЙЛС (Acts)  27

1 Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.

2 Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн Македони хүн Аристарх байлаа.

3 Маргааш нь бид Сидоны эрэгт зогсов. Иули Паулд сайхан сэтгэл гаргаж түүнийг анд нөхөд дээрээ очин асруулахыг зөвшөөрөв.

4 Тэндээс бид тэнгист гарч, салхины эсрэг явсан тул Киприйн нөмрөөр хөвөн

5 Килик, Памфулын эргээр дайрч, Лукийн Мурад газардав.

6 Зуутын дарга тэндээс Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг олж биднийг суулгалаа.

7 Хүчтэй салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид цөөнгүй хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Кретийн нөмрөөр хөвлөө.

8 Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт Боомт хэмээх газар ирцгээв.

9 Ийнхүү багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж,

10 -Эрчүүд ээ! Цааш аялах нь зөвхөн усан онгоц болон ачаанд том гарз учруулах төдийгүй бидний амь насанд ч аюул учруулж болзошгүй гэж би үзэж байна гэв.

11 Гэвч зуутын дарга Паулын үгэнд итгэхээсээ илүү онгоцны ахмад ба залуурчинд итгэж байлаа.

12 Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж.

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.

14 Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад

15 усан онгоц сөрж чадалгүй, салхинд хөтлөгдөн туугдахад хүрэв.

16 Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа.

17 Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв.

18 Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв.

19 Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав.

20 Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул бидний аврагдах горьдлого аажмаар тасарлаа.

21 Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод
-Эрчүүд ээ! Та нар миний үгийг дагаж Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.

22 Одоо харин би та нараас эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй бөгөөд харин усан онгоц л сүйрнэ.

23 Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож

24 "Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон" гэв.

25 Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.

26 Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.

27 Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад,

28 тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.

29 Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа.

30 Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав.

31 Паул зуутын дарга болон цэргүүдэд
-Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь

32 цэргүүд завины олсыг тастаж завинуудыг унагав.

33 Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж,
-Та нар өнөөдөр хүртэл арван дөрвөн өдөр юу ч идэлгүй үргэлж харсаар явж байна.

34 Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.

35 Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв.

36 Тэд бүгдээрээ урамшин зоригжиж, бас юм идэцгээлээ.

37 Усан онгоцон дээр бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан хүн байв.

38 Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхлэв.

39 Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, хэрэв чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв.

40 Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулаад, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв.

41 Гэтэл хоёр тэнгисийн залгаа болох шүрэн цохиог онгоц мөргөн хайргадаж, хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов.

42 Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах санаатай байлаа.

43 Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддаг хүмүүсийг онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,

44 харин бусдыг нь банз юм уу, онгоцны ямар нэгэн юм хэрэглэн сэлэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.

 ҮЙЛС (Acts)  28

1 Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт хэмээн нэрлэдгийг мэдэв.

2 Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.

3 Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав.

4 Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо "Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй" хэмээн ярьцгаажээ.

5 Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв.

6 Хүмүүс түүнийг хавагнах, эсвэл газар гэнэт хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд ямар ч сонин хачин юм тохиолдохгүй байхыг хараад, бодлоо өөрчилж түүнийг бурхан байж хэмээн ярьж эхлэв.

7 Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ.

8 Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад түүн дээр гар тавьж түүнийг эдгээв.

9 Энэ явдлын дараа тэр арлынхны дунд өвчтэй байсан бусад хүмүүс түүн уруу ирж, илааршиж байлаа.

10 Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ.

11 Тийнхүү гурван сарын дараа бид мөнөөх арал дээр өвөлжсөн Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй Александрын усан онгоцонд суун

12 Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.

13 Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ.

14 Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ.

15 Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум болон "Гурван дэн буудал" хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж зориг оров.

16 Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.

17 Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэлэв.
-Ах дүү нар аа! Би өөрийн ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдав.

18 Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа.

19 Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь өөрийн ард түмний эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байв.

20 Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн бөгөөд учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд

21 тэд түүнд
-Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.

22 Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.

23 Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.

24 Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.

25 Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.
-Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.

26 "Энэ ард түмэнд очиж хэлтүгэй.
Та нар сонссоор байх боловч ойлгохгүй.
Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.

27 Учир нь энэ ард түмний зүрх хатуурч,
Чихээрээ арай ядан сонсох агаад тэд нүдээ аньжээ.
Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож,
Зүрхээрээ ухаарч, эргэчих вий,
Энэ нь Би тэднийг эдгээчих вий"

28 Иймээс Бурханы энэхүү аврал харь үндэстнүүдэд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.

29 [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж марган байв.]

30 Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч

31 Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.

 

#@#