Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  27  28  29  30  31  32  33  34  35  36  37  38  39  40  41  42  43  44  45  46  47  48  49  50  51  52

 ИЕРЕМИА (Jeremiah)  27

1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчилсны эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.

2 ЭЗЭН надад ингэж айлдаж байна. "Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ өмсөөд,

3 Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.

4 Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар өөрсдийн эздэд ингэж хэл.

5 "Би Өөрийн агуу хүч чадал болон Өөрийн сунгасан мутраар газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө.

6 Одоо Би эдгээр бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр талын зэрлэг амьтдыг түүнд өгсөн юм.

7 Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.

8 Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

9 "Харин та нарын хувьд, та нартай ярин "Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй" гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлөгчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд, эсвэл илбэчдийг бүү сонс.

10 Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.

11 Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор хийж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна" гэж хэл".

12 Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж,
-Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!

13 Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭНий айлдсан шиг чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?

14 Тиймээс "Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй" гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг.

15 Учир нь Би тэднийг илгээгээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин, Би та нарыг зайлуулж, та нар болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчид мөхөхийн тулд тэд Миний нэрээр хуурмагаар эш үзүүлдэг" гэж хэлэв.

16 Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд хандан
-ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт "Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд удахгүй Вавилоноос авчрагдана" гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.

17 Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?

18 Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түмэн цэргийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.

19 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН багананууд, тэнгис, тавиурууд болон энэ хотод үлдсэн бусад сав суулгуудын талаар буюу

20 Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёдыг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.

21 Тийм ээ, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

22 "Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ" гэж хэлэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  28

1 Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд буюу дөрөв дэх жилийн тавдугаар сард Гибеоноос гаралтай, Азурын хүү эш үзүүлэгч Хананиа ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад хандан ярихдаа

2 -Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би Вавилоны хааны буулгыг эвдлэв.

3 Вавилоны хаан Небухаднезарын авч яван, Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газар уруу буцааж авчирна.

4 Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгсдийг энэ газар уруу буцааж авчирна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ" хэмээв гэж хэлэв.

5 Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад хандан ЭЗЭНий өргөөнд зогсож байсан тахилч нар болон бүх ард түмний өмнө ярив.

6 Эш үзүүлэгч Иеремиа
-Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгсдийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар чиний эш үзүүлсэн үгсийг ЭЗЭН батлах болтугай.

7 Гэсэн ч чамайг болон бүх ард түмнийг сонсож байхад Миний хэлэх гэж буй энэ үгийг сонсогтун!

8 Миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгуудын эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.

9 Амар амгалангийн талаар эш үзүүлдэг эш үзүүлэгчийн хувьд, тэр эш үзүүлэгчийн үг биелэгдэх үед үнэхээр ЭЗЭНий илгээсэн нэгэн гэж мэдэгдэх болно гэж хэлэв.

10 Тэгэхэд эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс буулгыг авч эвдлэв.

11 Хананиа бүх ард түмний өмнө ярьж,
-ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ" гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.

12 Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,

13 -Явж, Хананиатай ярин "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чи модон буулгуудыг эвдэлсэн боловч чи тэдний оронд төмөр буулгуудыг хийв" хэмээв.

14 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ"" гэж айлдав.

15 Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад хандан
-Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.

16 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би чамайг газрын гадаргуунаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно" гэж хэлжээ.

17 Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  29

1 Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу Небухаднезарын цөллөгт авч явсан бүх хүмүүст эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.

2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын ноёд, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв)

3 Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар илгээгдсэн бөгөөд Иудагийн хаан Зедекиа тэднийг Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезар уруу илгээн,

4 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна.

5 "Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид.

6 Эхнэрүүд авч, хөвгүүд ба охидын эцгүүд болж, тэд хөвгүүд, охидыг төрүүлэхээр хөвгүүддээ эхнэрүүд авч, охидоо нөхрүүдэд нь өг. Тэнд үржиж, бүү цөөр.

7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно".

8 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.

9 Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ.

11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12 "Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.

13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.

14 Би Та нарт олдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна".

15 Та нар "ЭЗЭН бидэнд эш үзүүлэгчдийг Вавилонд босгов" гэж хэлсэн учраас буюу

16 Давидын сэнтийнд суудаг хаан болон энэ хотод амьдардаг бүх хүмүүс болох та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж айлдаж байгаа учраас

17 түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно.

18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.

19 Учир нь Би тэдэнд Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дахин дахин илгээсэн Миний үгсийг тэд сонсоогүй билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Гэвч та нар сонсоогүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

20 Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.

21 Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.

22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, "ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.

23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна".

24 Нехелам хүн Шемаиад чи ярин

25 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,

26 "ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.

27 Яагаад чи чамд эш үзүүлдэг Анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ?

28 Учир нь тэр биднийг Вавилон уруу явуулан "Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, мөн цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид" гэсэн""" гэж хэл.

29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.

30 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,

31 "Бүх цөлөгдөгсдөд үг илгээж "Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би түүнийг илгээгээгүй хэдий ч Шемаиа та нарт эш үзүүлэн, та нарыг худалд итгүүлсэн тул,"

32 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм""" гэж хэл хэмээн айлдлаа.

 ИЕРЕМИА (Jeremiah)  30

1 ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдсан нь

2 "Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич.

3 Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно" гэж ЭЗЭН айлдаж байна".

4 Израиль болон Иудагийн талаар ЭЗЭНий айлдсан үгс бол эдгээр нь юм.

5 "Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.

6 Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар.
Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ?
Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?

7 Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ.
Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.

8 Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

9 "Харин тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНд, мөн тэдний төлөө Миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчилнэ.

10 Миний зарц Иаков аа, бүү ай" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Израиль аа, бүү зүрх алд.
Учир нь харагтун, Би чамайг алсаас,
чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна.
Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.

11 Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөд
зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй.
Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй"

12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.

13 Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй.
Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.

14 Чиний бүх амраг чамайг мартаж,
тэд чамайг эрэлхийлэхгүй байна.
Учир нь Би чамайг дайсны шархаар,
харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.

