Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14

 ЗЕХАРИА (Zechariah)  1

1 Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь

2 -Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.

3 Тиймээс тэдэнд хэл. "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Над уруу эргэгтүн" хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад "Тэгвэл Би та нар уруу эргэх юм" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

4 ""Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн"" хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 "Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?

6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, "Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ" хэмээсэн юм"".

7 Дариусын хоёр дахь жилд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн:

8 Би шөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь мирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.

9 Би
-Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад
-Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.

10 Мирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн
-Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав.

11 Мирт моддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд
-Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.

12 Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч
-Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд

13 надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав.

14 Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан
-Ингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.

15 Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан".

16 Иймээс ЭЗЭН айлдаж байна. "Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно" гээд "Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна".

17 Дахин ингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно"" гэв.

18 Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.

19 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
-Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад
-Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

20 Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.

21 Би
-Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр
-Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.

 ЗЕХАРИА (Zechariah)  2

1 Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.

2 Тэгэхэд нь би
-Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад
-Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.

3 Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элч явчихсан, өөр нэг тэнгэр элч түүнтэй уулзахаар ирж,

4 түүнд
-Гүй, тэр залуутай ярьж, "Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно"гэж хэл.

5 ЭЗЭН тунхаглаж байна. "Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно" гэв.

6 "Хөөе! хөөе! Умардын газраас зугтагтун" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 "Хөөе, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.

8 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.

9 Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

10 Сионы охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 "Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.

12 ЭЗЭН Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.

13 Бүх махан бие нь ЭЗЭНий өмнө дуугүй байгтун. Учир нь Тэр Өөрийн ариун оршихуйгаас сэрэв".

 ЗЕХАРИА (Zechariah)  3

1 Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэр элчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.

2 ЭЗЭН Сатанд
-Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.

3 Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэр элчийн өмнө зогсож байв.

4 Тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан
-Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин
-Харагтун, Би чиний гэм бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.

5 Дараа нь би
-Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэр элчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв.

6 ЭЗЭНий тэнгэр элч Иошуад сануулан

7 -Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.

8 Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол билэгдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Би Өөрийн зарц Мөчирийг авчрах гэж байна.

9 Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад "Ганц өдрийн дотор тэр газрын гэм бурууг Би зайлуулна.

10 Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

 ЗЕХАРИА (Zechariah)  4

1 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов.

2 Тэр надаас
-Чи юу харж байна вэ? гэсэнд би
-Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав.

3 Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний

4 дараа би надтай ярилцаж байсан тэнгэр элчид хариулан
-Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд

5 надтай ярилцагч мөнөөх тэнгэр элч надад хандан
-Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
-Мэдэхгүй, эзэн минь гэв.

6 Тэгээд тэр надад
-Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. "Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

7 "Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал болно. Тэр "Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!" гэж хашхиран оройн чулууг урагш авчирна" гэв.

8 Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь

9 -Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН намайг та нар уруу илгээснийг мэдэх болно.

10 Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.

11 Дараа нь би түүнд
-Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь эдгээр хоёр чидун мод нь юу вэ? гэв.

12 Би хоёр дахь удаагаа түүнд
-Хоёр алтан хоолойн дэргэдэх өөрсдөөсөө алтан тосыг юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд

13 тэр надад хариулан
-Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
-Үгүй, эзэн минь гэв.

14 Тэгээд тэр
-Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.

 ЗЕХАРИА (Zechariah)  5

1 Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав.

2 Тэр надад
-Чи юу харав? гэсэнд би хариуд нь
-Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.

3 Тэр надад
-Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана.

4 Би түүнийг урагшлуулна гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад
-Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.

5 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч гарч яван, надад
-Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр нь юу болохыг харагтун гэлээ.

6 Би
-Энэ юу вэ? гэсэнд тэр
-Энэ бол урагшлагч ефа юм гээд дахин
-Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.

7 (Үзэгтүн. Тугалган бүтээлэг өргөгдөв). Энэ бол ефагийн дотор талд сууж буй эмэгтэй юм гэв.

8 Тэр
-Энэ бол Хилэнцэт байдал юм гээд өнөөх эмэгтэйг доош ефагийн голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав.

9 Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд ефаг газар тэнгэрийн хооронд өргөв.

10 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
-Тэд ефаг хаана аваачих вэ? гэсэнд

11 тэрээр надад
-Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.

 ЗЕХАРИА (Zechariah)  6

1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.

2 Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,

3 гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.

4 Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан
-Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд

5 тэнгэр элч надад хариулан
-Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм.

