Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8

 1 ТЕСАЛОНИК (1 Thessalonians) 1

1 Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.

2 Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан,

3 бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг.

4 Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг.

5 Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.

6 Бас та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.

7 Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.

8 Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.

9 Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай,

10 ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.

 1 ТЕСАЛОНИК (1 Thessalonians) 2

1 Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ.

2 Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм.

3 Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй,

4 харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.

5 Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.

6 Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ.

7 Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан.

8 Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв.

9 Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан.

10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.

11 Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ.

12 Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм.

13 Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.

14 Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлонг амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгт хүмүүсийн гарт адилхан зовлонг эдэлсэн ажээ.

15 Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдалгүй, бүх хүнд өстөн болж,

16 харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.

17 Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин царай зүсээрээ түр зуур хагацсан боловч, нүүр царайг чинь харах гэж бүх хүслээрээ хичээн чармайсан.

18 Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.

19 Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү?

20 Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.

 1 ТЕСАЛОНИК (1 Thessalonians) 3

1 Тиймээс бид үүнийг цаашид тэвчиж чадахаа больж, өөрсдөө Афинд үлдэх нь дээр юм гэж бодоод,

2 Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан.

3 Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ.

4 Учир нь бид та нартай байх үедээ бид зовлон эдлэх гэж байна хэмээн урьдчилж хэлсээр байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү болж өнгөрлөө.

5 Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсон байх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.

6 Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав.

7 Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав.

8 Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна.

9 Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ?

10 Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна.

11 Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай.

12 Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биеэ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай.

13 Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм.[Амен].

 1 ТЕСАЛОНИК (1 Thessalonians) 4

1 Эцэст нь, ах дүү нар аа, та нар Бурханд яаж таалагдаж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан (та нар үнэндээ тийнхүү явдагчлан) та нарыг улам илүү болоосой гэж бид Эзэн Есүс дотор та нарыг гуйж, ятгаж байна.

2 Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ.

3 Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж,

4 хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж,

5 ингэхдээ Бурханыг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм.

6 Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.

7 Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ.

8 Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.

9 Харин ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсдөдөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг Бурханаар заалгасан байна.

10 Үнэндээ та нар тэр хайраар бүх Македони даяар байгаа ах дүү нараа цөмийг нь хайрладаг. Харин ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна.

11 Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг зорилгоо болго.

12 Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй байх болно.

13 Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий.

14 Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно.

15 Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй.

16 Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.

17 Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.

18 Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.

 1 ТЕСАЛОНИК (1 Thessalonians) 5

1 Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй.

2 Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг.

3 Хүмүүсийг "Амар тайван, аюулгүй байдал" гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.

4 Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.

5 Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш.

6 Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая.

7 Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.

8 Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая.

9 Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм.

10 Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ.

11 Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун.

12 Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна.

13 Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар.

14 Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна.

15 Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.

16 Үргэлж баяртай бай.

17 Тасралтгүй залбир.

18 Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.

19 Сүнсийг бүү бөхөө.

20 Эш үзүүллэгийг бүү басамжил.

21 Харин бүхнийг шалга, сайныг баригтун.

22 Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.

23 Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай.

24 Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.

25 Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.

26 Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэнд хүргээрэй.

27 Энэхүү захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна.

28 Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

 2 ТЕСАЛОНИК (2 Thessalonians) 1

1 Паул би болон Силуан, Тимот нар бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв.

2 [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.

3 Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж, хүн бүрийн чинь бие биеэ хайрлах хайр улам бүр өсөж байгаа учир ингэх нь зөв юм.

4 Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг.

5 Энэ нь та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурханы хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ.

6 Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,

7 харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн,

8 Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ.

9 Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.

10 Энэ нь тэрхүү өдөр Өөрийн ариун хүмүүсийн дотор алдаршихаар болон итгэсэн бүх хүмүүсийн дунд гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь тэд бидний та нарт гэрчилсэн гэрчлэлд итгэсэн юм.

11 Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагад чинь зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүчээрээ биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг.

12 Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор, мөн та нар ч Түүн дотор алдаршаасай хэмээн бид залбирдаг.

 2 ТЕСАЛОНИК (2 Thessalonians) 2

1 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бидний Түүн уруу цуглах тухайд эдүгээ бид та нараас гуйж байна.

2 Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй, эсвэл сүнсээр ч юм уу, эсвэл үг яриагаар ч юм уу, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч үймүүлэгдэхгүй байгтун.

3 Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.

4 Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.

5 Би та нартай хамт байхдаа эдгээр зүйлийг хэлж байсныг та нар санахгүй байна уу?

6 Эдүгээ түүнийг юу хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм.

7 Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ.

8 Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.

9 Тэр бол Сатаны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг

10 болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй.

11 Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно.

12 Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм.

13 Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.

14 Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм.

15 Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр ч бай, эсвэл захидлаар ч бай та нарт заасан уламжлалуудыг баримтал.

16 Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан

17 зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.

 2 ТЕСАЛОНИК (2 Thessalonians) 3

1 Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үт та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир.

2 Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүмүүс итгэлийнх биш аж.

3 Харин Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно.

4 Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий.

5 Эзэн та нарын зүрхийг Бурханы хайранд ба Христийн тэвчээрт хандуулах болтугай.

6 Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг бидний Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна.

7 Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүйбайгаагүй,

8 мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа.

9 Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм.

10 Бид та нартай хамт байхдаа хүртэл "Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг" гэж захидаг байсан.

11 Учир нь та нарын дундаас зарим нэг чинь эмх журамгүй амьдралаар амьдран, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог хүмүүс адил загнаж байна гэж бид сонслоо.

12 Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж,өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна.

13 Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ.

14 Хэрэв хэн нэгэн чинь энэ захидлаар дамжуулсан бидний үгийг дагахгүй бол тэр хүнийг онцлон анхаар. Түүнийг ичээхийн тулд түүнтэй бүү нийл.

15 Тэр хүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүү болохын хувьд түүнд сануул.

16 Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүтдтэй хамт байх болтутай.

17 Паул би энэхүү мэндчилгээг өөрийн гараар бичиж байна. Энэ бол захидал тус бүр дэх ялгарах тэмдэг юм. Би ийм маягаар бичдэг.

18 Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.

 

#@#