15 Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ?
Чиний өвчин эдгэшгүй.
Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.

16 Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно.
Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно.
Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.

17 Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ.
Чамайг шархнаас чинь эдгээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд
"Энэ бол Сион.
Түүнийг хэн ч анхаардаггүй" гэдэг".

18 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн,
түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ.
Хот өөрийн балгас дээр дахин баригдаж,
ордон өөрийн зөв газартаа босох болно.

19 Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна.
Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй.
Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино.

20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж,
тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно.
Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.

21 Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөд
тэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ.
Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ.
Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

22 "Та нар Миний ард түмэн,
Би та нарын Бурхан болно" хэмээв".

23 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга!
Уур хилэн, хуйлрах шуурга гарав.
Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.

24 Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй.
Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.

 ИЕРЕМИА (Jeremiah)  31

1 "Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

2 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон,
амралтаа хайхаар явсан Израиль юм".

3 ЭЗЭН түүнд холоос үзэгдэн,
"Би чамайг үүрдийн хайраар хайрласан.
Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.

4 Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин!
Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.

5 Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.
Тариаланчид тарьж, таашаах болно.

6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд
"Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая" гэж хашхирцгаах өдөр ирнэ".

7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,
үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.
Тунхаглан, магтаалыг өргөж,
"Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач" гэж хэл.

8 Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.
Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,
тэдний дунд сохор ба доголон,
жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй
бүгд хамтдаа байх болно.
Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.

9 Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.
Би тэднийг урсгал усны хажуугаар,
бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.
Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм".

10 Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,
алс холын эргүүдэд тунхаглан,
"Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,
хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална" гэж хэлцгээ.

11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,
түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.

12 Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.
Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.
Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,
тэд дахин хэзээ ч доройтохгүй.

13 Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана.
Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,
тэднийг тайвшруулан,
зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.

14 Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж,
Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна".

16 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь.
Учир нь чиний үйлс шагнагдана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.

17 Та нарын ирээдүйд найдвар бий" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.

18 Би Ефраимыг
"Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.
Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.

19 Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.
Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.
Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон" гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.

20 Ефраим Миний хайрт хүү мөн үү?
Тэрээр тааламжит хүү мөн үү?
Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг.
Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг.
Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 "Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул.
Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл.
Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.

22 Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ?
Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ".

23 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно.
"Зөв шударгын гэр,
ариун толгод оо,
ЭЗЭН чамайг ерөөх болтугай!"

24 Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.

25 Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг".

26 Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.

27 "Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр болон араатан амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

28 "Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

29 "Тэдгээр өдрүүдэд тэд
"Эцгүүд гашуун усан үзэм идсэн бөгөөд
хүүхдүүдийн шүд мохно" гэж дахин хэлэхгүй.

30 Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно".

31 ЭЗЭН тунхаглаж байна. "Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.

32 Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33 "Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

34 Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ "ЭЗЭНийг мэд" гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй".

35 Гэрэл болгон өдрөөр нарыг,
шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,
давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

36 "Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,
Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

37 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,
доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,
Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

38 "Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39 "Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ.

40 Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбай, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрөгдөхгүй".

 ИЕРЕМИА (Jeremiah)  32

1 Иудагийн хаан Зедекиагийн арав дахь жилд буюу Небухаднезарын найм дахь жилд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.

2 Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.

3 Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин,
-Чи яагаад эш үзүүлэн, "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.

4 Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.

5 Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй" гэж хэлнэ вэ?" гэжээ.

6 Иеремиа
-ЭЗЭНий үг над уруу ирж,

7 "Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд "Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий" гэж байна" гэсэн.

8 Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач" гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.

9 Би өөрийн авга ахын хүү Ханамелаас Анатот дахь талбайг худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв.

10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн, гэрчүүдийг дуудан, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.

11 Тэгээд би худалдан авсан юмны баримтыг буюу нөхцөл болзлыг агуулсан битүүмжлэгдсэн хувь, битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь авав.

12 Миний авга ахын хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтанд гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр, мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.

13 Тэдний өмнө би Барухад тушаан,

14 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий" хэмээв.

15 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно" хэмээв" гэж хэлсэн.

16 Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан.

17 "Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.

18 Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.

19 Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.

20 Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ.

21 Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египетийн нутгаас гарган авчирч,

22 Тэдний эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.

23 Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.

24 Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.

25 Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад "Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд" гэсэн билээ" гэжээ.

26 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа

27 "Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?".

28 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.

29 Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.

30 Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31 Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.

32 Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.

33 Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.

34 Харин тэд Миний нэрээр дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьдаг.

35 Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.

36 Тийм учраас одоо Израилийн Бурхан ЭЗЭН "Энэ нь илд, өлсгөлөн болон тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан" гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.

37 Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.

38 Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.

39 Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.

40 Тэдэнд сайныг үйлдэн, тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.

41 Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.

42 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би энэ ард түмэн дээр эдгээр бүх агуу гамшгуудыг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныг Би тэдэн дээр авчрах гэж байна.

43 Чиний "Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ" гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно.

44 Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна" гэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  33

1 Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдсоор байх үед ЭЗЭНий үг түүн уруу хоёр дахь удаагаа ирж,

2 "Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.

3 "Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина" хэмээв.

4 Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

5 "Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.

6 Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.

7 Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.

8 Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө.

9 Энэ хот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно" хэмээв.

10 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чиний "Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар" гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад

11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу
"ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас
түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн"

12 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

13 Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.

14 "Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15 "Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.

16 Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно" хэмээв.

17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.

18 Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй" хэмээв" гэжээ.

19 ЭЗЭНий үг Иеремиад ирж,

20 "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр, шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал

21 Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.

22 Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно" хэмээв" гэжээ.

23 ЭЗЭНий үг Иеремиад ирж,

24 "Эдгээр хүмүүс "ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм" гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.

25 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол,

26 тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ"" гэжээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  34

1 Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд эрх мэдлийнх нь доор байсан газар дэлхийн бүх хаанчлалууд болон бүх ард түмнүүдийн хамт Иерусалимын эсрэг болон бүх хотуудынх нь эсрэг дайтаж байсан үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,

2 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана.