6 Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.

7 Хүчтэнүүдийг гарч явахад, тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр
-Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав.

8 Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан
-Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.

9 ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь

10 -Цөлөгдөгсдөөс, Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж тэднийг Вавилоноос хаана ч очсон бай Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр.

11 Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.

12 Тэгээд түүнд "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.

13 Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм"".

14 Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно.

15 Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно". Намайг та нар уруу түмэн цэргийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.

 ЗЕХАРИА (Zechariah)  7

1 Дариус хааны дөрөв дэх жилд Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.

2 Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Редеммелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.

3 Тэд түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан
-Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд

4 түмэн цэргийн ЭЗЭНий үг надад ирж

5 -Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. "Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?

6 Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?

7 Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?" гэв.

8 Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж

9 -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. "Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.

10 Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө".

11 Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

12 Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.

13 Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

14 Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.

 ЗЕХАРИА (Zechariah)  8

1 Түмэн цэргийн ЭЗЭНий үг ирж айлдсан нь

2 -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би Сионы төлөө хэтэрхий хартай байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна".

3 ЭЗЭН ийн айлдаж байна. "Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно".

4 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хирээр гартаа таягтай байна.

5 Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно" гэв.

6 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

7 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.

8 Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно"гэв.

9 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.

10 Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүмүүсийг Би нэг нэгийнх нь эсрэг тавьсан юм.

11 Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

12 "Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.

13 Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун" гэв.

14 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, зөөлрөөгүй мэт" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад

15 "Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун.

16 Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг хэл. Үнэнээр шүүгтүн. Шүүлт нь та нарын дааман хаалгануудад амар амгалангийн төлөө байг.

17 Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 Түмэн цэргийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь

19 -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла".

20 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотуудын оршин суугчид ирнэ.

21 Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж "ЭЗЭНий тааллыг гуйхаар, түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна" гэнэ.

22 Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ".

23 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран "Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо" гэх болно".

 ЗЕХАРИА (Zechariah)  9

1 ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).

2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловч
Тир, Сидоны ч эсрэг байна.

3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,
алтыг гудамжны тоос мэт овоолно.

4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,
эд баялгийг нь далайд хаяна.
Тэр галд шатаагдана.

5 Ашкелон үүнийг хараад айх болно.
Газ өвчиндөө шаналан зовж,
бас Екроны хувьд найдвар нь тасарлаа.
Газаас хаан нь устаж,
Ашкелонд хүн суурьшихаа байна.

6 Ашдодод эрлийзүүд суурьшин,
филистчүүдийн бардамналыг Би тастана.

7 Би тэдний амнаас цусыг нь, шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна.
Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж,
Иудагийн тэргүүлэгч мэт байна.
Екрон нь иебусчууд шиг болно.

8 Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн
буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ.
Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир
ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.

9 Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун!
Иерусалимын охин оо!
Ялалтын уухай хадаагтун!
Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.
Тэр бол зөв шударга, ялагдашгүй,
даруу бөгөөд илжиг унажээ.
Илжигний унага болох дудран унажээ.

10 Би Ефраимаас тэргийг нь,
Иерусалимаас морийг нь тастана.
Дайны нум тастагдана.
Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,
Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.

11 Мөн чиний хувьд ч гэсэн,
Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир
Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.

12 Найдварын хоригдлууд аа!
Бэхлэлт уруу буцагтун.
Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.

13 Иудаг Би Өөрийн нум болгон татаж,
нумаа Ефраимаар дүүргэнэ.
Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг
Сион чиний хөвгүүдийг Би турхирна.
Би чамайг дайчны илд мэт болгоно.

14 Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,
Түүний сум аянга мэт харвана.
Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,
өмнөдийн хүчит шуурганаар давшина.

15 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална.
Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.
Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.
Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.

16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.
Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.

17 Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо!
Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.

 ЗЕХАРИА (Zechariah)  10

1 Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун.
Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм.
Тэр хүн бүрд талбайд нь ногоо ба шиврээ бороог тэдэнд өгнө.

2 Терафим гэм бурууг ярин,
мэргэчид худал үзэгдэл үзэн,
хуурамч зүүднүүд хэлнэ.
Тэд дэмий хоосон тайвшруулна.
Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.

3 "Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн,
ухнуудыг Би шийтгэнэ.
Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн сүрэг болох Иудагийн гэрт зочлон,
тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.

4 Тэднээс булангийн чулуу,
тэднээс майхны гадас,
тэднээс тулааны нум,
тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.