3 Чи түүний гараас зугтаахгүй. Учир нь чи лавтай яа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна"" гэж хэл".

4 Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. "Чи илдээр үхэхгүй.

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө "Аяа, эзэн!" гэж гашуудна" хэмээв. Учир нь Би үгээ айлджээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6 Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгсийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд

7 тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.

8 Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ.

9 Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боол болох еврей эрэгтэй, эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч өөрийн ах дүү болох Иудей хүнийг боолчлолд барихгүй байх байв.

10 Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.

11 Гэвч дараа нь тэд эргээд өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцаан аваад, эрэгтэй, эмэгтэй боолуудаа эрхшээлдээ оруулав.

12 Тэгэхэд ЭЗЭНий үг Иеремиад ЭЗЭНээс ирж,

13 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж,

14 "Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.

15 Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан

16 боловч та нар эргэж, Миний нэрийг бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн өөрийн эрэгтэй, эмэгтэй боолыг хүн нэг бүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг өөрсдийн эрэгтэй, эмэгтэй боол болгохоор эрхшээлдээ оруулсан билээ" гэж айлджээ" хэмээв.

17 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 "Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу

19 тугалын хэсгүүдийн дундуур өнгөрсөн Иудагийн түшмэд, Иерусалимын түшмэд, шүүхийн түшмэд, тахилч нарыг болон нутгийн бүх хүмүүсийг

20 Би тэдний дайснуудын гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүрүүд тэнгэрийн шувуудын болон газрын араатан амьтдын идэш болно.

21 Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би тэдний дайснуудын гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана.

22 Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хот уруу буцааж авчирна. Тэд түүний эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй зэлүүд газар болгоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна" гэжээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  35

1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж,

2 -Рехабуудын гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгт нь авчирж, тэдэнд дарс уулга гэв.

3 Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг түүний ах дүүсийг, түүний бүх хөвгүүдийг болон рехабуудын бүх гэрийг авч,

4 тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.

5 Дараа нь би рехабуудын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд
-Дарс уу! гэж хэлэв.

6 Харин тэд
-Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, "Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй.

7 Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно" гэж хэлсэн билээ.

8 Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.

9 Мөн өөрсөддөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай ч, тариалангийн талбай ч, эсвэл үр тариа ч байхгүй.

10 Бид зөвхөн майханд л амьдарч, бидний эцэг Ионадабын бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ.

11 Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид "Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамейчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая" гэсэн юм. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.

12 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,

13 "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад хандан "Миний үгсийг сонссоноороо та нар Миний зааврыг авахгүй гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14 "Өөрийн хөвгүүдэд дарс ууж болохгүй" гэж тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уудаггүй. Учир нь тэд өөрсдийн эцгийн тушаалыг дагасан юм. Гэвч Би та нарт дахин дахин айлдсан билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.

15 Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, "Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.

16 Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй" хэмээжээ" гэж хэл".

17 Тийм учраас ЭЗЭН, түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй" хэмээв" гэжээ.

18 Тэгээд Иеремиа рехабуудын гэрт хандан
-Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Та нар өөрсдийн эцэг Ионадабын тушаалыг дагаж, түүний бүх тушаалуудыг сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул

19 тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй"" гэж хэлсэн юм.

 ИЕРЕМИА (Jeremiah)  36

1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж,

2 -Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич.

3 Тэдэн дээр авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэх юм. Тэгэхэд Би тэдний гэм буруу болон тэдний нүглийг уучилна гэжээ.

4 Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.

5 Иеремиа Барухад тушааж,
-Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй.

6 Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой.

7 Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм" гэлээ.

8 Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд номоос ЭЗЭНий үгсийг уншсанаараа эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв.

9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

10 Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгсийг номоос сонсоод,

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

13 Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.

14 Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, "Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир" гэж хэлүүлэв.

15 Тэд түүнд
-Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв.

16 Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан
-Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.

17 Тэд Барухаас
-Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгсийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув.

18 Тэгэхэд Барух тэдэнд
-Тэрээр надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн" гэв.

19 Тэгээд түшмэд Барухад
-Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.

20 Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв.

21 Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.

22 Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордонд есөн сард сууж байв.

23 Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.

24 Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.

25 Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.

26 Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.

27 Тэгтэл, хуйлмал ном болон Барухын Иеремиагаар хэлүүлж бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,

28 "Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номон дээр байсан урьдын бүх үгсийг түүн дээр бич.

29 Иудагийн хаан Иехоиакимын талаар чи "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно" гэж бичив?" гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав".

30 Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.

31 Би мөн түүнийг, түүний үр удмыг болон түүний зарц нарыг гэм буруугийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй" хэмээв" гэсэн" гэж хэл.

32 Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгсийг Иеремиагаар хэлүүлж бичсэн юм. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  37

1 Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав.

2 Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй.

3 Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг "Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу" гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.

4 Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байв. Учир нь тэд түүнийг шоронд хийгээгүй байв.

5 Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.

6 Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж,

7 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. "Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.

8 Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана"" хэмээв.

9 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар "Халдеичууд биднээс лавтай яа холдоно" гэцгээн, өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд явахгүй.

10 Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан" хэмээв" гэж айлдав.

11 Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад,

12 Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд өмч хөрөнгийг эзэмшихийн тулд явав.

13 Түүнийг Бениамины Дааман Хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү, Ирийа гэдэг нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр
-Чи халдеичууд уруу явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.

14 Харин Иеремиа
-Худлаа! Би халдеичууд уруу яваагүй гэв. Гэлээ ч тэрээр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд уруу аваачив.

15 Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.

16 Учир нь Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв.

17 Зедекиа хаан хүн явуулж, түүнийг гаргажээ. Өөрийн ордонд хаан түүнээс нууцаар асуун,
-ЭЗЭНээс ирсэн үг байна уу? гэхэд Иеремиа
-Байна! гэв. Тэгээд тэрээр
-Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.

18 Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд
-Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав?

19 Тэгвэл чамд "Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй" гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?

20 Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв.

21 Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  38

1 Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов.

2 "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ".

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно"".

4 Тэгээд түшмэд хаанд
-Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.

5 Ингээд Зедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв.

6 Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв.

7 Харин тайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв.

8 Ебедмелех хааны ордноос гарч, хаантай ярьж,

9 -Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ. Учир нь хотод ямар ч талх байхгүй билээ гэж айлтгав.

10 Тэгтэл хаан етиоп хүн Ебед-мелехт тушааж,
-Эрх мэдлийнхээ дагуу эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.

11 Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.

12 Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад
-Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.

13 Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс гарган авч, Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

14 Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад
-Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.

15 Тэгэхэд Иеремиа Зедекиад
-Хэрэв би чамд хэлбэл, чи намайг лавтай яа алахгүй гэж үү? Тэглээ ч, би чамд зөвлөгөө өгвөл, чи намайг сонсохгүй гэв.

16 Харин Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан,
-Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.

17 Тэгэхэд Иеремиа Зедекиад
-Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.

18 Харин хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй" гэж хэлжээ.

19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад
-Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.

20 Гэвч Иеремиа
-Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.

21 Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.

22 "Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд
"Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв.
Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ"

23 Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно" гэжээ.

24 Дараа нь Зедекиа Иеремиад
-Хэн ч эдгээр үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй.

25 Харин хэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд "Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй" гэж хэлбэл,

26 чи тэдэнд "Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм" гэж хэлэх ёстой гэв.

27 Дараа нь бүх түшмэд Иеремиа уруу ирж, түүнийг байцаав. Тэрээр тэдэнд хааны тушаасан эдгээр бүх үгсийн дагуу мэдээлэв. Яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнтэй ярихаа болив.

28 Ингээд Иеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  39

1 Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв.

2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

3 Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

5 Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.

6 Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.

7 Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.

8 Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.

9 Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.

10 Харин юу ч үгүй зарим хамгийн ядуу хүмүүсийг харуулын ахмад Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр үед усан үзмийн болон тариалангийн талбайнуудыг өгөв.

11 Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа

12 -Түүнийг аваад, асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэрээр чамд юу гэж хэлсний дагуу түүнтэй харьц гэв.

13 Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергалсар-езер болон Вавилоны хааны бүх удирдах түшмэдийн хамт үг илгээв.

14 Тэд хүн явуулж, харуулын гэрийн хашаанаас Иеремиаг гарган авч, түүнийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад гэрт нь аваачуулахаар хариуцуулав. Ингээд тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

15 Иеремиаг харуулын гэрийн хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,

16 "Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана гэсэн Миний үгс тэр өдөр чиний өмнө биелэгдэх болно.

17 Гэвч Би чамайг тэр өдөр аварна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.

18 Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна" гэж ЭЗЭН тунхаглаж байна" гэж хэлээрэй" гэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  40

1 Харуулын ахмад Небузарадан түүнийг Рамагаас суллаж, түүнийг Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим болон Иудагийн бүх цөлөгдөгсдийн дунд гинжээр гинжилсэн үед ЭЗЭНээс Иеремиад үг ирсэн юм.

2 Харуулын ахмад Иеремиаг аваад, түүнд
-Чиний Бурхан ЭЗЭН энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг амласан.

3 ЭЗЭН авчирч, яг Өөрийн амласан шиг үйлдэв. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, Түүний дуу хоолойг сонсоогүй. Тийм учраас энэ зүйл та нарт тохиолджээ.

4 Харин одоо үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахыг сайн гэж үзэж байвал, ир, би чамайг халамжлах болно. Харин хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахгүй байхыг сайн гэж үзэж байгаа бол, бүү санаа зов. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Чиний хувьд очиход зөв, сайн гэж санагдаж буй газар уруу яв гэж хэлэв.

5 Иеремиа хараахан буцаж яваагүй байхад,
-Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг явуулав.

6 Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.

7 Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиаг тэр нутгийг захируулахаар томилж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд буюу тэр нутгийн Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүсийг түүнд хариуцуулсныг талбайд байсан цэргийн бүх удирдагчид болон тэдний хүмүүс сонсов.

8 Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.

9 Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглаж,
-Халдеичуудад үйлчлэхээс бүү айцгаа. Нутагт үлдэж, Вавилоны хаанд үйлчил. Ингэвэл та нарт сайн байна.

10 Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.

11 Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.

12 Тэгээд бүх иудейчууд зайлуулагдсан байсан бүх газруудаас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа уруу ирж, дарс болон зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.

13 Кареагийн хүү Иоханан болон талбайд байсан цэргийн бүх удирдагчид Гедалиа уруу Мизпад ирж,

14 түүнд
-Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.

15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж,
-Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.

16 Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд хандан
-Ийм юм бүү хий. Учир нь чи Ишмаелын талаар худал хэлж байна гэж хэлэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  41

1 Долдугаар сард хааны гэр бүлийн Елишамагийн ач, Нетаниагийн хүү болон хааны тэргүүн түшмэл Ишмаел арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд тэнд Мизпад хамтдаа талх идэж байх зуур

2 Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.

3 Ишмаел бас түүнтэй хамт байсан буюу Гедалиатай хамт Мизпад байсан бүх иудейчүүдийг болон тэндээс олдсон халдеи дайчдыг цохив.

4 Гедалиаг алсны дараагийн өдөр, хэн ч энэ талаар мэдээгүй байхад

5 сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.

6 Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явж байхдаа уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэрээр тэдэнтэй уулзахдаа тэдэнд
-Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.

7 Гэтэл тэднийг хотод орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг хядаж, нөөцлүүр уруу хаяв.

8 Харин тэдний дундаас олдсон арван хүн Ишмаелд
-Биднийг бүү алаач. Учир нь бидэнд улаан буудай, арвай, тос болон зөгийн балын талбайд нуусан нөөц бий гэцгээв. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг нөхдийнх нь хамт алсангүй.