5 Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна.
Тэд дайтах болно.
Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна.
Морьтонгууд гутамшиг болно.

6 Би Иудагийн гэрийг тэнхрүүлж,
Иосефын гэрийг аварна.
Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна.
Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно.
Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд
тэдэнд Би хариулах болно.

7 Ефраим хүчирхэг эр мэт байж,
тэдний зүрх дарс уусан мэт баясна.
Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж,
тэдний зүрх ЭЗЭНий дотор баярлан хөөрнө.

8 Би тэднийг зольсон учир тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ.
Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.

9 Тэднийг Би ард түмнүүдийн дунд тараахад алс холын орнуудад тэд Намайг санана.
Тэд өөрсдийн үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.

10 Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч,
Ассириас тэднийг цуглуулна.
Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна.
Тэр газар тэдэнд
хүрэлцэхгүй.

11 Тэр зовлонгийн тэнгисийг туулан, далайн давалгааг цохино.
Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж,
Ассирийн бардамнал доошлон,
Египетийн очирт таяг нь салан одно.

12 Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж,
Түүний нэр дотор тэд алхах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

 ЗЕХАРИА (Zechariah)  11

1 Ливан аа, хаалгуудаа онгойлго.
Хуш моддыг чинь гал залгиг.

2 Агар мод оо, уйлагтун.
Учир нь хуш мод унаж,
сүр жавхлант модод устгагдлаа.
Башаны царс модод оо уйлагтун.
Түнэр ой доош буув.

3 Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана.
Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.

4 Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.

5 Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь "ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив" гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.

6 Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй" гэж ЭЗЭН тунхаглаад "Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй" гэв.

7 Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.

8 Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.

9 Тэгээд би "Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг" гэв.

10 Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.

11 Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.

12 Би тэдэнд "Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль" гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив.

13 ЭЗЭН надад "Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид" гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.

14 Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдлийг хэсэг болгон хугалав.

15 ЭЗЭН надад "Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав.

16 Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.

17 Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ!
Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!
Түүний гар нь бүхлээрээ хатаж,
баруун нүд нь сохор болно".

 ЗЕХАРИА (Zechariah)  12

1 Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.

2 "Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.

3 Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.

4 Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ "Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог" гэлцэнэ.

6 Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.

7 Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна.

8 Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.

9 Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.

10 Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр ,Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.

11 Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.

12 Газар нутаг гашуудан, ураг бүр ургаараа, Давидын гэрийн ураг өөрөөрөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Натаны гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,

13 Левийн гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Шимеигийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,

14 үлдсэн бүх ургууд, ураг бүр өөр өөрсдөө, эхнэрүүд нь өөрсдөөрөө гашуудна.

 ЗЕХАРИА (Zechariah)  13

1 Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.

2 "Тэр өдөр ийм зүйл болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад "Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.

3 Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд "Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан" гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.

4 Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.

5 Харин тэр "Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ" гэнэ.

6 Нэг нь түүнд "Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?" гэхэд тэр "Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм" гэнэ".

7 "Илд ээ! Миний Хоньчны эсрэг,
Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн" гэж
түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
"Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун.
Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.

8 Энэ нь бүх газарт тохиолдох болно" гэж ЭЗЭН тунхаглаад
"Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ.
Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.

9 Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган,
мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж,
алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана.
Тэд Миний нэрийг дуудаж,
Би тэдэнд хариулах болно.
"Тэд бол Миний ард түмэн" гэж Би айлдан,
"ЭЗЭН бол миний Бурхан" гэж тэд хэлнэ".

 ЗЕХАРИА (Zechariah)  14

1 Үзэгтүн, та нараас авагдсан олз нь та нарын дунд хуваагдсан байх тэр өдөр ЭЗЭНд ирж байна.

2 Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.

3 Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.

4 Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.

5 Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна.

6 Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана.

7 Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.

8 Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.

9 ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.

10 Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.

11 Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.

12 Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.

13 Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.

14 Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана.

15 Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно.

16 Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөн, Майхан Баярыг тэмдэглэнэ.

17 Түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.

18 Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг ЭЗЭНий цохих гамшиг нь энэ байх юм.

19 Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь энэ байх юм.

20 Тэр өдөр морьдын хонхнууд дээр "ЭЗЭНД АРИУН" гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.

21 Иерусалим болон Иуда дахь хоолны тогоо бүр нь түмэн цэргийн ЭЗЭНд ариун байх болно. Бүх тахил өргөгчид ирж тэднийг аван, дотор нь чанана. Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд канаанчууд цаашид байхаа болино.

 

#@#