9 Гедалиагаас болж өөрийн цохисон хүмүүсийн бүх хүүрүүдийг Ишмаел хаясан нөөцлүүрийн хувьд, энэ нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдсан хүмүүсээр дүүргэв.

10 Тэгээд Ахикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.

11 Харин Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадууд, Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх бузар муугийн талаар сонсов.

12 Тиймээс тэд бүх эрэгтэйчүүдийг авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов.

13 Ишмаелтай хамт байсан хүмүүс Кареагийн хүү Иохананыг болон түүнтэй хамт байсан цэргийн ахмадуудыг харангуутаа баярлацгаав.

14 Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүмүүс эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо.

15 Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.

16 Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудын түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсдийг буюу түүний Гибеоноос буцааж авчирсан цэрэг эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Мизпагаас Иоханан авчрав.

17 Тэд явж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэд орших Герут Чимхамд буудаллажээ.

18 Энэ нь халдеичуудаас болжээ. Вавилоны хааны тэр нутгийг захируулахаар томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисон тул тэд тэднээс айдаг болжээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  42

1 Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,

2 эш үзүүлэгч Иеремиад хандан
-Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.

3 Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв.

4 Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд
-Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.

5 Тэгэхэд тэд Иеремиад
-Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.

6 Өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсоход энэ нь бидэнд сайн байхын тулд, тааламжтай ч бай, тааламжгүй ч бай, чамайг илгээсэн өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг бид сонсоно гэжээ.

7 Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв.

8 Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж,

9 тэдэнд
-Гуйлтаа өмнө нь танилцуулахын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

10 "Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.

11 Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.

12 Тэрээр та нарт өршөөл үзүүлж, та нарыг өөрсдийн чинь хөрсөнд сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.

13 Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсохгүйгээр "Бид энэ нутагт үлдэхгүй" гэж хэлэх гэж байгаа бол,

14 ингэхдээ "Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно" гэвэл,

15 тийм нөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл,

16 та нарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна.

17 Тиймээс Египет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй" хэмээв".

18 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй".

19 Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт "Египет уруу бүү яв!" гэж айлдав. Өнөөдөр би та нарын эсрэг гэрчилсэн гэдгийг та нар тодорхой ойлгох хэрэгтэй.

20 Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь "Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье" гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.

21 Ингээд би та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй.

22 Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  43

1 Гэвч, тэдний Бурхан ЭЗЭНий илгээсэн Иеремиа бүх ард түмэнд тэдний Бурхан ЭЗЭНий бүх үгсийг буюу эдгээр бүх үгсийг хэлж дуусмагц,

2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан
-Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН "Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй" гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.

3 Харин Нериагийн хүү Барух биднийг халдеичуудын гарт өгөн, тэд биднийг алж, эсвэл Вавилон уруу цөлөхийн тулд таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв.

4 Ингээд Кареагийн хүү Иоханан, цэргийн бүх ахмадууд болон бүх ард түмэн Иудагийн нутагт үлдэхээр ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй.

5 Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу

6 эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охидыг болон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа болон Нериагийн хүү Барухтай хамт харуулын дарга Небузараданы үлдээсэн хүн бүрийг авсан бөгөөд

7 тэд Египетийн нутаг уруу орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав.

8 Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж,

9 "Гартаа том чулуунууд аваад, зарим иудейчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгонуудын зуурмаг шавар дотор тэднийг нуу.

10 Тэдэнд "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезарыг дуудан авчирч, Өөрийн нуусан эдгээр чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр өөрийн бүхээгийг тэдний дээгүүр дэлгэнэ.

11 Тэрээр мөн ирж, Египетийн нутгийг цохино. Үхэлд зориулагдсан хүмүүс үхэлд, олзлолд зориулагдсан нь олзлолд бөгөөд илдэнд зориулагдсан нь илдэнд.

12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэрээр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөрийгөө хувцсаараа ороохтой адил тэрээр өөрийгөө Египетийн нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.

13 Тэрээр бас Египетийн нутагт орших Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана"" гэж хэл" гэж айлджээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  44

1 Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,

2 "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй.

3 Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.

4 Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, "Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч" гэж хэлүүлсэн.

5 Гэвч тэд өөр бурхдад тахилуудыг шатаахгүй байхаар тэд сонссонгүй, бузар муу явдлаасаа эргэхээр чихээ ч тавиагүй.

6 Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.

7 Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?

8 Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд хараал, зэвүүцэл болохын тулд, амьдрахаар орж ирж буй Египетийн нутагт өөр бурхдад тахилууд шатаан, өөрсдийн гарын бүтээлээр юунд Намайг уурлуулна вэ?

9 Иудагийн нутагт болон Иерусалимын гудамжнуудад тэдний үйлдсэн эцэг өвгөдийнхөө хорон муу явдал, Иудагийн хаадын болон тэдний эхнэрүүдийн хорон муу явдал, өөрсдийн болон эхнэрүүдийнхээ хорон муу явдлыг та нар мартсан уу?

10 Гэвч тэд энэ өдөр хүртэл ч шаналсан ч үгүй, та нарын өмнө болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон Миний хууль, эсвэл Миний тогтоолуудаас тэд эмээсэн ч үгүй, тэдний дагуу алхсан ч үгүй" хэмээв" гэжээ.

11 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна.

12 Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.

13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.

14 Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй"" гэж айлдав.

15 Эхнэрүүд нь өөр бурхдад тахил шатааж байсныг нь мэдэж байсан бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египетийн нутагт Патрост амьдарч байсан бүх хүмүүсийг хамруулсан том чуулган Иеремиад хариулан

16 -ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!

17 Харин ч бид өөрсдөө, бидний эцэг өвгөд, бидний хаад болон бидний ноёд Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгаснаар бид өөрсдийн амнаас гарсан үг бүрийг заавал хэрэгжүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.

18 Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.

19 Бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгаж байхдаа бид өөрсдийн нөхрүүдийн мэдэлгүйгээр түүнд өөрийнх нь дүр төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгасан уу? гэцгээв.

20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүмүүст хандан

21 -Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?

22 Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.

23 Та нар тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, Түүний хууль, Түүний тогтоолууд болон Түүний гэрчлэлүүдийн дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.

24 Тэгээд Иеремиа бүх ард түмэнд, түүний дотор бүх эмэгтэйчүүдэд хандан
-Египетийн нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун.

25 Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. "Та нар болон та нарын эхнэрүүдийн хувьд, "Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргуудаа бид заавал биелүүлнэ" гээд та нар өөрсдийн амаар ярьж, өөрсдийнхөө гараар биелүүлсэн юм. Явж, өөрсдийн тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!".

26 Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. "Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм" гэж ЭЗЭН айлдаж байна. "Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар "Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая" гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.

27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.

28 Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.

29 Миний үгс та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

30 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан болоод түүний амийг эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу түүний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна" гэж хэлэв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  45

1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичиж байхад, Нериагийн хүү Барухад эш үзүүлэгч Иеремиагийн хэлсэн үг юм.

2 "Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.

3 "Чи "Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй" гэж хэлсэн билээ".

4 Чи түүнд ингэж хэлэгтүн. "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм" хэмээв.

5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө"" гэжээ.

 ИЕРЕМИА (Jeremiah)  46

1 Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг.

2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандан

3 "Бамбай болон жижиг бамбайг бэлтгэж,
тулалдаанд орохоор ойртогтун!

4 Морьдоо тэргэнд хөллөн,
мориндоо мордож,
дуулгаа өмсөөд зогс!
Жаднуудаа өнгөлөн, хайрсан хуягаа өмсөгтүн!

5 Би яагаад харав?
Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж,
арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.
Айдас тал бүрд байна!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6 Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.
Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.

7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт,
Нил мэт босож буй энэ нь хэн бэ?

8 Египет нь Нил мэт, ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм.
Тэрээр
"Би босож, нутгийг бүрхэнэ.
Би хот болон түүний оршин суугчдыг заавал устгана" гэх юм.

9 Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн,
тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод.
Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.

10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ.
Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна.
Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

11 Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав.
Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав.
Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.

12 Үндэстнүүд чиний ичгүүрийн талаар сонссон,
мөн газар дэлхий чиний орилооноор дүүрэн байна.
Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, тэд хоёул хамтдаа доош унав.

13 Египетийн нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий айлдсан үг юм.

14 "Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж,
мөн Мемфис болон Тахпанхест тунхагла.
Хэлэхдээ
"Зогсож, өөрийгөө бэлэн байлга.
Учир нь илд чиний эргэн тойрныг залгив" гээрэй.

15 Чиний хүчит эрчүүд яагаад түрүүлгээ харав?
ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.

16 Тэд дахин дахин бүдэрсэн.
Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан.
Тэгээд тэд
"Бос! Дарлагчийн илднээс зайлж,
өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё" гэжээ.

17 Тэд тэнд
"Египетийн хаан Фараон чанга шуугиан юм.
Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!" гэж хашхирчээ.

18 Түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.
"Би Өөрийн амьд буйгаар тангараглая,
уулсын дундах Табортай адил,
эсвэл тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирнэ.

19 Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд.
Учир нь Мемфис зэлүүд газар болно.
Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.

20 Египет бол сайхан охин бяруу,
харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм.
Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан.
Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

22 Дуу чимээ нь могойтой адил хөдөлж байна.
Учир нь тэд цэргүүд мэт хөдөлдөг бөгөөд
түүн уруу сүхнүүдтэй мод цавчигчид мэт ирдэг.

23 Тэд түүний ой модыг цавчив" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэд царцаанаас ч илүү олон болоод тоолшгүй олон боловч лавтайяа олдохгүй болно.

24 Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ" хэмээв.

25 Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан "Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.

26 Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

27 "Харин, Миний зарц Иаков аа, чиний хувьд, бүү ай!
Бүү зүрх алд, Израиль аа!
Учир нь хараач, Би чамайг холоос,
үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна.
Иаков буцан ирж, айлган чичрүүлэх ямар ч хүнгүйгээр амар амгалан, аюулгүй байх болно.

28 Миний зарц Иаков аа, бүү ай" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь Би чамтай хамт.
Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана,
харин чамайг Би бүрэн устгахгүй.
Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй" гэж айлдаж байна.

 ИЕРЕМИА (Jeremiah)  47

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.

2 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж,
газар нутаг, түүний бүх зүйлс,
хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна.
Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.

3 Түүний азаргануудын давхих туурайн чимээ,
морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж
гарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй.

4 Бүх филистчүүдийг устгаж,
Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.
Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.

5 Газ нь халзан болов.
Ашкелон сүйрэв.
Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?

6 Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ?
Хуйндаа эргэн ор.
Амарч, нам жим бай.

7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ?
Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ" хэмээв.

 ИЕРЕМИА (Jeremiah)  48

1 Моабын тухай.
Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.
"Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ.
Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм.
Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

2 Моаб дахин магтагдахгүй.
Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв.
"Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!"
Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно.
Та нарын араас илд дагах болно.

3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, "Сүйрэл, агуу их сүйрэл!"

4 Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав.

5 Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө.
Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.

6 Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно.

7 Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно.
Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

8 Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй.
ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно.

9 Моабт далавчнуудыг өг. Учир нь тэрээр зугтаана.
Түүний хотууд дотроо оршин суугчидгүй зэлүүд газар болно.

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай.
Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.

11 Моаб залуу үеэсээ тайван байжээ.
Тэрээр бас шавар саван дотроо үймүүлэгдээгүй байв.
Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, цөллөгт ч яваагүй.
Тийм учраас тэрээр амтаа хадгалсан бөгөөд түүний тааламжит үнэр өөрчлөгдөөгүй.

12 Тийм учраас, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, түүний сав суулгуудыг хоослон, вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13 Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.

14 Та нар "Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ" гэж яаж хэлж чадна вэ?

15 Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ.
Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.

16 "Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав.

17 Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн,
түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж,
"Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!" гээрэй.

18 Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу.
Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.

19 Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.
"Юу болсон бэ?" гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.

20 Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.
Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.

21 Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд

22 Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,

23 Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,

24 Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.

25 Моабын эвэр тастуулж, гар нь хугарав" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

26 "Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.

27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

28 Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар.
Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.

29 Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг,
түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.

30 Би түүний уур хилэнг мэднэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Гэвч энэ нь хоосон.
Түүний дэмий сайрхал юуг ч бүтээгээгүй.

31 Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно,
бүх Моабын төлөө Би хашхирах болно.
Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.

32 Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно!
Чиний мөчрүүд далайн цаанатаа хүртэл сунаж, Иазерын тэнгист хүрэв.
Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд болон усан үзмийн ургац дээр чинь буув.

33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.

34 Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.

35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд өөрийн бурхдад утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 "Тийм учраас Миний зүрх сэтгэл Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч Миний зүрх сэтгэл лимбэ мэт уйлна. Тийм учраас тэд түүний олж бүтээсэн баялгийг алдсан.

37 Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.

38 Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39 "Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно" хэмээв.

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,
тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

42 Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана.

43 Моабын оршин суугч аа,
айдас, нүх болон урхи чиний дээр байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

44 "Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно.
Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

45 "Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.
Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч,
Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав.

46 Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн хүмүүс устав.
Учир нь чиний хөвгүүд олзлогдож, чиний охид цөлөгдөн явсан.

47 Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.

 ИЕРЕМИА (Jeremiah)  49

1 Аммоны хөвгүүдийн тухай.
ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Израиль ямар ч хөвгүүдгүй юу?
Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу?
Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?".

2 ЭЗЭН тунхаглаж байна.
"Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна.
Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно.
Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.

3 "Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!
Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй.
Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

4 Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ!
"Миний эсрэг хэн ирэх юм бэ?" гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.

5 Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
"Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан,
оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.

6 Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 Едомын талаар.
Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?
Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?
Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар.
Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.

9 Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол, тэд усан үзэм үлдээхгүй гэж үү?
Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол, тэд хангалттайгаар сүйтгэх байхсан.

10 Харин Би Есавыг нүцгэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол
Би түүний нууц газруудыг сөхсөн юм.
Түүний үр удмууд садан төрөл болон хөршүүдийнх нь хамт устгагдсан бөгөөд тэр үгүй болсон.

11 Өнчрөгсдөө ардаа орхи, Би амьд үлдээнэ.
Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь Надад итгэж найдаг" хэмээв.

12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал уух бөгөөд чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн гэж үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно.

13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Түүний бүх хотууд үүрдийн балгас болно" хэмээв.

14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд
"Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!" гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

15 "Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,
хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.

16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,
толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.
Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.

18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.

19 "Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв.

20 Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.

21 Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.

22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.

23 Дамаскийн талаар.
"Хамат болон Арпад нар ичгүүр болов.
Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.
Тэдний зүрх мохов.
Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.

24 Дамаск дорой болжээ.
Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.
Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

25 Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!

26 Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,
бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

27 Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд
тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.

28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.

29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.
Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,
өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ
"Тал бүрээс айдас!" гэж хашхиралдах болно.

30 Гүй, зугт!
Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.

31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Түүнд ямар ч үүд, түгжээ алга.
Зөвхөн тэд л амьдардаг юм.

32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд
булангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана.
Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33 "Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно.
Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" хэмээв.

34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг

35 "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.

36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирч,
тэднийг эдгээр бүх салхинд тараана.
Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно.

37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана.
Би тэдний дээр гай гамшгийг,
Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

38 Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж,
тэндээс хаан болон түшмэдийг устгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

39 "Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно" хэмээв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

 ИЕРЕМИА (Jeremiah)  50

1 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.

2 "Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.
Үүнийг тунхаглаж, туг өргө.
Түүнийг бүү нуу,
"Вавилон олзлогдлоо,
Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан.
Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ".

3 Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!

4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд, мөн Иудагийн хөвгүүд ч гэсэн ирнэ. Тэд уйлсаар явах бөгөөд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг тэд эрэлхийлэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6 Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ.
Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.
Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.
Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.

7 Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив.
Тэдний дайснууд "Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй" гэж хэлжээ.

8 Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв.
Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.

9 Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд
тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна.
Тэндээс тэрээр олзлогдох болно.
Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.

10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно.
Түүнийг тоногч бүгд ханах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 "Миний өв залгамжлалыг тоногчид оо,
та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,

12 эх чинь ихэд ичиж, чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.
Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, цөл, гандаж хатсан газар, зэлүүд газар болно.

13 ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй,
харин тэрээр бүрэн эзгүйрэх болно.
Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.

14 Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа.
Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.

15 Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө!
Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав.
Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав.
Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.

16 Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст.
Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,
өөрийн нутаг уруу зугтах болно.

17 Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.

18 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.

19 Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.

20 Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 Мератаимын нутгийн эсрэг,
түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.
Тэднийг алж, бүр мөсөн устга" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.

22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.

23 Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!
Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!

24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд
өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.
Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа".

25 ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож,
Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа.
Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.

26 Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир.
Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.

27 Түүний бүх залуу бухыг илдэнд өг.
Тэднийг нядлуулахаар явуул!
Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу
Түүний сүмийн төлөө өшөө авалтыг
Сионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.

29 Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд.
Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга.
Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.
Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.
Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.

30 Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж,
түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31 "Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,
Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
"Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.

32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.
Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно".

33 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.
Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.

34 Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.
Тэрээр газар дэлхийд амралтыг,
харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд
тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35 Халдеичуудын эсрэг,
Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түүний мэргэдийн эсрэг илд ирнэ!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 "Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!
Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!

37 Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөд
тэд эмэгтэйчүүд болно!
Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.

38 Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!
Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд
тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.

39 Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.
Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд
тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,
эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40 Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шиг
тэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

41 "Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд
агуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.

42 Тэд нум жад барьдаг.
Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй.
Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.
Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.

43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина.
Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.

44 Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв.

45 Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.

46 "Вавилон олзлогдлоо!" гэж хашхирахад, газар хөдөлж, үндэстнүүдийн дунд хашхираан сонсогдоно.

 ИЕРЕМИА (Jeremiah)  51

1 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.

2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд
Би Вавилон уруу харийнхныг явуулах болно.
Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

3 Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг.
Түүний залуусыг бүү амьд үлдээ.
Түүний бүх цэргүүдийг устга.

4 Тэд халдеичуудын нутагт алагдаж,
гудамжнуудад нь цоо хатгуулж унана" хэмээв.

5 Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн
Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.

6 Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа!
Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр.
Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.

7 Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв.
Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ.
Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.

8 Вавилон гэнэтхэн унаж нурав.
Түүний дээр уйл!
Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.
Тэрээр эдгэрч магад.

9 Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй.
Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая.
Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.

10 ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав.
Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!

11 Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!
Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.
Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.

12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.
Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул!
Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв.

13 Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.

14 Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав.
"Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд
тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно".

15 Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгож,
Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Нэгэн нь Өөрийн оюун ухаанаар тэнгэрүүдийг тэлсэн билээ.

16 Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд
Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг.
Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

17 Бүх хүн төрөлхтөн мунхаг ба мэдлэггүй.
Алтны дархан бүр өөрийн шүтээнээр ичгүүр болно.
Учир нь түүний цутгамал хөргүүд худал хуурмаг бөгөөд
тэдний дотор амьсгал байдаггүй.

18 Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.
Шийтгэлийнхээ цагт тэд устана.

19 Иаковын хувь нь эдгээртэй адил биш.
Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм.
Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.

20 "Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг.
Чамаар Би үндэстнүүдийг нураадаг,
чамаар Би хаанчлалуудыг устгадаг.

21 Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг,

22 чамаар Би тэрэг болон түүнийг хөлөглөгчийг нураадаг,
чамаар Би эрэгтэй болон эмэгтэй хүнийг нураадаг,
чамаар Би хөгшин хүн болон залуусыг нураадаг,
чамаар Би залуу хүн болон онгон охиныг нураадаг,

23 чамаар Би хоньчин болон хонин сүргийг нь нураадаг,
чамаар Би тариачин болон буулгатай үхрийг нь нураадаг бөгөөд
чамаар Би захирагчдыг болон удирдагчдыг нураадаг юм.

24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

25 "Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа,
үзэгтүн, Би чиний эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.

26 Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй.
Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

27 Нутагт дохио тэмдэг босгож,
үндэстнүүдийн дунд бүрээ үлээ!
Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга,
түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул.
Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир.

28 Түүний эсрэг үндэстнүүдийг,
медечүүдийн хаадыг, тэдний захирагчдыг,
тэдний удирдагчдыг болон тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.

29 Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна.
Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.

30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв.
Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна.
Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.

31 Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар нэг зарлага нөгөөтэй уулзахаар,
нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.

32 Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд
тэд намаг балчгуудыг галдан шатаав.
Дайчид айцгаав.

33 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.
"Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм.
Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ" хэмээв.

34 "Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан.
Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив.
Тэр намайг мангас мэт залгив.
Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв.
Тэр намайг бөөлжиж гаргав.

35 Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай" гэж Сионы оршин суугч хэлэх болно.
"Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай" гэж Иерусалим хэлэх болно.

36 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна.
Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.

37 Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,
оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.

38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.

39 Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж,
тэднийг баярлуулан хөөргөж,
үүрдийн нойроор нойрсуулж,
сэрээхгүйн тулд тэднийг согтооно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

40 "Би тэднийг хурганууд мэт,
хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.

41 Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!
Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо!

42 Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ.
Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.

43 Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд
ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.

44 Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана.
Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино.
Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

45 Миний хүмүүс ээ, түүний дундаас гарч ирцгээж,
хүн нэг бүр чинь ЭЗЭНий ширүүн уураас өөрсдийгөө авар.

46 Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун.
Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ,
удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.

47 Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.
Түүний бүх газар нутаг ичгүүр болж,
бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

48 Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно.
Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

49 Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.

50 Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!
Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,
Иерусалим чиний бодол санаанд орог.

51 Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна.
Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв.
Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.

52 "Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд
үхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

53 "Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч,
тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч,
Надаас устгагчид түүн уруу ирэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

54 Вавилоноос хашхирааны,
халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!

55 Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөд
Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.
Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.
Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.

56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд
түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно.
Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

57 "Би түүний ноёд, түүний мэргэд,
түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно.
Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.

58 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна.
Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно".

59 Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв)

60 Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив.

61 Тэгээд Иеремиа Сераиад
-Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгсийг чангаар уншиж,

62 "ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, ямар ч зүйл тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно" гэж хэлэгтүн.

63 Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяад, түүнийг Евфрат мөрний гол уруу шидээд,

64 "Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно" гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

 ИЕРЕМИА (Jeremiah)  52

1 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эх нь Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг нэртэй байв.

2 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүхэн шиг ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.

3 Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв.

4 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов.

5 Ийнхүү Зедекиа хааны арван нэг дэх жил хүртэл хот бүслэлтэнд байв.

6 Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв.

7 Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.

8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.

9 Тэгээд тэд хааныг олзолж, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан уруу аваачсан бөгөөд тэрээр түүнийг яллажээ.

10 Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ.

11 Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.

12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.

13 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.

14 Ингээд харуулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав.

15 Дараа нь харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ.

16 Харин харуулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.

17 ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл багананууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.

18 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ.

19 Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан.

20 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.

21 Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.

22 Түүний дээр баганын хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв.

23 Ерэн есөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.

24 Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.

25 Тэрээр бас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ.

26 Харуулын ахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив.

27 Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.

28 Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд,

29 Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,

30 Небухаднезарын хорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.

31 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав.

32 Дараа нь тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив.

33 Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов.

34 Учир нь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.

 

#@#